|

Мөсөн шагайн шилдгүүдийг Дарханд тодрууллаа

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мөсөн шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан-Уул аймагт болж шилдгүүдээ тодрууллаа.
Энэ удаагийн тэмцээнд Улаанбаатар, Сэлэнгэ, Эрдэнэт, Архангай, Хэнтий, Дорнод зэрэг аймгийн 23 багийн 220 шагай харваач авхаалж самбаа, оюун ухаан, холч хараагаа сорин өрсөлдлөө. Тэмцээнд Монголын үндэсний Мөсөн шагайн холбоо, аймгийн ЗДТГ, БТСГ, аймгийн Мөсөн шагайн холбоо хамтран зохион байгуулсан тус тэмцээнд улсын 5 удаагийн аварга Монгол Улсын Үлэмж мэргэн, Дархан мэргэн Б.Баасанжав, Чулуун-Эрдэнэ, Л.Жамсранжав зэрэг аваргууд манлайлан оролцлоо.
Монголчууд эрт дээр үеэс өвлийн улиралд мөсөн шагайн харвааг зохион байгуулж ирсэн уламжлалтай. Харин энэхүү монгол ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх үүднээс сүүлийн 20 гаруй жил бүр улсын хэмжээнд мөсөн шагайн харвааны тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж байна.
 
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг