|

Хавдартай тэмцэх өдөр тохиож байна

Хавдартай тэмцэх өдөр тохиож байнаДэлхий даяар жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдрийг "Олон улсын хавдартай тэмцэх өдөр" болгон зарлаж, энэ төрлийн өвчнөөр зовж шаналж буй иргэдийн төлөө сайн санааны үйлс хэрэгжүүлдэг байна.

Дэлхий дээр жил бүр 8.2 сая хүн хавдар өвчнөөр хорвоог орхин, тэдгээрийн дөрвөн сая нь цагаасаа эрт /30-69 насандаа/ нас барж байна. Монгол Улсад жил бүр 5000 гаруй хүн хорт хавдраар өвчилж, 3000 орчим иргэн нас барж байгаа юм. Хорт хавдраар өвчилж буй хүмүүсийн 70 хувь хожуу үедээ эмнэлэгт ханддаг бөгөөд хавдрыг эрт илрүүлэх эсэх нь хүмүүсийн санхүүгийн чадавхиас шалтгаалдаг гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагаас гаргажээ.

Хавдар өвчнийг эрт оношилж чадвал амь насыг аврах бололцоотой байдаг тул санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэх чиглэлд аж ахуйн нэгж байгууллагууд санаачилга гарган ажиллаж эхлэв. Сайн үйлсийн аян санаачлагчдын эхэнд Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ жагсаж байна. Тус байгууллага төмөр замын дагуу байрлаж буй Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр, Дорноговь зэрэг таван аймагт хавдрын эсрэг хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд өнөөдөр УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар, "Хавдрын үндэсний зөвлөл" ТББ-ынхан гарын үсэг зурах юм. Хөтөлбөрийн хүрээнд хавдар өвчинтэй иргэд галт тэргээр үнэ төлбөргүй зорчих боломжийн талаар ч ярилцах ажээ.

Б.БАТ