|

М.Энхсайхан: Ямар ард түмэн байна, тийм төр байдаг тухай

 
 М.Энхсайхан: Ямар ард түмэн байна, тийм төр байдаг тухай
Орчин үед ихэвчлэн эдийн засгийг судлахдаа Төрийн үүрэг ролийг орхигдуулдаг. Энэ нь зах зээлийн эдийн засагт Төр үүргээ зөв гүйцэтгэж байгаа хэмээн хийсвэрлэн авч үздэгтэй холбоотой юм. Гэтэл үнэн хэрэгтээ хүмүүсийн амьдрал ахуй, эдийн засаг бүхэлдээ Төрөөс асар их хамааралтай бөгөөд Төр зөв буруу байхаас олны хувь заяа шийдэгддэг. Сүүлийн үед энэ асуудлыг уялдаа холбоонд нь авч үзэх хандлагатай болж байна. Тийм нэгэн жишээ нь Оксфордоос хийж байгаа онлайн сургалт юм. Тийм нэгэн сургалтын Төрд хамаарах хэсгийг хэрхэн ойлгож тэмдэглэл үйлдснээ Та бүгдэд хүргэе.
 
 
"Төр”-ийн хувьсалын тухай
 
Төрийг олон маягаар ангилж болох боловч төрийн хэрэгт  олон түмний эрх ашгийг хэрхэн бодолцож буй талаас нь 2 хэсэгт ангилж болох юм.
 
(Олны) Оролцоотой болон Оролцоогүй Төр
 
(Inclusive State, Non-Inclusive State)
 
Төрийн хэргийг нэг хүн, нэг хэсэг хүн шийдвэрлэж байгаа бол Авторитари дэглэм, олон түмний оролцоотой шийдвэрлэж байгаа бол Ардчилсан төр гэж буй. Зөвхөн нэг хүнээр удирдуулж буй орнууд жишээ нь  Хойт Солонгос, нэг хэсэг хүмүүсээр удирдуулж буй орнууд жишээ нь Орос, Хятад аль аль нь авторитар дэглэмд хамаарахаар ойлгогдож байгаа. Тэдгээр нь авторитар шинжээрээ их бага гэж л ялгагдах юм. Ардчилсан төртэй гэх орнууд ч дотроо олон түмний оролцоог бий болгож байгаа түвшингээрээ харилцан адилгүй бөгөөд өөр хоорондоо ялгагдана.
 
Авторитар дэглэм болон Ардчилсан Төр аль аль нь эдийн засгийн өсөлтийг авчирч болдог боловч авторитар дэглэмд хувь хүмүүст амьдрахад тийм ч таатай биш, эрх чөлөө хязгаарлагдмал, хувь хүн хавчлага мөрдлөгт өртөмтгий гэж үздэг.
 
1990-ээд онд болсон ардчиллын давалгаа бол Авторитар дэглэмүүдийг Ардчилсан төр болгох давалгаа байсан. Мөн чанар нь Төрийн хэрэгт олныг оролцуулах явдал байсан юм. Хамгийн анхдагч шаардлага нь СОНГУУЛЬ байж.
 
Сонгууль шударга явуулах асуудал олон орнуудад хүндхэн асуудал болж байна. Судалгаагаар дэлхийд болж байгаа нийт сонгуулийн 30 хувь нь булхай болж хувирч байгаа. Оролцоотой Төр байгуулах тулгамдаж байгаа асуудал бол  CHECK AND BALANCE буюу ХЯНА, ТЭНЦВЭРЖҮҮЛ асуудал болж байна.
 
"ХЯНА, ТЭНЦВЭРЖҮҮЛ” (CHECK AND BALANCE)  
 
Юуны өмнө хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал бие биений хэрэгт шууд хутгалдан оролцдоггүй байхыг хангах явдал чухал бололтой юм. "Хяна, тэнцвэржүүл” асуудал бол эрх баригчдын дуртай асуудал биш. Иймд энэ асуудал бол үргэлж олон түмний асуудал байдаг.  Төрийн хэргийг аль болох "асуудлаа мэддэг олон түмний хяналт”-тай байлгах асуудалд бол гол асуудал болохоор харагдаж байгаа. Хяналт шалгалт Үндсэн хуулийн эрх мэдлийн түвшний бие даасан асуудал болгох талаар анхаармаар санагдаж байгаа. Үндсэн хуулийн эрх мэдлийг зөвхөн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн 3 эрх мэдэлд биш, хяналт шалгалт гэсэн 4 дэх засаглал бий болгох талаар бодоход зүгээр юм шиг харагдаж байна.
 
Ямар ард түмэн байна, тийм л Төр байх тухай
Төр ямар байх ёстой вэ гэдэг асуудлаарх ард түмний хүлээлт, Байгаа төрийнх нь хэв шинж өөр хоорондоо хэтэрхий зөрвөл зөрчил тэмцэл хурцадна.
 
Европын Холбоо хэв шинжээрээ олон орнуудыг нэгтгэсэн олон улсын шинжтэй. Гэвч Европын холбоонд багтаж байгаа орнуудын ард түмэн нь тус тусдаа үндэсний шинжтэй. Тиймээс Европын Холбооноос гаргаж байгаа шийдвэрүүдийг ихэнх орнууд нь үл тоодог. Брюссель элдэв заавар гаргасан хэвээр…. Европын Холбоо Оксфордын хэллэгээр "Театр" болж хувирсан гэнэ. Яг үүнтэй адилаар ард түмний хүлээлтээс өөрөөр ажиллаж байгаа Төр бүгд жүжиглэл болж байгаа юм байна. Ард түмний хүлээлтээс хэт дээгүүр давж ажиллах гэсэн оролдлого  олон орнуудад гарч байгаа гэнэ.
 
Юу хийх ёстой вэ? Хоёр хандлага байна.
 
Нэг.  Төр хүчтэй байж олон түмний хүлээлтийг өөртөө тааруулах гэж оролдох. Ингэхийн тулд төр, олон түмэнтэйгээ ил тэмцэлдэж, репресс хийх. Хуучин социалист орнууд хэлмэгдүүлэлтийн гашуун туршлагатай хийгээд түүнийгээ хууль ёсоор давтаж чадахгүй тул ОРОЛЦООТОЙ ТӨР байгуулах замдаа Төрөө сулруулсан бэрхшээлтэй учирч байгаа бололтой юм.
 
Хоёрт, Төр өөрөө буулт хийж олон түмний хүлээлтэд нийцэж ажиллах. Үүний нэг жишээ нь Швейцарь, Канад зэрэг орнуудыг нэрлэж байгаа юм байна. Швейцарь олон Кантонд хуваагддаг, жил бүр ээлжлэн улсаа даргалдаг гээд сонин аргуудтай. Өөр олон арга бодох ёстойг бусад орнуудын жишээнээс харж болохоор гэнээ. Тухайлбал,
 
-Нутгарах, овогорох үйлдлийг таслахын тулд зарим орнуудад засаг даргыг тухайн нутгаас нь томилдоггүй байхаар зохицуулсан байдаг юм байна.
 
– Шашин хүчтэй газруудад нэг шашин төлөөлсөн хүмүүсээс байнга дарга тавихыг хориглосон ээлжлүүлэхээр зохицуулсан байдаг. Танзанид Ерөнхийлөгч нь муслим байсан бол дараачийнх нь христийнх байхаар.
 
– Швейцарьт мөн яс үндсээр нь харж ээлжилж байхаар зохицуулж. Энэ тал дээр Канад бас сүрхий гэнэ.
 
Бүхэлдээ Төр ямар байхаас эдийн засаг хамаарах нь.
 
Төр бол хөгжлийн том түлхүүр гэдэг нь гарцаагүй бөгөөд ингэхдээ Оролцоотой Төр байгуулах, тэр нь зөв ажиллагаатай байхын тулд зөв мэдээлэл, боловсрол бүхий иргэдтэй байх асуудал чухалчлагдаж байна.
 
Мэндсайханы Энхсайхан

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу