|

Ирээдүйн өмнө бидний хүлээж буй үүрэг бол хэмнэлт

Ирээдүйн өмнө бидний хүлээж буй үүрэг бол хэмнэлт

Дэлхийн хүн ам 1600 онд ердөө нэг тэрбум байсан бол 1900 онд гурван тэрбум, 2000 онд зургаан тэрбум, 2012 онд долоон тэрбум болтлоо өсчээ. Хэрвээ энэ өсөлтөөр үргэлжилбэл 2030 он гэхэд найман тэрбум, 2050 онд 10 тэрбум болж нэмэгдэх хандлагатай байна. Энэ бол дэлхийн хүн амын судалгааны байгууллагаас гаргасан тооцоо. Одоогоор хүн төрөлхтөн дэлхийн байгалийн нөөц баялгийн 70 гаруй хувийг хэрэглээд байна гэсэн үзүүлэлт бий. Нийт ашиглаад буй нөөцийн 80 гаруй хувийг сүүлийн 100-хан жилийн дотор хэрэглээд амжжээ. Энэ бол маш аймшигтай үзүүлэлт. Удахгүй дэлхий хэмээх бидний цэнхэр гараг хүн төрөлхтөнийг багтааж, шингээж дийлэхгүй хэмжээнд хүрэх нь ердөө л цаг хугацааны асуудал болжээ. 

 
Хүмүүстэй хамт өсөн нэмэгдэж буй өөр нэг зүйл нь хог юм. Ахуйн хог хаягдлыг бууруулахгүй, энэ маягаар явбал 2100 он гэхэд дэлхийд одоогийнхоос гурав дахин их хог хаягдаж, өдөрт л 11 сая тонн хог гарах талаар эрдэмтэд урьдчилан тооцоолсныг "Nature” сэтгүүл онцолжээ. Энэ нь хотжилттой холбоотой юм. Өөрөөр хэлбэл 1900 онд 220 сая хүн (энэ нь дэлхийн хүн амын 13 хувь) хотод амьдардаг байсан. Энэ үед өдөрт 300 мянган тонн хог хаягддаг байсан бол 2000 онд 2.9 тэрбум хүн хотод амьдарч (энэ нь дэлхийн хүн амын 49 хувь) өдөрт гурван сая тонн хог байгальд хаягдах болжээ. Ийм байдлаар үргэлжилбэл 2025 он гэхэд өдөрт долоон сая тонн хог хаягдах магадлалтай. Өөрөөр хэлбэл бид амьдарч буй гэрээ гишгэх газаргүй болтол нь хогоор дүүргэж байна гэсэн үг. 
 
Нэгэнт цаг хугацаа бидний эсрэг үйлчилж байгаа энэ үед мухардлаас гарах арга замыг дэлхийн эрдэмтэд янз бүрээр тайлбарласан байдаг. Хүн төрөлхтөн дэлхийгээс ойрын 30 жилийн дотор нүүж эхлэх ёстой. Ийм дүгнэлтийг Их Британий нэрт эрдэмтэн Стивен Хокинг Норвегийн Тронхейм хотод болсон эрдэм шинжилгээний хурлын үеэр хэлжээ. Тэрээр "Хүмүүс дэлхийг орхин явах нь зүйтэй гэдэгт би итгэлтэй байна. Энэ гараг бидний хувьд дэндүү жижигхэн болжээ. Дэлхийн нөөц, эх үүсвэр маш хурдан шавхагдан хоосорч байна. Өмнө нь хүн төрөлхтөнд иймэрхүү хямрал тохиолдож байсан ч шинээр суурьшин амьдрах нөөц газар байсаар ирсэн билээ. Колумб шинэ дэлхийг 1492 онд нээснээр шинэ суурьшлыг бий болгосон. Харин одоо бидэнд суурьших шинэ газар байхгүй. Дэлхий хүмүүст хэтэрхий давчуу орон зайтай болж байна, тиймээс бидний явж болох цорын ганц газар бол өөр гарагууд” гэж хэлжээ. Мөн тэрбээр "Сансрын судалгааг хөгжүүлэх нь хүн төрөлхтний ирээдүйг эрс өөрчлөөд зогсохгүй ерөөсөө хүн төрөлхтөнд ирээдүй бий юу гэдгийг тодорхойлох гол хүчин зүйл болж магадгүй” хэмээн дүгнэжээ.
 
Харин эрдэмтдийн ярьж буй өөр нэг гарц нь улс үндэстнээсээ эхлээд хувь хүн хүртлээ хаа хаанаа хэрэглээгээ багасгаж, хог хаягдлаа дахин боловсруулж ашиглах юм. Өндөр хөгжилтэй орнууд нарийн технологийнхоо ачаар 2050 оноос нөөцийг зүй зохистой ашиглаж эхэлнэ гэж судлаачид таамагласан байна. Тухайлбал, Япон улс импортын бүтээгдэхүүнд өндөр татвар тогтоож, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлсний дүнд АНУ-ын нэг хүнд оногдох хогноос гурав дахин бага хаягдал гаргаж байна. Хог хаягдлаа багасгах нь нэг хэрэг, харин хэрэглээгээ багасгах нь өөр асуудал юм.
 
Улс үндэстний хэмжээнд авч үзвэл хамгийн их хэрэглээтэй ард түмнээр мэдээж АНУ нэрлэгдэнэ. Байгалийн нөөцөөс хэрэглэдэг тэдний жилийн хэрэгцээ нь Мозамбек, Малави, Непал зэрэг орноос даруй 10-15 дахин их байдаг. Өөрөөр хэлбэл дэлхийн бүх улс Америк шиг хэрэглээтэй байсан бол бидэнд 4-5 дэлхий шаардлагатай. АНУ дэлхийн хүн амын таван хувийг эзлэдэг мөртлөө дэлхийн нийт нөөцийн 24 хувийг дангаар ашигласан байна. Нийт хүлэмжийн хийн ялгаруулалтын 17 хувийг мөн л тус улс дангаараа ялгаруулж, дэлхийн дулааралд жинтэй хувь нэмэр оруулж байна.
 
Бид ч гэсэн байгалийн нөөц баялгийг ашиглагчдын нэг нь. Ерөөс хүн гэдэг амьтан хором, мөч бүхэндээ байгалийн нөөцөөс ашиглаж байдаг. Та миний нийтлэлийг уншиж байхдаа ч амьсгалаж нөөцөөс ашиглаж суугаа. Тэгэхээр бид үр хойчдоо ирээдүйг нь үлдээхийн тулд нөөц баялгаа хэмнэж амьдрах нь хамгаас зөв гарц болоод байна. Хүмүүс бидний хэрэглээний гол эх үүсвэр нь байгалийн материал бөгөөд материал нь таны хэрэгцээнээс хамаарч өдөр тутамд багасдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. 
Энэ нь дэлхийн долоон тэрбум хүний нэг хэсэг болсон гурван сая монголчууд бидэнд ч хамаатай. Монгол орны үзэсгэлэнт байгаль харьцангуй онгон дагшин хэвээр байгаа ч уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны нөлөөллөөс байгаль маань улам доройтож байна. Тиймээс бид эх дэлхийдээ ээлтэй хөгжлийн алхаанд хөл нийлүүлэх зайлшгүй шаардлага тулгарчээ. Бидний өдөр тутмын амьдралд ус, эрчим хүч, цаасаа хэмнэх, гялгар уутны хэрэглээгээ багасгах, орчин тойрноо цэвэрлэж, хоол хүнсний хаягдлаа багасгах, ажил руугаа алхаж очих, дугуй унах, хог хаягдлаа ангилан ялгах гэх мэтээр өнөөдрөөс эхлэн хийж, хэвшүүлэх энгийн атлаа эх дэлхийдээ оруулах том хувь нэмэр бүхий олон ажил бий.
 
Тийм учраас хүн бүрийг өөрөөсөө эхлэн өөрчлөгдөж, байгаль эх дэлхийнхээ төлөө хэмнэлттэй хэрэглээг хэвшүүлж, амьдрахыг уриалж байна. Ядаж л та дэлгүүрээс гялгар уут худалдан авахгүй, хогоо ил задгай хаяхгүй байх нь нөөцийг хэмнэж буй энгийн алхам юм.
Монголчуудын хувьд минималист буюу хэмнэлттэй хэрэглээг эртнээс мөрдөж ирсэн ард түмэн. Өдөр тутмын нийгмийн харилцаанд нь энэ үзэл нэвт шингэсэн байдаг. Ганцхан жишээг дурдахад, намайг бага байхад өвөө, эмээ маань үргэлж босгон дээр гишгэвэл нүгэл хэмээн цээрлэдэг байлаа. Ямар учиртайг нь мэдэхгүй ч тэр ёсыг дагадаг байв. Гэтэл энэ нь ой модоо хайрлах өвгөдийн арга ухаан байжээ гэдгийг хожим мэдсэн юм. Өөрөөр хэлбэл хүн бүхэн гэрт орох, гарахдаа босгон дээр гишгээд байвал дорхноо мод нь элэгдэж, дахин солих шаардлагатай болно. Нөгөө талаас хаалганы эдэлгээний насанд ч сөргөөр нөлөөлнө. Ийм л учиртай байж. Нүүхдээ ч хүртэл бид чинь бууриндаа ширхэг ч хог үлдээлгүй бүгдийг цэвэрлээд явдаг уламжлалтай. Өмсөж буй дээл нь хүртэл хөнжил, гудас гээд олон төрлөөр ашиглаж болдог. Энэ бол минималист сэтгэлгээ юм. Энэ бол өмсөх дээл, тайрах модгүй дээ биш, үр хойчдоо байгалийн нөөцөө үлдээх гэсэн өвгөдийн ухаан байжээ. 
 
Өнөөдөр таниас амьдралдаа бүх зүйлээрээ сэтгэл хангалуун байна уу? гэж асуувал ихэнх нь үгүй гэж хариулна. Эсвэл хамгийн сүүлд нээлтээ хийсэн "Iphone X” утсыг худалдаж авбал, "Louis Vuitton”-ний 20 ширхэг цүнхтэй болчихвол сэтгэл тань ханах уу. Энэ асуултыг дэлхийн хамгийн баян Билл Гейтсээс асуувал мөн л үгүй гэх болов уу. Тэгвэл сэтгэл хангалуун байхын хэмжүүр гэж юу вэ. Энэ бол ердөө л байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдрах юм. 
 
Биднийг төрсөн цагаас эхэлж телевиз, радио, сонин, сэтгүүл, зарлал, веб сайтаар илүү ихийг авахыг уриалж, нэг ёсондоо "тархи угаадаг”. Үүний үр дүнд бид хамгийн том байшин, хамгийн гоё машин, хамгийн загварлаг хувцас, хамгийн үнэтэй технологиудыг өөрийн болгохыг амьдралынхаа зорилго болгодог. Үүнийгээ бид өөрсдөө ч анзаарах сөхөөгүй байсаар нэг мэдэхэд мөнгөгүй нэг нь зээл авч, мөнгөтэй нэг нь олон сая төгрөгийг ийм зүйлд зарцуулсан байдаг. Гэтэл эцсийн дүнд аз жаргал гээчийг дэлгүүрээс худалдаад авчихаж болдоггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ минималист амьдарна гээд ноорхой хувцас өмсөөд, харуулын цамхаг шиг гэрт амьдар гэсэн үг биш. Ердөө л өдөр тутмын хэрэглээндээ байгалийн нөөцийг бага ашиглаад амьдрах л ойлголт юм. Ядаж л өмсдөг хувцаснаасаа эхэлж болно шүү дээ. Судалгаагаар хүмүүс хувцасныхаа ердөө 20 хувийг байнга ашигладаг байна. Шүүгээгээр хэрэгтэй, хэрэггүй дүүрэн хувцас байдаг ч бид хэзээ нэгэн цагт өмсөнө гэж бодсоор, хадгалсаар байдаг. Зүгээр л хэрэглэхгүй байгаа хувцсаа гаргаад орон гэргүй, ядарч зүдэрсэн хүмүүст бэлэглээд хувцасны шүүгээгээ саруул болгочихвол магадгүй өглөө сэрэхдээ өөртөө хэзээ ч авч байгаагүй сэтгэл ханамжийг авч мэдэх юм. 
 
Хүүхэддээ авч өгдөг тоглоом ч үүнд хамааралтай. Бид илүү олон, илүү их байх тусам сайхан гэдэг нөгөө л сэтгэхүйгээрээ хүүхэддээ хандсаар нэг мэдэхэд дэндүү олон тоглоом аваад өгчихсөн байдаг. Үүний дүнд та хүүхдийнхээ хүрээлэн буй орчноосоо суралцах боломжийг нь үгүй хийж байдаг. Хүний хүүхэд насандаа эзэмших ёстой бүтээлч сэтгэлгээ, бусадтай хуваалцах чанар, тусархуу зан зэргээс суралцах хугацаа нь холдсоор байдгийг санаарай. Энэ утгаараа цөөхөн тоглоом таны хүүхдэд илүү ач тустай. Бүр цаашлаад хүүхэддээ тоглоомыг нь өөрөө хийж өгвөл бүр сайн. Тоглох тоглоом нь цөөхөн байх тусам хүүхэд тэдгээрийг илүү их хайрладаг байна. Зурагт, гар утас үзэх цагаа ч хэмнэх нь чухал. Судалгаагаар хүмүүс өдөрт дунджаар 4 цаг 35 минутыг ямар нэгэн дэлгэц ширтэж өнгөрөөдөг болохыг тогтоожээ. Дэлгэц рүү ширтэж өнгөрүүлдэг цагаа багасгаж чадвал ном унших, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг төдий чинээ танд гарна.
 
Сүүлийн жилүүдэд алдар нэр, амжилтын эзэд болсон хүмүүс минималист болох хандлагатай болжээ. Мартин Лютер Кинг, Нельсон Мандела, Эрнестэ Чегавара зэрэг хувьсгалчид минималистууд байжээ. Мөн Стив Жобс, Марк Зукерберг, Сергей Брин, Жэк Ма зэрэг технологийн салбарын тэргүүлэгчид ч энэ ангилалд хамаарна. Тэд аж ахуйн асуудал, хувцас хунарт цаг үрэхээс илүү хүн төрөлхтөнд өөрийн хувь нэмрээ оруулах ёстойг ойлгосон хүмүүс юм.
Тэгэхээр бид ч мөн өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж, хэрэггүй зүйлд цаг хугацаа, мөнгө, үнэт зүйлсээ зарцуулахаа зогсоож, хэмнэлттэй амьдралыг эрхэм болгож, үр хойчдоо байгалийн баялгаа үлдээж, өвлүүлэх хэрэгтэй гэдгийг энд дахин тэмдэглэе. Энэ бол ирээдүйн өмнө бидний хүлээж буй үүрэг.
 
 
Ахлах дэслэгч М.МӨНХЗОРИГ
Эх сурвалж: "Соёмбо" сонин