|

НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫН ХУВИЙГ НЭМЭГДҮҮЛЬЕ

НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫН ХУВИЙГ НЭМЭГДҮҮЛЬЕ

 

2016 оны нэгдүгээр сарын 1-ээс НӨАТ тухай хууль шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлсэн. НӨАТ-ын шинэчилсэн хуулийн дагуу иргэд QR кодтой баримтаа цуглуулан бүртүүлж, сар бүрийн сугалаанд оролцох боломжтой. Харин жилийн эцэст бүтэн жил цуглуулсан НӨАТ-ын буцаан олголтын хувиа авахаар хуульчилсан байгаа.

Хүн бүхэн санхүүгийн тооцоогоо хийж чаддаг болох, өрхийн төсвөө хөтөлдөг, худалдан авалтаа тооцох, жилийн эцэст авах хувиа урьдчилж  тооцоолох зэргээр санхүүгийн боловсролоо дээшлүүлэх нөхцөл бүрдэх  юм. Мөн борлуулалт хийж байгаа хүмүүсийн хувьд орлогоо нуух боломжгүй болно  гэсэн үг. Энэ нь Монгол Улсын  эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, сүүдрийн эдийн засаг багасах сайн талтай хэмээн албаныхан дүгнэж байгаа. НӨАТ-ын хууль хэрэгжсэнээр өнгөрсөн жил татварын орлого нэмэгдсэн сайн мэдээтэй. Тодруулбал, Татварын алба 2017 оны эхний 7 сард улсын төсөвт 1570.7 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлсний 24.1 хувь буюу 378.7 тэрбум төгрөгийн орлого нэмэгдсэн өртгийн албан татвараар төвлөрсөн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийн 290.7 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын гүйцэтгэлтэй харьцуулахад 88.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн тоон үзүүлэлт юм. Нэг үгээр эдийн засгийн хямралтай энэ үед НӨАТ-ын шинэчилсэн хууль сайн үр дүнгээ өгсөн гэсэн үг.  Үүнээс үүдэн албаныхан НӨАТ-ын тухай хуулийг хэрэгжүүлээд эдийн засгийн хямралаасаа гарсан сайн жишээг ч дуулгах байгаа харагдах. 

Хамгийн сүүлд буюу өнгөрсөн сард явагдсан сугалаагаар  500 сая төгрөгийн супер азтан нэг тодорсон.  Үүнийг даган НӨАТ-ын системийн урамшуулал олгох тогтолцоог  шүүмжилж байгаа юм.

Учир нь НӨАТ-ын шинэ хуулийг хэрэгжүүлэх явцдаа сугалаагаар урамшуулал олгох нь иргэдийн амьжиргаанд бодит дэмжлэг болно хэмээн  албаныхан хэлж байсан. Гэвч хууль хэрэгжээд хоёр жилийн нүүрийг үзэх гэж байхад  20 мянган төгрөг ч хожоогүй иргэд олон байна. 

Хууль нэгэнт үр ашгаа өгч, амжилттай хэрэгжсэн. Иймээс иргэд сугалаанд найдахаас илүүтэй хувь хүнд олгох буцаан олголтын хувиа нэмэгдүүлэх нь илүү зохистой гэдгийг хэлж байна. Одоогоор хувь хүн баримтаа бүртгүүлснээс ирэх жилийнхээ эхэнд хоёр хувиа буцаан авдаг. Энэ бол иргэдийн хувьд чамлалттай тоо. Иймээс азанд найдахаас илүү өөрийн бүртгүүлсэн баримтаар НӨАТ-ын хувиа нэмэгдүүлэн авах нь илүү үнэнд ойрхон юм.
 
П.ГОО 
Оллоо.мн