|

ҮҮРЭГ НЬ ТООСОНД ДАРАГДСАН НАМРЫН ЧУУЛГАН

ҮҮРЭГ НЬ ТООСОНД ДАРАГДСАН НАМРЫН ЧУУЛГАН

 

Манай улсад хууль тогтоох эрх бүхий Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гэсэн гурван төв бий. Хуулиар дамжуулж иргэний хүнлэг, өв тэгш нийгмийг бүрдүүлэхийг зорьдог. Гэвч өнгөрсөн намрын чуулганы тайланг нь харж байхад хэлэлцэхгүй бол УИХ тарах хуулийн заалттай Төсвийн хууль баталснаа онцлон дурдсан байна. Үүн дээр халамжийн хуулиудыг хасах юм бол өмнөх хаврын чуулганаас дамжиж ирсэн Төрийн албаны тухай хууль зэрэг нь нэмэгджээ. Өнгөрсөн онд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч маань нэг ч хууль санаачлалгүй явсаар нэгдүгээр оноо өнгөрөөлөө. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсны дараа шинээр байгуулагдсан Засгийн газраас өмнө оруулсан хуулиудыг татаж авч бага сага өөрчлөлт хийгээд буцаав. Өмнөх Засгийн газраа огцруулсан, шинийг сонгох шаардлагын өмнө ирсэн. Шинэ нь нөгөөх Засгийн газрын хуулиудыг татаж авч өөртөө тохируулахаар болсон зэрэг нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн үү. 


Намрын чуулганы сүүлийн хэдэн хуралдаан эл хуль байв. Хууль тогтоох дээд байгууллага мөн гэж Үндсэн хуулиндаа тунхаглуулсан УИХ-ын гишүүд дэндүү идэвхгүй байлаа. Сөрөг хүчин сөрөхийн тулд л сууж буй мэт аяглаж байна. Аль нэг хуульд оруулахаар өгсөн ганц нэг зарчмын зөрүүтэй саналыг нь олонх унагаах төдийд халирч хууль санаачлахаас ухраад байгаа юм биш биз. МАН-ын 65-ын бүлэг ч олдохоороо өлдөхийн үлгэрийг үзүүллээ. Оффшор, халамж, төсөв гэх мэт олон нийтээс оноо авч болох хуулийн хэлэлцүүлэг дээр л үзэгдээд бусад цагт кнопоо үлдээгээд явчихдаг гишүүд байна. Чуулганы танхим цөөхөн гишүүдтэй байдаг болсон тул парламент сурвалжлах эрх­тэй хэвлэл мэдээллийн бай­­гуул­лагуудын зурагчин, зураглаачдыг танхим арай гайгүй хүнтэй үед бөөнөөр нь хоёр минут оруулаад гаргадаг болчихсон. Төрийн ордон, чуулганы үйл ажиллагаатай танилцах иргэдийн төлөөлөл танхимын орж ирээд гишүүдийг тоолоод "Ийм цөөхүүлээ суудаг юм уу”, "Хоосон суудал ямар их байна вэ” гэж ярилцаад гарч байгаа шүү. Хууль батлах үед өрөө рүүгээ эсвэл бүр гараад явчихсан гишүүдээс болж хуулийн төсөл батлагдахгүй унаж байгааг юу гэхэв. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа гишүүдээ идэвхжүүлж, хариуц­лагажуулах талаар хууль санаачилсан юм билээ. Түүнийг нь хаврын чуулганаар хэлэлцэхээр оруулсан байна. Чуулганы идэвх энэ хэвээрээ байвал батлагдах эсэх нь эргэлзээтэй л байх. Ер нь тэгээд чуулганы хуралдаанд Архангайн Ё.Баатарбилэг, Баян­хонгорын М.Билэгт, Өвөр­хангайн Д.Тогтохсүрэн, Өмнөговийн Н.Амарзаяа нар л яс сууж харагддаг. Баян-Өлгийн Х.Баделхан гишүүн хурал тасал­даггүй байсан ч сайд болсноосоо хойш цалгардуулж эхэлсэн. Үүнийг ажлын ачаалалтай нь уяж ойлгож болох юм. Түүнээс "Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн үнэнийг шаардаад байгаа, оффшорчингуудыг нэг нүдээрээ ч харж чаддаггүй, аливаа асуудлаар лобби бүлэг байгуулаад дэвж яваа залуу эрч хүчтэй, хуучин туршлагатай шударга гишүүдийн сандал ханхайж л харагдах юм байна шүү дээ. 
Гэтэл одоо чуулгандаа санаачилгатай оролцоогүй, хууль боловсруулах, хэлэлцэх, батлах процессоос зугтаж байсан зарим гишүүд тойрогтоо очоод сав суулга, гурил будаа тараагаад явж байна. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсон депутат худаг гаргах биш хууль тогтоох ёстойг хэдий болтол иргэдээсээ нуух гээд байгаа юм бэ. Тойрог бүрт бүр баг болгонд байдаг Засаг даргын үүрэг тэгвэл юу юм бэ. Өөрсдийнхөө жинхэнэ үүргийг яагаад сурталчлахгүй байна вэ. Үүний чинь харгайгаар нийгэм явцуурч, иргэд ядуурч, хуулийн хийдэл ихэсч, баян хоосны ялгаа алсарч, аргаа барсан иргэд чинь баталгаагүй, эх сурвалжгүй мэдээлэлд умбан уурсаж явна. Наад зах нь саяхан чуулганаар уул уурхайн лиценз шилжүүлэхийг татвартай болгох хуулийн төсөл орж ирсэн. Тэгвэл 1997 оноос хойш өөрчлөгдөөгүй байгаа газрынхаа татварыг өндөрсгөх хуулийн төсөл яагаад орж ирсэнгүй вэ. Олгогдсон лицензүүд гээд Монгол Улсын газрын зургийг тарлан болтол зурчихсан аймаар зураг тэр дороо л алга болно биз дээ. Татваргүй сул болохоор л лицензүүд нь цүнхнээс цүнх дамжаад явж байна. 
УИХ-ын гишүүн Б.Наранхүү чуулганы хуралдаан тасалдгаа­раа зартай. Түүнийг ажлаа хийсэн­гүй гэж хэсэг хуульчид Үндсэн хуулийн цэцэд ч хандаж үзлээ. Цэц яахав ард түмний сонголтоор сонгуулиар гарч ирсэн тул эгүүлэн татах боломжгүй гэж үзсэн байх. Ер нь тэгээд хуулийн манаач болохоос цаазлагч нь биш болохоор Үндсэн хуульд үгчлэн заагаагүй бол Цэц өөрөөр шийдэх боломжгүй. Тэгвэл АН-ынхан хэвлэл харахаараа "Уг нь буруу л даа” гээд явахынхаа оронд энэ хүндээ хариуцлага тооцож, шахаж шаард л даа. Мөн суун тасалж байгаа гишүүдээ ч МАН анхаарах цаг нь болсон. Баян-Өлгий аймгаас сонгогдсон Г.Солтан гишүүний хэлсэн үг гэж байна уу. Муу хэлүүлээд байгаа Б.Наранхүүгээс ямар ялгаатай юм бэ. 
Ард түмнээс сонгогдсон шинэ Ерөнхийлөгч маань ганц ч хууль санаачилсангүй. Сураг ажигаар тавьсан гурван удаагийн хоригийг нь УИХ хүлээж аваагүй. Одоо Ерөнхийлөгч улс орноо тойрч урвагч, шарвагчдыг муулуулж яваа. Хариуцлага тооцох, шахаж шаардах гэдэг нь чуулганы хуралдаанд үг хэлчихээд асуул­тад хариулалгүй гараад явчихыг хэлдэггүй. Зарчмын хувьд ярилцаж, хууль санаачилж, албан ёсоор ажил хэрэгчээр хандахын нэр юм. Гэвч хамгийн сүүлд Булган аймгийн иргэдтэй уулзахдаа "Төмөр замын ажлыг эхлүүлэх сонирхолгүй бүлэглэл байдаг. Энэ бүлэглэл Монголын баялгийг хил давуулж зараад олсон орлогоо гадны дансанд нуугаад байгаа хүмүүс. Энэ нэгэнт ил болсон зүйл шүү. Үүнийг илрүүлнэ” гэж ярьсан байна. Үнэхээр мэдээд байгаа юм бол зарла л даа. Эдийн засгийн хямралтай, иргэдийн амьдрал зутруухан байхад эв нэгдлийг илэрхийлэгч маань хагалан бутаргах аяс цухалзуулж яах гэсэн юм. Нөгөө өмнөх оффшорчид, Монголын газрын баялгийг завшсан гэх 30 гэр бүл хаана байна. Сонгууль дуусаад хэчнээн сар өнгөрчихлөө. Хэв маягаасаа гарахгүй бол хий хоосон үгтэй хүн болж түүхэнд үлдэх нь. Ерөнхийлөгчийн санаачилсан гэх хууль хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлахад ч харагдаагүй. Дахиад нэг оныг хууль санаачлалгүй өнгөрүүлэх юм биш биз. Төрийн дээд алба бол нутаг усныхандаа сайхан харагдах, бусдаасаа илүү нэр төртэй гэдгээ батлах нэрийн хуудас биш. Хариуцлагатай, хариуцлага алдвал харамсмаар үр дагавартай ажил. Тиймээс одоо үндсэн ажлаа хийхгүй бол эрхэм түшээдийн үүрэг тоосонд дарагдлаа. Бүр харамсалтай нь бид хорвоо ертөнцийн хөгжлийн хойно тоосонд дарагдаад үлдэх нь байна шүү. 

 

Ж:БАЯРСАЙХАН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/