|

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

 

"НЭГ ӨРХ-НЭГ АЖЛЫН БАЙР” дэд хөтөлбөрийн хүрээнд НЗДТГ, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраа "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” байгуулж, өнөөдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр болон Startup Mongolia ТББ, Хэрэглээний сэтгэл судлал хүрээлэн зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд оролцов.

Тус төв нь ажил олгогч, иргэд, аж ахуйн нэгжүүдэд ажил хайгч иргэнийг бүртгэх, ажил олгогчдын мэдээллийг хүргэх, ажил олгогчийн ажлын байрны захиалга авах, ажлын байранд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, гадаадаас буцан ирэгсэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, албан бус хөдөлмөр эрхлэгчдэд чиглэсэн үйл ажиллагаа, хуулийн зөвлөгөө, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн мэдээлэл зэрэг 17 нэр төрлийн үйлчилгээг үзүүлэх боломжтой юм. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд хүүхэд харах өрөө, ажиллах чөлөөт орчин, хүний нөөцийн бүрдүүлэлт, эмэгтэйчүүдийн хөгжил, сэтгэл зүйн зөвлөгөө, ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл, сургалт хөгжлийн орчныг цогцоор нь бий болгожээ.

Нээлтийн үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр "Нийслэлийн хэмжээнд 244 мянган өрхийн дунд ажилгүйдлийн түвшин тогтоох судалгаа хийсэн. Өнгөрсөн онд НХХЯ-тай хамтраад олон удаагийн хөдөлмөрийн үзэсгэлэн зохион байгуулсан хэдий ч иргэдийн ажилд орсон байдал нь маш бага хувьтай байна. Тиймээс төвөөр дамжуулан иргэдийг ажил олгогчтой холбож өгөх, ажил олгогч, хайгч хоёрыг нэг цэгт төвлөрүүлэх, уулзуулах зорилготой” хэмээлээ.

Нээлтийн үеэр Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, бүлгийн сургалт зохион байгуулах /СV хэрхэн бөглөх, Ажлын ярилцлаганд хэрхэн бэлдэх талаар/, гарааны бизнесээ хэрхэн удирдах талаар зөвлөгөө өгөх, ажил олгогч байгууллагын хүний нөөцийн менежерүүд ажил хайгч иргэдтэй ажлын ярилцлага хийж шууд ажлын байраар хангах зэрэг үйлчилгээг үзүүллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.