|

“АЛТАН ХУРГА”-НЫ ЭЗНИЙ ШАГНАЛЫН ХАМТ АНХНЫ ТӨЛИЙН ДУУ ЦАНГИНАЛАА

“АЛТАН ХУРГА”-НЫ ЭЗНИЙ ШАГНАЛЫН ХАМТ АНХНЫ ТӨЛИЙН ДУУ ЦАНГИНАЛААДархан-Уул /МОНЦАМЭ/.МҮОНРТ-ээс цагаан сарын босгон дээр "Алтан төл”-ийн эздийг тодруулдаг уламжлалтай. Таван хошуу сүргээ өсгөж арвижуулсан малчдад олгодог энэхүү шагналаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар багийн малчин Жигдэнгийн Ганхуяг тодорчээ.

Алтан хурганы эзний шагналыг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Б.Баттөмөр, Б.Жавхлан болон аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй ажлын хэсэг гардуулан өглөө.

Жигдэн овогтой Ганхуяг нь 1996 оноос эхлэн мал маллаж, сүүлийн 21 жил тогтвор суурьшилтай малаа өсгөн, ашиг шимийг дээшлүүлж, нутгийн шилмэл омгийн малыг өсгөн үржүүлж байна.

Ж.Ганхуяг нь нэг малаас авах түүхий эд болон ашиг шимийг байнга нэмэгдүүлж жилд дунджаар 60-75 кг ноолуур бэлтгэж, хонины амьдын жинг дунджаар 57-59 кг-д хүргэж, 100 эхээс 101-102,5 хувиар төлөө бойжуулж, мал өвөлжилт, төл хүлээн авах бэлтгэлээ өөрийн хүчээр бүрэн хангаж хэвшсэн малчин ажээ.

Алтан хурганы шагнал нь чулуун суурин дээр алтадмал хурганы дүрсийг товойлгосон цом, энгэрийн тэмдгийн хамт ирдэг аж. Шагналаа гардаж авсан энэ билэгт сайн энэ өдөр Ж.Ганхуягийнх анхны төлөө хүлээн авчээ.