|

Тусгаар тогтнол...

 
 
Монгол Улсын мөнхийн эрхэм зорилго нь туурга тусгаар оршин тогтнох явдал бөгөөд тиймдээ ч төр засгийн бодлого ажиллагаа монгол хүн бүрийн хүчин чармайлт үүнд чиглэгдэж байдаг. Харь гүрний колонид хоёрзуун жил болж бараг устаж үгүй болдгийн даваан дээр хорин нэгэн онд арай чүү тусгаар тогтнолтойгоо залгасан бид энэ дэлхий дээр дахин шинээр мэндэлсэн Аавын хайрт удам залгах цорын ганц хүүтэй адил юм. Өнөөдөр уйгур курд палестинчууд эхийн хэвлийд дунших хүүхэд мэт дэлхийн хэвлийгээс амьд төрөх эсэхээ мэдэхгүй тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэлдэн байлдаж байхад Баруун, Зүүн нь ч ялгаагүй тэднийг зөвхөн өөрсдын явцуу эрх ашгаа гүйцэлдүүлэхэд ашиглаа л хаях нь хөөрхиийлэлтэй.

Улс орны тусгаар тогтнол гэдэг нь тэр бүр үндэстэнд олдоод байдаггүй, азаар биш заяагаар өгөгдөх Бурханы ивээл юм. Yүний учрыг гадарлах бидний өвөг дээдэс маань 800 жилийн өмнөх сүр хүчээ санагалзан шинэ эмзэг тусгаар тогтнолоо ямар ч үнэ цэнээр хамаагүй (социализм коммунизмын материал техникийн бааз байгуулна энэ тэр гэж дүр эсгэх ч энүүхэнд) ёстой нөгөө "сахалт ах” -ыг долоох шахам байж, дохио зангаа бүрийг нь ёсчлон гүйцэтгэж байж, долоон зуун сүм хийдээ ламтай хүйтэй шатаасан ч яахав байж баталгаажуулах нь гол нь чухал гэдгийг ухаарсных. Эс тэгвээс биднийг Манж-Го, Дорнод Туркестан, Оспан батырын тавилан хүлээж байгааг Монгол түмний заяа шивнэх шиг.

Өнөөдөр бид Монгол Финланд Куба зэрэг олон улс түмнийг дарлалаас чөлөөлсөн хорьдугаар зууны дэлхийн коммунизмыг харааж ерөөх ч яахав, харин хойч үедээ тусгаар тогтнолыг асар үнэ цэнээр авчирсан ахмад үе үндэсний лидерүүддээ талархаж нэр төрийг нь сэргээж хөшөө дурсгалыг нь мөнхжүүлэх нь арай үнэнд нийцэх болов уу. Ямартаа ахмад үе маань "асар их үнээр олсон аз жаргалаа хайрлаж яваарай” хэмээн захиж, дуугийг нь хүртэл биднээр жар далаад онд сумын бага сургуулийн дотуур байрны оройн тоон дээр үдэш бүр дуулуулж сургаж байсныг би тод санах юм. Бид Хүннү Сүннү хоёр гурван мянган жил гэж цээжээ дэлдэлгүй л яахав, харин энүүхэн хорин нэгэн онд олсон бидний тусгаар тогтнол ямар утга учир үнэ цэнэтэйг гүнзгий ухаарч түүнийгээ нүдний цөцгий мэт хайрлаж, үеийн үед Монгол Улс оршин тогтнох нь төрийн өндөрлөг, түүнд ажиллагсад, монгол хүн бүрийн эрхэм зорилго төдийгүй аливаа зөвийг дэмжиж түгээж соён гэгээрүүлж байх нь зүйд нийцэх болов уу. Нийт үндэстний ядаж арваны нэг нь зөв байж, тэдгээрээс улс орны ганц ч болов зөв лидер төрж үндэстнээ залуурдаж байваас тухайн үндэстэн наанадаж зуун жил оршин тогтнох хамгийн доод шалгуур гэсэн бичигдээгүй хууль ч бий гэх.
Дээр үед бидний мэдэх арабын ертөнцөд Вавилон хэмээх дэлхийн хүчирхэг гүрэн байж омог бардам ч, ухаан мунхаг эзэн хаан, үйлс урагшгүй эрхэлсэн түшмэд, өнгө мөнгөнд баригдсан Вавилон хотын суугчдаасаа болоод ганцхан шөнийн дотор хоёр хөршдөө дундуураа тас татагдан хуваагдан эзлэгдэж бүрмөсөн сөнөж байсан түүх байдаг.

Вавилон гүрэн газрын хөрснөөс үүрд арчигдаж, тухайн үедээ дэлхийн хамгийн баян тансаг үзэсгэлэнт гэгдэж байсан нийслэл хотынх нь тууринд өнөөдөр зөвхөн уйл шар шувуу үнэг хярс цөөвөр чоно л үүрлэх болтлоо гэсгээгдэж. Өнөөдөр бидний нүдэн дээр үнэн юм үгүйсгэгдэж харин худал хуурмаг бүхэн авилга хахууль шударга бус явдал хүчрэгдэхээ больсон улс орон, тухайлбал Гайти Номхон далайн арлууд дээр уул хад нурж газар хөдлөж хэдхэн хормын дотор зуу зуун мянгаараа хүмүүс газар доогуур орж дайн дажинд нэрвэгдэж байгаа нь "Yнэнийг умартваас, чулуу ч хашгирна” гэдэг л болж байгаа байх. Харин бидэнд Сингапур Солонгос Голланд шиг цэцэглэн хөгжих боломж бий.
 
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт