|

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙГ ГЭРИЙН НӨХЦӨЛД ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙГ ГЭРИЙН НӨХЦӨЛД ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ

 

Томуу өвчнийг гэрийн асаргаа сувилгаагаар бүрэн эдгээх боломжтой. Учир нь хөнгөн хэлбэрийн томуутай үед эмнэлэгт хэвтэх нь агаар дуслаар замаар томуугийн өргөн хүрээний вирүсийн халдвар авж, өвчнийг хүндрүүлэх магадлалыг нэмэгдүүлдэг. Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс та бүхэндээ дараах зөвлөмжийг хүргэж байна. 

Та өөрийн болон бага насны хүүхдийнхээ томуу, томуу төст өвчнийг эдгээхийн тулд:
 
1.    Бага насны хүүхдийг эхийн сүүгээр хооллох
 
Эхийн сүү нь нярай болон нялх хүүхдийг халдвар үрэвслийн болон үжлийн өвчнөөс сэргийлэгч цагаан эс, халдварын эсрэг иммуноглобулин А,M,G,лизоцим, лактоферрин, суулгалт өвчин үүсгэгч гэдэсний савханцар, уушигний хатгалгаа үүсгэгч, шээсний замын өвчин үүсгэгч, холерийн вибрионы эсрэг бодисууд, хүйн халдвар үүсгэгч стафилококкын эсрэг хүчин зүйл, саагийн вирусын болон шимэгчийн эсрэг бодисыг агуулж байдгаараа онцгой чухал ач холбогдолтой юм.
 
  • Хүүхдийг төрсний дараах 1 цагийн дотор амлуулах,
  • 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллох,
  • 6 сараас нэмэгдэл хоолонд оруулж, эхийн сүүгээр аль болох олон удаа, 2 нас хүртэл хооллох
 
2.    Дархлаа дэмжих, биеийн эсэргүүцэл сайжруулах хоол, хүнс хэрэглэх
 
Амьтны гаралтай уургаар баялаг хүнс хэрэглэх. Үүнд: Малын мах(үхэр, хонь, адуу), өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүнийг өдөр бүр хангалттай хэрэглэх, хүүхдээ гүйцэт хооллож буйд анхаарал тавих


 
3.    Аминдэм, эрдэс бодисоор баялаг хоол, хүнс хэрэглэх
 
  • Олон төрлийн хүнсний ногоог хоолондоо өдөр тутам хэрэглэхээс гадна жимсний цэвэр шүүсийг өдөрт доод тал нь 1 аягийг ууж хэвших,
  • Хүнсний ногооноос хулуу, лууван, амтат  төмс гэх мэт А аминдэмээр баялаг, шар, улбар шар, ногоон, улаан өнгөтэй ногоо, С аминдэмээр баялаг аньс, чацаргана, нэрс, улаалзганыг нухаш, зутан, шүүс байдлаар хэрэглэх,
 
4.    Цай, сүү, ундааг аль болох халуун бүлээн хэрэглэх.
 
Томуугийн үед илчлэг сайтай шөлтэй, халуун хоол идэж, аминдэмээр баялаг шингэн зүйлийг халуун бүлээнээр нь түлхүү уух. Тухайлбал, зөгийн бал, цагаан гаатайтай сүү, буцалсан аарц, чацаргана, аньс, үхрийн нүд, нэрсний шүүс зэргийг халуунаар нь уух.
 
5.    Ус уух
 
Бие махбодид бодисын солилцоо эрчимжиж, илч зарцуулалт ихэсдэг тул шингэнийг бага багаар олон удаа уух. Хүүхдийн 1 кг жин тутамд хоногт 100 мл шингэн шаардлагатай байдаг.
 
6.    Тогтмол цагт унтаж амрах
 
Тогтмол цагт унтаж хэвших нь дархлааг дэмжинэ. Шинэ төрсөн хүүхэд 18 цаг, цэцэрлэгийн насны хүүхэд 12-13 цаг, сургуулийн насны хүүхэд 10-11 цаг, насанд хүрсэн хүн 8-9 цаг унтах шаардлагатай.
 
7.    Хүүхдийн аяга, тавга, халбагыг тусад нь хэрэглүүлж хэвшүүлэх
 
8.    Хоолой, амны хөндийг царван болон содтой өдөрт 4-5удаа зайлах, халуун уураар утах,
 
9.    Гимнастик, биеийн тамирын хөнгөн дасгал хийх, хөлрөх,
 
10.  Халуун баннанд суух болон өвдөгнөөс доош хөлийг гичтэй халуун усанд хөлс гартал дүрж, дулаан унтаж, амруулах
11.  Халуун бууруулах, булчин болон толгойн өвдөлт намдаах, биеийн дархлааг дэмжих эм бэлдмэлийг эмчийн заавраар хэрэглэх,
 
12.  Цэгэн массаж өдөрт 3-6 удаа хийх,


 
13.  Гэр, байранд чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа хийж, 2 цаг тутамд агааржуулах,
 
14.  Гараа тогтмол савандаж угаах
 
15.  Дулаан хувцаслах, даарахгүй байх