|

“Бандааш”-ны эзэнд талархъя

 

 

Телевизийн мэдээгээр уг болсон явдлыг мэдээлэхдээ ихэвчлэн "дотоож” гэдэг үг хэрэглээд байсан. Арай боловсон үг хэллэг гэдэг утгаар сонгосон нь тэр байх л даа. Гэхдээ дотоож гэдэг бол эмэгтэй хүний дотуур хувцас. Харин эрчүүдийнхийг зүгээр л дотуур өмд, бүр тодорхой хэлбэл "агтавч” гэдэг. Энгийн үед бүгдээрээ л "бандааш” болдог. Сүүлийн үед "гандааш" ч гэх болсон байна лээ. Үлгэр ингэж эхэлсэн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн Д.Гантулгын нэр холбогдогдсон хүчингийн хэрэг одоо хэр нь шүүхээр шийдэгдээгүй байна. Сонгуулийн үеэр ихээ ач холбогдол өгөн шуугиж байсан манай пиарчид сонгуулийн дараа "Хохирогчийн эгч нь Д.Гантулга гишүүнээс тэдэн саяыг авсан гэнэ ээ. Дүүгээ зарчихсан л юм байна ш тээ” гэсгээд булзааруулаад өнгөрсөн. Хүчингийн хэргийн хохирогч нь гол буруутан болдог урьд урьдын жишгээр. Харин тухайн үед дөнгөж шинээр байгуулагдаад байсан, дандаа шинэ залуу хуульчдаас бүрдсэн "Веритас Партнерс” хуулийн товчоо хохирогчийг эрхийг хамгаалахаар өмгөөлөлдөө авсан байдаг. Гэсэн ч тэдний явуулсан өмгөөлөл ч бас УИХ-ын гишүүний бүрэн эрх болоод халдашгүй байдал гэдэг хана мөргөөд зогссон.

Учир нь УИХ 2010 онд УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүн нь зөвхөн "гэмт хэрэг үйлдэх явцдаа нотлох баримттайгаар баригдсан тохиолдолд” түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр болсон байна. Мөн халдашгүй байдал гэдэгт УИХ-ын гишүүний гэр, албан өрөө, унаа машин бүгд ороод явчихаж байгаа юм. Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба шиг албан өрөөндөө 500 сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдахаас (харамсалтай нь, манай АТГ-ынхны үйлдэл дээр нь гардсан цорын ганц түүхэн тохиолдол юм даа) бусад тохиолдолд УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг гэмт хэрэгт тооцохгүйгээр болсон билээ. Д.Гантулга гишүүний хувьд ч ялгаагүй, "Би бандаашаа өмсөөд тэр айлаас гарсан” гэсэн нь нэгдүгээрт үйлдэл дээрээ баригдаагүй болохыг, хоёрдугаарт нотлох баримтаа далдалсан байсныг нотолж байгаа юм. Тиймээс прокурор энэ хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг. Хуулинд нь "Болохгүй” гээд заачихсан байхад өөр яах ч билээ.

Үлгэр ингэж үргэлжилсэн

Олонхи хүний хувьд "жамтай юм жамаараа болжээ” гээд толгой сэгсрээд л өнгөрөх байсан энэ хэргийг "Веритас партнерс” хуулийн товчооны хэдэн "хүүхдүүд” барьж аваад тэнгэрт тулгачихлаа. Шартай, иртэй залуу нас сайхан. Яг нарийндаа бол "гэмт хэрэг үйлдэх явцдаа нотлох баримттайгаар баригдсан тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх” тухай хуулийн заалт нь батлагдсан даруйдаа буюу 2011, 2012 онд Үндсэн хуулийн Цэц дээр хоёр удаа(дунд болон их суудлын хуралдаанаар) унаж, "хуулийн өмнө хүн бүр тэгш байх” Үндсэн хуулийн зарчим алдагдсан байна” гэж үзээд Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөхийг УИХ-д үүрэг болгосон юм байна. Харин УИХ үүнийг нь хийгээгүй. Тиймээс "Веритас партнерс”-ийн залуус УИХ буюу УИХ-ын баталсан хуулийг гурав дахь удаагаа шүүхэд өгч, ялалт байгуулав. УИХ-ыг Цэц дээр төлөөлөх ёстой Л.Оюун-Эрдэнэ гишүүн ч  хуралдаанд оролцсонгүй. Үндсэн хуулийн Цэц УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн дээрх заалтыг гурав дахь удаагаа хүчингүй болголоо. УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал гэх мэт зүйл гэмт хэргийг илрүүлэхэд садаа болох ёсгүй гэсэн үг.

Үнэндээ Д.Гантулга гишүүн манай 65-ын хувьд адаг нь ч биш, аврал нь ч биш. Яг сайхан алтан дундаж нь. Байхын бараа, идэхийн нэмэр гэдэг билүү. Залуу хүн ирээдүйгээ бодсон бол бараг өөрөө, сайн дураараа бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулчих байсан биз. Эрх биш эцгийнхээ нэрийг "бандааш” болтол явах зориг хүүгийн сэтгэлд лав байхгүй. Гэвч энд нэг аюул бий. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргихын үлгэрээр 65-ийн бүлгээс нэгийг нь л сугалахад дахиад олон хүн араас нь гулсах аюултай. Энэ л манай 65-ын гол айдас. Гэхдээ хууль бол хууль. Үндсэн хууль бас Үндсэн хууль. УИХ асуудлаа яаж шийдэхийг харъя. Энэ бүхний шалтгийг тавьж өгсөн "бандааш”-ны эзэнд бас талархъя.

 

http://undesten.mn/index.php?newsid=23903


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу