|

Англичууд Монголчуудын талаар ингэж бичжээ

 

Англичууд Монголчуудын талаар ингэж бичжээ"The Guardian" бол 1959 оноос хойш хэвлэгдэж буй Английн өдөр тутмын сонин юм. Цахим хэлбэрийн сонин долоо хоног тутам шинэчлэгддэг бөгөөд Америк, Австрали гэсэн олон улсын цахим хуудастай алдартай сонин билээ. Тэгвэл тус сонинд Монгол улсын талаар, ялангуяа хөдөө, хотын шилжилт хөдөлгөөн, малчдын ахуй амьдралын талаар юу бичсэнийг хамтдаа сонирхъё. 

1

 

Пүрэвийн Алтансүхийн гэрт малчин айлын тоног хэрэгсэл нүднээ илхэн байна. Хаяанд нь морины эмээл, ногт, хазаар, үүдний хажууд сүүний хувин байгааг хараад хүнд гэрийн гадаа Монголын хөдөө хээр талд үхэр мал, адуун сүрэг нь өвс хазлан бэлчээрлэж яваа гэж бодогдмоор...

Гэхдээ тийм биш. Алтансүхийн сүүний хувин хоосорч, эмээл тохож хөл дүүжлэх унаагүй болжээ. Адуу мал нь үрэгдэж, нэгэн цагт онгон байгальд цэвцийж байсан гэр нь Монголын нийслэл Улаанбаатар хотод төмөр багана, хуучин машинуудын дунд тоос шороонд дарагджээ. Хэдэн жилийн өмнөх зуднаар хамаг малаа алдсан Алтансүх амь зуухын тулд эхнэр 4 хүүхдийн хамт хотод ирсэн аж.

Пүрэвийн Алтансүх эхнэр Сайнжаргалын Нармандах болон хоёр хүүтэйгээ Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг дэх гэр хороолол дахь гэртээ байгаа нь энэ юм.

 

2

 

"Манайх мал хуйгүй болсоон. 40 үхэртэй байснаас 39 нь цаснаар алга болж, 300 шахам хонио алдсан. Өглөө босоод ирсэн хонинууд маань осгочихсон байсан. Бидэнд юу ч байхгүй болсон болохоор Улаанбаатар явъя гэж шийдсэн юм" хэмээн 38 настай Алтансүх хүүрнэлээ. 

Улаанбаатар хотыг дээрээс нь харвал төв хэсгээр нь олон тооны тэнгэр баганадсан барилга, Зөвлөлтийн үеийн орон сууцнууд, харин захаар нь хот төлөвлөлтөнд ороогүй мянга мянган гэр үзэгдэнэ. 

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Алтансүх шиг 600000 малчин нийслэл хот руугаа ирж суурьшжээ. Нийт иргэдийн 20 орчим хувь нь Улаанбаатарт шилжин амьдрах болсноор хотын хүн ам хоёр дахин нэмэгдэж, нягтрал ихэссэн аж. 

Сүүлийн 30 жилд хүн ам огцом нэмэгдэж, тэлснээр барилга хот байгуулалтын хувьд томоохон хүндрэл учраад байгаа юм. 

 

3

 

"Save the Children" гэх ядуу өрх айлын хүхдүүдэд тусламж үзүүлдэг байгууллагын төслийн удирдагч Мицуаки Тоёода (Mitsuaki Toyoda) "Би 1998 онд Монголд ирсэн. Тэр үед Улаанбаатарын зарим хэсэг хов хоосон байсан юм. Гэхдээ жил ирэх тусам энэ зай үгүй болсоор байна" гэж ярьжээ. 

Үүний шалтгааныг дэлхийн дулааралтай холбон тайлбарлаж болох юм. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд дэлхийн дундаж хэм 0.85-аар өссөн бол Монголынх 2.07 хэмээр өсчээ. Тиймээс Монголын цаг агаарын байдал хурцдаж, өвөлдөө цочир хүйтрэн, зундаа ган гачиг болох нь ихэссэн аж.  

Гантай зун өвс ногоо бага ургадаг. Гэтэл зуднаар мал сүрэгт их хэмжээний хүнс тэжээл хэрэг болдог билээ. 1999,2009 оны зуднаар 8-10 сая тооны мал хорогдсон гэнэ. 

Монголчуудын 1/3 нь мал аж ахуй эрхлэн амьдардаг бөгөөд нүүдлийн мал ахуй нь тус улсын хувьд бэлгэ тэмдэг нь болсоор ирсэн юм. Гэвч хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөнөөс болоод энэ уламжлал нь аюулд ороод байгаа билээ. 

 

4

 

Бэгзсүрэн 1956 оноос эхлэн мал маллаж эхэлсэн бөгөөд одоог хүртэл 9 хүүхдийнхээ хамтаар малаа бараадан Улаанбаатар хотоос 600 км зайтай говьд амьдардаг аж. Тэр нийт 3800 малтай тул тус нутагтаа олон малтайд тооцогддог. 

Энэ олон жил мал маллах хугацаандаа Бэгзсүрэн байгалийн өөрчлөлтийг ихээхэн мэдэрч байгаа аж. Газар нутаг нь цөлжиж, өвс урьдынх шигээ өндөр, шигүү ургахаа больж, хур бороо багасч, гол горхи ширгэсэн гэнэ. 

Зөвлөлт Холбоот Улс задран унах хүртэл Монгол коммунист засаглалтай байсан тул мал аж ахуйг төрөөс зохицуулдаг байв. Мал нэгдлийн мэдэлд, засгийн газар малчдад мал сүрэг оноон маллуулна. Хамгийн чухал нь өвөл хүнд хэцүү болвол засгийн газраас өвс тэжээлээр хангадаг байсан юм.

Бэгзсүрэн: "Социалист нийгмийн үед бүх юм зохион байгуулалттай байсан. Айл бүрт өвс тэжээл өгдөг, өвлийн бэлтгэл ч сайн байлаа" гэж дурсаж байлаа.

 

5

 

Харин 1990 онд коммунизмаас зах зээлийн нийгэмд шилжиж, малчид хүссэн тооны малтай болж, хүссэн газраа амьдрах болов. Коммунизмын үед малын тоо хатуу чанд хяналтанд байж 20 саяас хэтрээгүй бол 1999 онд 33 сая, энэ зун 70 сая болтлоо өсчээ. 

Гэхдээ улсаас хангамж өгөхөө больсон тул малчид зудтай бие даан нүүр тулж, хувийн аж ахуйтан болсныхоо хувьд ашигтай ажиллахын тулд зах зээлд ойртох хэрэгтэй болсны зэрэгцээ малын тоо толгой өсөхийн хэрээр бэлчээр хүрэлцээгүй болж иржээ. Харин улс төр, нийгмийн байдал өөрчлөгдөн, Монголчуудад дээрх бэрхшээлүүдийг шийдэхэд хүнд болсон тул малчид Улаанбаатар руу нүүх нь ихэссэн аж. 

Коммунизмын үед малчид зөвхөн бэлчээрээ даган нүүхээс бус хотод суурьших эрхгүй байсан бол 1990 оноос хойш малчид аж ахуйгаа орхих эсэх нь чөлөөтэй болсон юм. Тиймээс ганц зудаас болсон ч юм биш, хүүхдийнхээ боловсролд анхаарах үүднээс төв газар бараадах болсон аж. 

 

6

 

Сүхбаатар аймгийн нутгийн удирдлага цаг агаарын байдал сүүлийн хэдэн жил маш их дордсон гэж мэдэгдэж байгаа юм. Бямбадоржийн Амарсанаа: "7-р сар болж байхад өвс ногоо хамаагүй ногоон, өндөр ургасан байх ёстой ч, маш богино дээрээс нь гандуу өнгөтэй байна" гэж хэлээд бидэнд харуулав. 

Ойр орчимд нь малын сэг зэм харагдана. Өнгөрсөн жилийн зуднаар сая гаруй мал үрэгдсэн бөгөөд Монголын зүүн өмнө хэсэгт хамгийн хүнд тусчээ. Нутгийн мал 10 орчим хувиар хорогдож, зарим айл бүр нэг ч тооны малгүй болсон аж. 

Гэхдээ Сүхбаатар аймгийнхан хот руу шилжих нь тун цөөн байдаг. Учир нь Улаанбаатарт шилжин ирэгсдийн ихэнх нь баруун аймгуудаас ирснээс гадна засгийн газар болон гадны тусламжийн байгууллагууд Сүхбаатар аймагт илүүтэй анхаарал хандуулдаг ажээ. 

"Save the Children" Сүхбаатар аймагт идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд малгүй болсон олон айлд өвлийг өнтэй давсан малчдын малыг үнэ тохирон худалдан авч өгчээ. Энэ хөтөлбөр нь хэдийн хот руу нүүгээд байсан айлуудад ихээхэн тус болж, буцаад аймагтаа ирж суурьшсан аж. Амарсанаа: "Малчдын дахин малтай болговол бид буцаж очмоор байна гэж олон хүн бидэнд санал ирүүлсэн" гэж ярив. 

Дээрээс нь сургуулиас хол, алслагдсан нутагт амьдардаг айлын хүүхдүүдийг гэрийн боловсролд хамруулах хөтөлбөр боловсруулж байгаа аж. 2017 онд дуусах тус хөтөлбөрийн хүрээнд ажиллаж байгаа номын санч Мягмаржавын Жавзандулам: "Ингэвэл хүүхдүүд гэртээ амьдарч, хаашаа ч нүүх шаардлагагүй жирийн амьдралаар амьдрах боломжтой. Хөтөлбөр дуусч байгаад би тун их харамсаж байна. Малчдад их тустай байсан юм. Хот руу нүүх хөдөлгөөн ч багасах байлаа" гэж өгүүлжээ.

 

7

 

Гэсэн ч хөдөөнөөс хот руу шилжигсэд багаслаа ч, одоо байгаа суурьшигчдаасаа болоод нийслэл хот ачааллаа даахаа больж, дэд бүтцийн хувьд олон бэрхшээлтэй тулгараад байгаа юм. Шилжигсдийн тал орчим хувь нь хотын захад амьдарч, олон төрлийн үйлчилгээндээ хүрч чадахгүй суугаа ажээ. 

Алтансүхийн амьдардаг газар ус, цахилгаан, бохир ус, дулааны асуудал тун хүндрэлтэй байдаг бөгөөд өвөлдөө даарахгүйн тулд шилжин ирэгсэд юу ч хамаагүй түлдэг тул агаарын бохирдол нь Дели хотоос ч их болсон байна.

Хөдөөнөөс шилжин ирэгсдэд хот зохион байгуулалтгүй, дэндүү нягт шигүү санагддагаас гадна хүмүүс нь мөнгөнөөс өөр юм боддоггүй юм шиг бодогддог гэнэ. Хөдөө малынхаа үр шимээр хооллочихдог бол хотод бүх зүйлийг өөр хүнээс худалдаж авах шаардлагатай байдаг. 

Алтансүхийн эхнэр Нармандах: "Малчид мөнгө зарлагаддаггүй. Мал сүрэг маань бидэнд хэрэгтэй бүхнийг өгдөг. Гэтэл хотод автобус унаа, хүүхдийн сурах бичиг гээд л бүх зүйлд мөнгө төлөх шаардлагатай. Энд байх их хачин. Бид нар энэ жижигхэн газрыг авахын тулд маш их мөнгө төлсөн. Хөдөө бол хэнд ч, юунд ч мөнгө төлөхгүйгээр асар уудам газар нутаг эзэмшиж болдог" хэмээн өгүүлэв. 

Тэдний хийж чаддаг бүхэн хотод тохирдоггүй тул ажил олоход хүндрэлтэй байдгийн зэрэгцээ хүүхдүүдийнхээ боловсролд зарцуулах мөнгө төлбөр тун хүнд тусдаг гэнэ. Сургуулийн багш нар нь тун цаг зав багатай, өдөрт 3 ээлжээр хичээллэдэг ажээ. 

 

8

 

"Save the Children" төслийн ажилтан Тоёода: "Хэдэн сургууль нэмж баригдсан. Гэхдээ л хүрэлцээгүй байна. Дээрээс нь дунд боловсролтой, ажлын туршлагагүй хөдөөний хүн хотод ирээд олигтой ажилд орж чадахгүй шүү дээ. Харин аятайхан ажилд орж чадахгүй бол банкны зээлд хамрагдаж чадахгүй. Ингээд л орон сууц худалдаж авч чадахгүй. Тэгэхээр эхний ээлжинд хотод суурьшигсад насан туршдаа гэр хороололд амьдрахаас өөр замгүй болчихоод байгаа юм" гэж ярьжээ. 

 

Тус нийтлэл "The Guardian" цахим хуудсанд "Нүүдэлчид устлаа. Монголын малчид яагаад хот руу нүүж байна вэ?" нэртэйгээр бичигдсэн бөгөөд Патрик Кингсли (Patrick Kingsley) сурвалжилж, Дэвид Левин (David Levene) гэрэл зургуудыг авчээ. 

Сүүлийн үед Улаанбаатарын хүн ам эрс ихсэж, замын түгжрэл, утаа гээд л иргэдийг бухимдуулах зүйл багагүй гарч байгаа билээ. Үүнээс болж өөрсдийгөө хотын иргэд гэж тооцдог хүмүүсийн дунд хөдөөнийхөн ирснээс ийм зүйл болж байна, хөдөөнийхөн хөдөөнөө байвал таарна гэх маягийн хандлага ил, далдаар мэр сэр цухалзах болсон. Ялангуяа хөдөө гарч уушги дүүрэн амьсгал авч үзээгүй, өглөө болгон шинэхэн өрөм, ааруул амсаж үзээгүй, өсвөр насныхан, залуучууд хөдөөнийхөн гэхээр нийгмийн доод давхаргынхан аятай үзэж, элдвээр хэлдэг болсон нь харамсалтай. Ээж аав нь хотод төрсөн гэхээр хотын хүн болчихсон мэт санаж, гэдэс арилгаж, ховоо татаж байгаагүйсээ ичих нь бүү хэл, бахархан суудаг хойч үеийнхнээ харахад мал аж ахуй хичнээн чухлыг, нүүдэлчин соёл иргэншил маань хичнээн их үнэ цэнэтэйг огтхон ч ухаарахгүй явааг бэлхнээ ойлгож болох юм.

Дэлхий дахин даяаршин хөгжиж байгаа энэ үед Монгол улс маань цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд хотжилт, суурин соёл иргэншлээ ч мөн дорд үзэж, хаяж гээж болохгүй. Үнэндээ Монгол улс маань хөгжиж буй улс. Суурин иргэншилд ч шилжээд удаагүй, залуугаараа байгаа тул сурах зүйл асар их байна. Гэхдээ хөгжлөө, дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байна гээд нүүдлийн соёл иргэншил хэмээх том өв соёлоо шуудхан үр үндэсгүй тасдаад хаячихаж боломгүй. Үнэхээр тийм шаардлага тулгарах юм бол урьдаар аж үйлдвэржилт, хүн амын боловсрол, дэд бүтцийн асуудлуудаа бүрэн шийдэх хэрэгтэй билээ. 

Эцэст нь хэлэхэд дээрх нийтлэлээрээ бид хэнийг ч буруутгах гэсэнгүй, бас алагчилж үзэх гэсэнгүй. Дэлхийн тавцанд гарсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр бидний тухай ингэж бичсэн байна гэдгийг л уншигч танд хүргэж байгаа төдий. Та бүхэн дор бүрнээ нэгийг тунгаана биз ээ.