|

Хүүдээ учирлаж хэлэх үг

Хүүдээ учирлаж хэлэх үг

 

Ѳргѳн уулсын бэлээс алгуурхан хѳѳрѳх манан шиг хѳвсийж, ѳндѳр уулын хэцээс тэнгэрт дүүлэх бүргэдийг харж суугаа бардамхан үр минээ. Алганд минь багтаж асан бие тань сүрлэг уулс шиг ханхайж, амандаа хүлхэхэд минь багтаж асан хѳл тань дэлхийн хѳрсийг тамгалж яваа хүү минь анхаарч аавыгаа сонс, хэлэх үг байна.


Тѳрѳхѳд чинь тосч авсан хѳрст шороо хатуухан, ѳсѳхѳд тань ивээж байсан наран дулаахан, ѳтлѳхѳд нь ухааныг тань тэлэх учирлууд зѳѳлхѳн, энэ амьдралын цаг хугацаа дэндүү богинохон. Ухаарч амжаагүй байхад тань, гомдож дуусаагүй байхад тань, учирлаж хэлээгүй байхад тань энэ амьдрал зогсох тохиолдол зѳндѳѳ.

Тэгэхээр ѳнѳѳдѳр чамд наран мэт гэрэлтэн ирж буй энэ амьдралд, ѳглѳѳ нь суниан босч, үдэш нь мишээн зүүдлэх амьдралын хором мѳч бүхэнд хайртай бай. Ѳнѳѳдѳр амьдраад маргааш үхэж магадгүй энэ амьдралд шунан дурла. Сэтгэлийн чанадаасаа чамтай хамт байгаа бүх хүмүүст баярлан талархаж бай, тэднийг баярлуул, гомдоосон бол уучлал гуй, гомдсон бол уучил, зүгээр л тэдэнтэй хамт байсан мѳч бүхнийхээ тѳлѳѳ тэдэнд таларх.

Учир нь тэдэнтэй маргааш, эсвэл хэзээ ч уулзахгүй байж мэднэ. Дэндүү олон хүн тѳрж, дэндүү олон хүн энэ хорвоогоос явж байгаа болохоор учрал болгон тохиолдлынх биш. Зѳвхѳн чамтай учрах гэж энэ хорвоод ирсэн ч юм бил үү, хэн мэдлээ.

Миний бууралтсан үсийг харж хааяадаа ѳрѳвдѳх, чамайг тѳрѳхѳд энэ л янзаараа байсан юм шиг тоомжиргүйхэн анзаарах үр минээ. Ѳѳрийнхѳѳ үрийг харахдаа сэтгэлийн хайланг эдэлж, ѳвдѳхѳд нь түнэр харанхуйд сэтгэлдээ гэрэл асааж, жаргал зовлонгийн дэнсийг ѳѳрийн сэтгэлийн багтаамжаар хэмжиж яваа хүү минь аавыгаа анхаарч сонс, хэлэх үг байна.

Чамайг энэ ертѳнцѳд мэндлэхэд аав нь яг л чам шиг хайрлан үярч байсан юм шүү. Ѳвдѳхѳд тань хамтдаа ѳвдѳж, ѳрѳѳл бусдаас ѳндгѳѳ харамласан бүргэд шиг догширч, ѳѳрийн тань нулимсыг зүрхээ шархируулан байж арчдаг байсаан. Яг л ѳнѳѳдрийн чам шиг.

Хайр гэдгийг сэтгэлээ дэврээн байж, цусаа буцалган байж, зүрхээ сугалан байж ѳѳрѳѳ мэдэрдэг байсан үе зѳндѳѳ. Хүү минь энэ амьдралд бусдыг чин сэтгэлээсээ хайрлаж бай. Бүсгүй заяаных нь ѳмнѳ сѳгдѳн сууж, эрхлэх аашных нь ирийг даран байж, гагц чинийх л байх тавилангийнх нь тѳлѳѳ аргадан учирлан хайрлаж бай.

Заримдаа тэсгэл алдан хашгирмаар байвч үгээ залгиж, хааяадаа алгадаад авмаар тэвчээр алдавч гараа атган буулгаж, зүгээр л нүд рүү нь харж байгаад нулимсыг нь хурууныхаа ѳндгѳѳр арчиж, бачимдаж мэгшсэн сэтгэлийг нь цээжиндээ тэврэн аргадаж бай. Үүний тѳлѳѳ чи дотроо багтравч, амьдрал үүний тѳлѳѳ чамайг хязгааргүй их хайраар шагнадаг юм. Тэвчээр алдан тасалсан нэгэн чагтага чиний амьдралыг үүрдийн харамсалд хүлэх нь бий.

Зүгээр л энэ амьдралыг амархан юм шиг санаж, чамайг бүтээсэн биднийгээ ѳрѳвдѳнгүй харцаар харж, заримдаа биднээс тѳвѳгшѳѳж, хааяахандаа биднийгээ сургамжлан учирлах үр минээ. Ид залуу нас эрхэмсэг гоо үзэсгэлэн, ир бяр, ид хав бүхэндээ бардамнан яваа хүү минь аавыгаа сонс, чамд хэлэх үг байна.

Чиний энэ бардамхан насан дээр бид яг л чам шиг явсан юм аа. Сайхан залуу насаараа гоёж, сархадын халуунд агсамнаж, бүсгүйчүүдийг уяраан нэгэн нэгэн шѳнийн жаргалд тэчъяадаж, дур голохгүй залуу насыг дуу хуур шиг эгшиглүүлж явсан үе зѳндѳѳ.

Гэхдээ л нэгэн цагт эдийн шунал, мунхаг тачаал, эдлэх хѳрѳнгѳ, эрх мэдлийн сагсуурал бүхэн ѳѳрийн гэсэн хэм хэмжээтэй болохыг ойлгодог юм. Зүгээр л эгэл жирийн байж болох амьдралыг хэм хэмжээнээс давсан шунал тачаалаас болж зовлон болгон хувиргадагийг мэднэ. Зовлон бүхэн тарчлаааныг авч ирнэ. Тарчилсан дотоод сэтгэлийн хашгирааныг хэн ч үл сонсоно. Чи хичнээн хашгирлаа гээд цаг хугацаа чамайг уучилдаггүй.

Тэр их хѳрѳнгѳ, шунал тачаалыг хэн ч авсандаа аваад орж чаддаггүй болохоор чиний амьдрал ямар ч утга учиргүй байсныг чи зѳвхѳн үхэхийнхээ ѳмнѳ л ойлгон харамсана. Гэтэл чи юуг ч ѳѳрчлѳх боломжгүй. чи юу ч хийж чадахгүй, чи хэнд ч юу ч гэж учирлаад нэмэргүй болох цагт чиний амьдрал ямар ч утга учиргүй, хов хоосон зүйл байсныг ойлгоно, гэхдээ чиний ухаарал хожимдсон байна.

Миний энэ л амьдралын гэрч бас үргэлжлэл болох хүү минээ. Амьдралд тань оролцмооргүй байна, чамайг ѳмѳѳрч, эсвэл гомдоомооргүй байна. Энэ амьдралын эзэн нь чи ѳѳрѳѳ. Чамтай хамт байж сайн муу бүхнийг тань эдэлж, чиний ѳмнѳѳс шийдвэр гарган алдаа оноо бүхний тань шалтаг нь болмооргүй байна. Чамайг хѳлд ороход тань тэврэлгүй "Аавын хүү алхаарай алхаарай” хэмээн гараа сунган холдоод байсан шиг холдоод л баймаар байна.

Бүдчиж уначихаад над руу гараа сунган уйлалгүй, ѳѳрѳѳ босоод дахиад алхахыг тань хармаар байна. Яагаад гэвэл чи миний хүү. Чиний судсанд миний цус гүйж байгаа болохоор аав нь хүүдээ итгэж байгаа. Чиний амьдралын жолоо зѳвхѳн чиний гарт л байгаа. Хэрхэн жолоодохыг чамаас ѳѳр хэн ч мэдэхгүй.

Аав нь энэ ертѳнцѳд бардам амьдарсан шиг миний хүү тэгж амьдраасай хэмээн би хүсч байна. Тэгж гэмээ нь би авсанд орохдоо үл мэдэг инээмсэглэх болноо. Харин хүү минь үйлж болохгүй. Нулимсаа залгиад хэцийн ѳндрѳѳс дүүлэн нисэх бүргэд рүү хараарай. Тэнд хязгааргүй бас бардам оршихуй байдаг юм даа.

 2017-11-13

Нийтлэлч Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах