|

ГЕГ-ын даргын холион бантангаас болж улсад 950 сая төгрөгийн хохирол учирчээ

 

-"Гаалийн цоорхой”-гоор татварын мөнгө гоожиж л байг уу, Сангийн сайд аа?

Уг нь хуулийн цоорхой гэдэг муухай ойлголт, муухан хэллэг байсан юм. Хуулийн дагуу хууль зөрчинө гэсэн үг л дээ. Явсаар хууль болгон цоорхойтой болсоор энэ "моод”-ноос гарсан.

 

Харин сүүлийн үед "гаалийн цоорхой” гэдэг юм бий болсон байна. Дээр хэлсэнчилэн хууль бус гэсэн үг л дээ. Ийм үйл ажиллагаанд Гаалийн байгууллагын удирдлагууд оролцдог байж болзошгүй баримт, мэдээлэл бидний гарт ирсэн юм.

 

Өнгөрсөн 2017 оны сүүлчээр зарим хэвлэлд мэр сэр гараад байсан Татваргүй барааны дэлгүүр буюу DUTY FREE-ний хууль бус зөвшөөрлийн асуудал юм. Хууль бус гэсний учир нь ГЕГ-ын дарга Б.Асралт нь 2017 оны зургадугаар сарын 30-ны өдөр "Татваргүй барааны дэлгүүр” ажиллуулах зөвшөөрөл олгосон. Ингэхдээ хууль, журам зөрчиж, сонгон шалгаруулалт явуулаагүй байна. Улмаар энэ үйл ажиллагааны улмаас 950 гаруй  сая төгрөгийн татвар чөлөөлөгдөж, улсын төсөвт хохирол учирсан байгаа юм. Түүнчлэн 2017 оны аравдугаар сарын 3-ны өдөр дээрх шийдвэрээ цуцалсан. Үүнээс болоод мөн л компаниудад торгуулийн асуудал яригдаж эхэлжээ.

 

Өөрөөр хэлбэл, ГЕГ-ын дарга Б.Асралт дээрх зөвшөөрлүүдийг олгохдоо …"Татваргүй барааны дэлгүүр сонгон шалгаруулалт болон зөвшөөрөл олгох журам”-ын 1.2-т татваргүй барааны дэлгүүр ажиллуулах сонирхол бүхий Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын дунд сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр татваргүй барааны дэлгүүрийн  зөвшөөрөл олгоно” гэснийг, мөн тус журмын 1.3-т "…татваргүй барааны дэлгүүр ажиллуулах зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сунгах, хүчингүй болгохтой холбогдсон энэ журмаар зохицуулаагүй бусад асуудлыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хууль, Гаалийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн байж болзошгүй. Түүнчлэн сонгон шалгаруулалтыг Гаалийн ерөнхий газрын даргын шийдвэрээр байгуулсан комисс зохион байгуулж, улмаар сонгон шалгаруулалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тод, нээлттэй зарлах бөгөөд сонирхсон этгээдэд саадгүй олгоно гэж Гаалийн тухай хууль болон холбогдох журамд тодорхой зааж өгснийг ч үл тоосон шинжтэй байгаа юм.

Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Улаан 2017 оны арванхоёрдугаар сарын  15-ны өдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт асуулга тавьсан байна. Тэрээр "…ГЕГ-ын удирдлагын зүгээс төрийн хууль тогтоомжийг ноцтой зөрчих, төр нийгмийн ашиг сонирхлыг хохироох, татвараас зайлсхийж улсын төсвийн орлогыг хомсдуулах үйлдэл гаргах болсон тухай ард иргэд, аж ахуйн нэгжүүдээс гомдол, санал гарах болсон. ГЕГ-ын дарга 2017 оны зургадугаар сарын 30-ны өдөр А/162 тоот тушаал гаргаж, "Татваргүй барааны дэлгүүр” ажиллуулах зөвшөөрөл олгохдоо хууль журам зөрчсөн, сонгон шалгаруулалт явуулаагүй, энэхүү хууль бус үйл ажиллагааны улмаас 950 гаруй сая төгрөгийн татвар чөлөөлөгдөж улсын төсөвт хохирол учирсан тухай мэдээлэл ирсэн байна. Мөн аравдугаар сард дээрх шийдвэрээ цуцалснаар бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн дотоод, гадаад үйл ажиллагаанд саатал, хохирол гарч, төлбөр торгуулийн асуудал яригдаж эхэлжээ. Энэ байдал нь төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг төсөв хариуцан барагдуулдаг байсан буруу жишиг давтагдахад хүргэж болзошгүй байна” гэж асуулгадаа бичжээ.

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ асуулгын хариуг 2017 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр буюу 10 хоногийн дараа өгчээ. Сангийн сайд "…Гаалийн тухай хуульд Татваргүй барааны дэлгүүрийн зөвшөөрлийг Гаалийн удирдах төв байгууллага олгоно гэж заасан байна. Үүний дагуу ГЕГ-ын даргын 2017 оны зургадугаар сарын 30-ны А/162 дугаар тушаалаар "Эй Ди Зэт” ХХК, "Паладинбюлдинг” ХХК, "Ханбүргэдэй” ХХК, "Империа дюти фрий” ХХК зэрэг компанид татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон байх бөгөөд 2017 оны аравдугаар сарын 3-ны өдөр А/219 дугаар тушаалаар буцаан хүчингүй болгосон байна. Энэ тушаалууд гарснаар тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдэд ямар нэгэн хохирол учраагүй. Эдгээр аж ахуйн нэгжүүд татвартай холбоотой аливаа зөрчил гаргаагүй, Гаалийн тухай хууль, гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журмуудын хүрээнд гаалийн бүрдүүлэлт хийж байсныг зөвшөөрөл авсан байсан компани тус бүрээр дараах байдлаар танилцуулж байна.

  1. "Ханбүргэдэй” ХХК нь гаалийн бүрдүүлэлтийн 740 горимоор 27.169.20 ам.доллар, 742 горимоор 6.652.6 ам.долларын нийт 33.821.88 ам.долларын барааг татваргүй барааны дэлгүүрт оруулсан боловч үйл ажиллагаа нь эхэлж борлуулалт хийгдээгүй. Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагааг нь хүчингүй болгосны дараа 2017 оны арванхоёрдугаар сарын 7-нд 456 горимоор нийт 27.333.9.ам.долларын бараанд гаалийн бүрдүүлэлт хийж 11.851.133 төгрөгийн татвар төлсөн. Одоо үлдэгдэл 6.652.6 ам.долларын бараа нь зохих горим байршихаар гаалийн хяналтад битүүмжлэгдэн хадгалагдаж байна.
  2. "Империа дюти фрий” ХХК нь гаалийн бүрдүүлэлтийн 742 горимоор 358.251.38 ам.долларын барааг татваргүй барааны дэлгүүрт оруулсан. Ажиллаж байх хугацаандаа 47.881 ам.долларын борлуулалт хийж, борлуулалт хийсэн бараандаа 314 горимоор хоёр удаа гаалийн бүрдүүлэлт хийсэн байна. Одоо үлдэгдэл 310.370.38 ам.долларын бараа нь зохих горим байршихаар гаалийн хяналтад битүүмжлэгдэн хадгалагдаж байна.
  3. "Паладинбюлдинг” ХХК гаалийн бүрдүүлэлтийн 742 горимоор нийт 82.049.72 ам.долларын барааг татваргүй барааны дэлгүүрт оруулсан. Ажиллаж байх хугацаандаа 52.189.60 ам.долларын борлуулалт хийж, борлуулалт хийсэн бараандаа 314 горимоор хоёр удаа гаалийн бүрдүүлэлт хийсэн байна. Одоо үлдэгдэл 29.860.60 ам.долларын бараа нь зохих горим байршихаар гаалийн хяналтад битүүмжлэгдэн хадгалагдаж байна.
  4. "Эй Ди Зэт” ХХК нь өнгөрсөн хугацаанд ямар ч бүрдүүлэлт хийж, үйл ажиллагаа явуулаагүй байна.

Гаалийн тухай хууль, Татваргүй барааны дэлгүүрийн горим хэрэгжүүлэх журамд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барааны хөдөлгөөнийг программын дагуу өдөр бүр хөтөлж, гаалийн байгууллагад сар бүр мэдээгээ гарган өгч, гаалийн байгууллагаас хариуцсан ажилтан хяналт тавьж ажилладаг учир гаалийн болон бусад татвараас зайлсхийх боломж байхгүй бөгөөд улсад татварын ямар ч хохирол учруулаагүй болно. Түүнчлэн дээрх компаниуд нь тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбоотойгоор ямар нэг гомдол гаргаагүй, дээрх үйл ажиллагаа нь гаалийн тухай хууль, холбогдох журмын хүрээнд хийгдсэн тул улсаас хохирол барагдуулах тухай аливаа асуудал үүсэхгүй гэж үзэж байна” гэжээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын тайлбарыг эрх зүйн үүднээс харж шүүрдэж үзвэл хэд хэдэн ноцтой зүйл харагдаж байна.

 

Сангийн сайд хариулахдаа "…Гаалийн тухай хуулийн дагуу татваргүй барааны дэлгүүрийн зөвшөөрлийг Гаалийн удирдах төв байгууллага олгоно гэж заасан байна гэж тайлбарлахдаа "сонгон шалгаруулалт”гэдэг үгийг хуулиас санаатай орхиж бичжээ. Мөн "…ГЕГ-ын даргын тушаалаар нэр бүхий компаниудад Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгосон байх бөгөөд энэ нь 2017 оны аравдугаар сарын 03-ны өдрийн А/219 дугаар тушаалаар хүчингүй болгосон байна. Энэхүү тушаалууд гарснаар тусгай зөвшөөрөл авсан ААН-үүдэд "ямар нэгэн хохирол учраагүй бөгөөд эдгээр ААН-үүд татвартай холбоотой аливаа зөрчил гаргаагүй Гаалийн тухай хууль, гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журмуудын хүрээнд гаалийн бүрдүүлэлт хийж байсан”…. гэсэн таны тайлбарыг үзэхэд "…Хууль бусаар тусгай зөвшөөрлөө авч Татваргүй барааны дэлгүүрээ ажиллуулан хилийн чанадаас бараагаа татваргүй оруулан үйл ажиллагаагаа явуулж байгаад гэнэт хэдэн сарын дараа тухайн зөвшөөрөл нь хүчингүй болж дэлгүүр нь битүүмжлэгдэхэд аж ахуйн нэгж байгууллагад ямар ч хохирол гараагүй гэж Сайд үзэж байгаа юм байна. Бас хууль бус үйлдлээ бататгаад хүчингүй болгосон тушаалаар өчнөөн мянган ам.долларын онцгой татвартай барааг ямар ч татваргүйгээр оруулан түүнийгээ борлуулсан байгааг бас Гаалйин тухай хууль, гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журмуудын хүрээнд явагдсаныг Ч.Хүрэлбатаар сайд зөв гэж үзэж байна.

 

"Империа дюти фрий” ХХК нь хилийн чанадаас Гаалийн баталгаат агуулахаас 742 горимоор 358251.38 ам.долларын барааг Татваргүй барааны дэлгүүрт оруулж 47.881 ам.долларын барааг 314 горимоор хоёр удаа гаалийн бүрдүүлэлт хийсэн байна. Одоо Татваргүй барааны дэлгүүрт 310370.38 ам.долларын, баталгаат агуулахад дэлгүүртээ оруулах зорилготой 2043.46 ам.долларын бараа тус тус байна. "Паладинбюлдинг” ХХК нь гаалийн бүрдүүлэлтийн 742 горимоор нийт 82049.72 ам.долларын барааг оруулсан. Борлуулсан 52189.60 ам.долларын бараанд 314 горимоор гаалийн бүрдүүлэлт хийсэн. Одоо үлдэгдэл 29860.60 ам.долларын бараа нь Татваргүй барааны дэлгүүрт байршиж байна.

 

314 горим нь Татваргүй барааны дэлгүүр худалдан борлуулсан бараандаа хийдэг гаалийн бүрдүүлэлтийн горим юм. Гүнийн гаальд байрлах Татваргүй барааны дэлгүүр нь Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын болон олон улсын байгууллагын дипломат эрх ямба, дархан эрх эдлэх албан тушаалтнуудад үйлчилдэг. Энэ эрх бүхий албан тушаалтанд худалдан борлуулсан бараанд нь 314 горимоор гаалийн бүрдүүлэлт хийн тухайн аж ахуйн нэгж байгууллага нь хууль бусаар ашиг олсон нь тодорхой байна.

 

"Империа дюти фрий” ХХК нь 47.881 ам.долларын бараа, "Паладинбюлдин”г ХХК нь 52189.60 ам.долларын барааг хууль бус зөвшөөрлөөр ямар ч татваргүйгээр Татваргүй барааны дэлгүүртээ оруу­лан худалдан борлуулж ашиг олсон байгаа нь Гаалийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл байна.

 

Тухайн үйл ажил­лагааны хууль бус зөв­шөөрлийг хүчингүй бол­го­сон нь өөрөө хууль бус үйлдлийн баталгаа бөгөөд зөвхөн худалдан борлуулсан нийт 100070.6 ам.долларын үнэ бүхий онцгой татвартай барааны хуулийн дагуу төлөх ёстой байсан татварын дүн нь шууд улсад татварын хохирол учруулж байна.

 

Одоо хууль бус татваргүй барааны дэлгүүрүүдэд нь борлуулагдаж амжаагүй битүүмжлэгдсэн 391251.94 ам.долларын үнэ бүхий бараанууд нь мөн хууль бус ба төлөх ёстой татварыг тооцож үзвэл мөн л улсад төлөх татварын хохирол гарна. Иймд Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хариу ГЕГ-ын дарга Б.Асралтын хууль бус үйлдлийг санаатайгаар хамгаалж өөгшүүлсэн гэж харагдаж буй ажээ.

 

Үүнээс гадна энд маш маапаантай нэг асуудал байгаа юм. Юу гэвэл ГЕГ-ын дарга Б.Асралт нь нэр бүхий дөрвөн компанид олгосон тусгай зөвшөөрлөө 2017 оны аравдугаар сарын 3-нд А/219 дугаарт бүхий тушаалаараа цуцалсан гэжээ. Гэтэл энэ албан бичиг дээрх Татваргүй барааны дэлгүүрүүдэд хяналт тавьдаг байцаагчдад 2017 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр очсон байна. Тэгэхээр энэ хооронд хоёр сарын хугацаа цоорхой болоод гарч ирнэ гэсэн үг. Ч.Улаан гишүүн асуухдаа, Ч.Хүрэлбаатар сайд хариулахдаа 2017 оны аравдугаар сарын 3-нд цуцалсан гээд л яваад байгаа. Гэтэл яг бодитоор бол арванхоёрдугаар сарын 7-нд энэ тушаалыг авсан байцаагч нар очиж лац ломбо болж, тайлан тооцоог нийлүүлсэн байгаа юм. Бас нэг ноцтой зүйл бол ГЕГ-ын дарга Б.Асралтын 2017 оны аравдугаар сарын 3-ны өдрийн Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай А/219 дугаар тушаал хууль бус байх маш өндөр магадлалтай. Юу гэвэл Гаалийн байгууллагын бүртгэлд байгаагаар ГЕГ-ын даргын 2017 оны аравдугаар сарын 3-ны А/219 дугаар тушаал нь ГЕГ-ын дэргэдэх байгууллага, харьяа Гаалийн газар, хороодод илгээсэн Зохион байгуулалтын бүтэц,  орон тоог шинэчлэн батлах тухай албан тоот байгаа юм. Иймэрхүү тов тодорхой, ноцтой асуудал байгаа юм. Монгол Улсын аудит, хяналтын байгууллага энэ талаар анхаарах цаг нэгэнт болжээ.

 

Энэ нь ГЕГ-ын даргын 2008 оны 678 дугаар тушаал "ТАТВАРГҮЙ БАРААНЫ ДЭЛГҮҮРИЙН ГОРИМ ХЭРЭГ­ЖҮҮЛЭХ ЖУРАМ”-ын 4.1.4-т "…гаалийн нутаг дэвсгэрийн гүнд байрлах дэлгүүр нь Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын болон олон улсын байгууллагын дипломат эрх ямба, дархан эрх эдлэх албан тушаалтнуудад үйлчлэх ба гаалийн удирдах төв байгууллагаас гаргаж өгсөн нэрсийн дагуу үйлчлүүлэгчдэдээ цахим карт олгоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. Одоо гаалийн баталгаат агуулахад нь 48977.5 ам.долларын бараа байна.

 

Түүнчлэн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын тайлбарлаад байгаагаар "Ханбүргэдэй” ХХК нь 740 горимоор /Хилийн чанадаас ирсэн гадаад барааг татваргүй барааны дэлгүүрт оруулах/- 27169.20 ам.доллар, 742 горим- /Барааг гаалийн баталгаат агуулахаас татваргүй барааны дэлгүүрт оруулах/-оор 6652.6 ам.долларын, нийт 33821.88 ам.долларын барааг хууль бус татваргүй барааны дэлгүүрт оруулсан боловч хууль бус зөвшөөрөл нь хүчингүй болсныг мэдмэгцээ арванхоёрдугаар сарын 7-нд нэг дор 451 горимоор гаалийн бүрдүүлэлт хийж 27333.88 ам.долларын бараанд 41253911.29 төгрөг, 456 горимоор гаалийн бүрдүүлэлт хийж 27333.9 ам.долларын бараанд 11851133.05 төгрөгийн татвар төлсөн байна.

 

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

З.БОЛД