|

“Таван өнгийн хадаг”-ны бэлгэдэл, мөн чанар

 

"Таван өнгийн хадаг”-ийг хадгалах нь буян тогтоож баян чинээлэг, гай гарзгүй, энхтүвшин явахыг бэлгэддэг.Таван өнгийн хадгийг дараах дарааллаар байрлуулах бөгөөд өнгө бүр өөр, өөрийн утга санааг илэрхийлж байдаг.

Цэнхэр хадаг

Мөнх тэнгэрийн өнгө, амар тайваны бэлгэдэл, алив хорлол үйлдэх хортон дайсан бүгдийг гэсгээн цээрлүүлэх үйлийг бүтээнэ. Цэнхэр өнгийн хадгийг түгээмэл хэрэглэдэг бөгөөд өөр хоорондоо ах дүүсдээ барьж золгодог.

Шар хадаг

Аливаа муу бүхний зайлуулж, цог золбоо, нас буян, төгс эдлэл, яруу алдар, шашны язгуур үндсийг шинийн сар мэт дэлгэрүүлэх үйлийг бүтээнэ. Шар өнгийн хадгийг багшдаа барьдаг бөгөөд өөр хүнд барьдаггүй.

Цагаан хадаг

Эхийн сүүний өнгөтэй, сэтгэл ариун, бодь сэтгэлтэй, өглөгч буянтай. Харанхуйг, гийгүүлдэг амирлангуйн өнгө учир өвчин, барцад, ад, тотгор, хулгай дээрмийг арилгах, санасан зүйлийг бүтээхэд бэлгэшээдэг. Цагаан өнгийн хадгийг хамгийн сайн сайхан, хүндэтгэдэг хүндээ өргөн барьдаг.

Улаан хадаг

Гал голомт бадран дээшлэхийн бэлгэдэл. Ертөнцийн есөн хүслийг бүрдүүлэх бүх зүйлийг өөртөө буюу наашаа хураах үйлийг бүтээнэ. Бурхан шашны таван махбодийн тусгай үйлд хэрэглэдэг бөгөөд хүмүүст барьж золгодоггүй .

Ногоон хадаг

Дэлгэрэн арвижихын бэлгэдэлтэй. Ногоон өнгийн хадгийг бурхан шашны таван  махбодийг билэгдсэн тусгай үйлд хэрэглэдэг бөгөөд хүмүүст барьж золгодоггүй.