|

Автотээврийн үндэсний төвийн хоёр албан тушаалтныг АТГ-аас баривчилжээ

 Автотээврийн үндэсний төвийн хоёр албан тушаалтныг АТГ-аас баривчилжээ

Автотээврийн үндэсний төвийн хяналтын хэлтсийн дарга К.Айдос, Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр нарыг АТГ-аас өчигдөр баривчилсан талаар баттай эх сурвалж мэдээллээ. АТГ-аас энэ талаар тодруулахад "Прокурорын зөвшөөрөлгүй ямар ч мэдээлэл өгөх боломжгүй” хэмээлээ. Тэднийг ямар хэрэрг холбогдуулж ийн баривчилсан нь одоогоор тодорхойгүй байна.

Автотээврийн үндэсний төвийн хяналтын хэлтсийн дарга К.Айдос бол хэдхэн жилийн өмнө Монгол Улсын их сургуулийг төгссөн залуухан боловсон хүчин юм. Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярыг бид саяхан болсон нэгэн үйл явдлаар нь таних болсон. Тодруулбал өнгөрсөн есдүгээр сарын 23-наас 27-ны өдрүүдэд ӨМӨЗО-ы Хөх хотод Монгол-Хятадын үйлдвэрлэгч, худалдаалагчдын экспо болж өндөрлөсөн. Энэхүү экспод Монголын талаас төрийн болон хувийн хэвшлийнхэн өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон юм. Түүн дотор Монголын морин спорт уяачдын холбооноос 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг багтаж, "Эрдэм транс" ХХК-ийн автобусаар явж тус үзэсгэлэнд оролцоод ирсэн байдаг.

Тэд буцах замдаа буюу есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 1-нд шилжих шөнө Замын-Үүдээс Сайншандын чиглэлд зорчихдоо автобусанд нь дайгдсан охиныг гэгээн цагаан өдөр хоргоосон учир Сайншандын цагдаагийн хэлтэст дөрвөн цаг байцаагдсан талаархи мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж байсан.

Тодруулбал, тэднийг Хөх хотоос гарах үед нэгэн оюутан бүсгүй Улаанбаатар явахаар автобусанд нь дайгджээ. Улмаар Замын-Үүдээс Сайншанд руу явах явах замд уяачдын холбооныхон уг бүсгүйг шоглож, хоргоож, өдсөн тул тэрбээр Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга албан тушаалтай аав Д.Батбаяр руугаа утасдаж энэ талаар хэлснээр бүх асуудал эхэлсэн байдаг.

Охиныг нь шоглож, хоргоосон гэдгийг сонссон Д.Батбаяр Авто тээврийн үндэсний төвийн хэсэг албаны хүмүүстэй шөнө Сайншандад очиж, автобусыг зогсоохыг шаардаж, улмаар автобусанд зорчиж явсан уяачдын холбооны 20-иод хүнийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өргөдөл өгсний дагуу тэднийг дөрвөн цаг саатуулан байцаасан тухай мэдээлэл юм. Тухайн хүмүүсийг юуны учир баривчилсаныг бид эргэн мэдээллэх болно. Эх сурвалжийн мэдээллэж буйгаар мөн эл хэрэгт холбогдуулж дахин хоёр хүнийг баривчлана гэх мэдээлэл байна.

 Б.ЦЭЛМЭГ

 

http://medee.mn/main.php?eid=99828