|

Э.Пүрэвжав: Дэлхий дээрх 10 сая Монгол туургатны 6 сая нь Монголоороо ярьж бичдэг

 Э.Пүрэвжав: Дэлхий дээрх 10 сая Монгол туургатны 6 сая нь Монголоороо ярьж бичдэг
Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжпэлийн салбарын эрхлэгч, хэл бичгийн ухааны доктор Э.Пүрэвжавтай ярилцснаа уншигч танд хүргэе. ЮНЕСКО-гоос жил бүрийн хоёрдугаар сарын 21-ний өдрийг "Олон улсын эх хэлний өдөр” болгон зарласан байдгийг энэ дашрамд дуулгая.
 
Юуны өмнө танд сар шинийн мэнд дэвшүүлье.
 
-Баярлалаа. Танай сонины хамт олон болон нийт уншигчдад XVII жарны "Тийн унжлагат” хэмээх эзэндээ ээлтэй нөхөрсөг шар нохой жилийн сар шинийн мэндийг
өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
 
Өнөөдөр эх хэлний өдөр тохиож байна. Тийм ч учраас эх хэлний эргэн тойрон дахь зарим асуудлаар тантай ярилцахыг зорьсон юм.
 
-Бололгүй яах вэ. Таны асуултад хариулах цаг гаргахаас татгалзах зүйл алга аа.
 
Баярлалаа.Эхлээд эх хэлнийхээ хэрэглээний талаар лавлан асууя. Өөрөөр хэлбэл, Монгол хэлийг өдөр тутамдаа хэрэглэдэг Монгол туургатан хичнээн байдаг талаар тодорхой баримт судалгаа бий байх?
 
-Бий бий. Дэлхийн хэмжээнд 10 сая орчим Монгол туургатан амьдардаг төдийгүй, эдгээрээс зургаан сая гаруй нь Монголоороо чөлөөтэй ярьж, бичдэг гэсэн баримт судалгаа байдаг. Гэхдээ Монгол хэл мөхөж байна, эх хэлний хэрэглээ хомсдож байна, гадаад үг их хэрэглэгддэг болж гэдэг байдпаар ханддаг хүмүүс бас бий. Үнэн чанартаа Монгол хэлний нөөц боломж хангалттай гэж би боддог. Гагцхүү тухайн хүн тэр их савнаас хэр хэмжээгээр хутган авч чадаж байна вэ гэдгээс өнөөдрийн бидний хэлний хэрэглээ хамаарах болж.
 
Бид асар их үгийн баялагтай ард түмэн гэж омогших нь бий. Гэтэл гадаад үг хэллэг бидний хэрэглээнд харьцангуй олноор нэвтрэх болж. Үүнийг эх хэлний дархлаанд нөлөөлөөд байгаа гол асуудал гэж ойлгодог шүү дээ.
 
-Монгол хэлний тухай хуульд зааснаар Монгол хэлэнд хөрвүүлэх боломжтой гадаад үгийг заавал хөрвүүлж, эх хэлээрээ хэрэглэх ёстой гэсэн байдаг. Гэтэл дэлхий дахинаараа  даяаршиж  байгаа өнөө үед гадаад үгийг Монголчлохгүй, тэр маягаар нь хэрэглэх хандлага ажиглагдаж байна. Монгол, гадаадаар хослуулан хэрэглээд аль амь бөхтэй нь, эсвэл хүмүүсийн хэрэглээнд ойрхон нь үлдэнэ гэсэн хандлага байж болохгүй. Анхнаасаа Монгол хэлэнд хөрвүүлж, хатуу тогтоож журамлаж өгөхгүй бол хэлний бодлогын мөн чанарт нөлөөлнө. Гэхдээ орчин үеийн техник технологи, анагаах ухаан, физик, хими гэсэн олон улсын нэр томъёо өргөн хэрэглэгддэг шинжлэх ухааны салбаруудад гадаад нэр томъёо, гадаад үг харьцангуй элбэг тохиолддог. Харин нийгмийн ухаан юм уу, Монгол хэлний өөрийнх нь судалгааны хүрээнд гадаад үг маш бага байдаг. Ялангуяа, Монгол угсаатны судлал, Монголын түүх зэрэг судалгааны түвшинд үндэстэн ястны оноосон нэр байж болох ч, энгийн хэрэглээний хувьд гадаад үг тун ховор. 1990- ээд оны судалгаагаар Монгол хэлний нийт үгийн сангийн бүрэлдэхүүний 11-12 хувь нь гадаад үг байсан. Миний барагцаагаар өнөөдөр гадаад үгийн хэрэглээ 15-16 орчим хувиас хэтрээгүй.
 
Хэдийгээр Монгол хэлний тухай хуульд гадаад үгийг эх хэл рүүгээ хөрвүүлж хэрэглэх ёстой гэж заасан байдаг ч бодит амьдралд хэрэгжихгүй нь жин дарах болж. Бидний байнгын хэрэглээ болсон цахим орчинд л гэхэд Фэйсбүүк, твитер, чат, мэйл гэх зэргээр дандаа харь үг байх жишээтэй...
 
Дээр дурдсанчлан даяаршлын эрин зуунаа дагаад Монголчууд дэлхий дахинаа тархан суурьшсан өнөө үед энэ мэтчилэн гадаад үг, хэллэг Монгол хэлний дүрэм журам, хэлний бодлого ярихаас өмнө нийтийн хэрэглээнд нь орчихдог талтай. Яг таны энэ жишээн дээр хэлэхэд твитер гэдгийг жиргээ гээд Монголчилчихсон ч нийтээр энэ хувилбарыг төдийлөн хэрэглэхгүй байгаа нь анзаарагддаг. Нэгэнт хэрэглээнд орчихсон үгийг солих хэцүү гэдгийг эндээс харж болно. Ер нь гадаад үгийг монгол ахуйд буулгаж, монгол хэлэнд хөрвүүлэх нь XX зууны эхнээс уламжпагдсан зүйл шүүдээ. Тухайлбал, "Чийчаан” гэдэг хятад үгийг "машин” гээд хөрвүүлчихсэн байх жишээтэй. Түүх сөхвөл гадаад үгийг монголчлох, монгол галигаар бичиж тэмдэглэх нь эртний уламжлалтай.
 
Монгол үг хэллэг, Монгол ахуй мөн чанараа хадгалах тухай асуудал нь өнөөгийн нийгмийн орчинтой шууд хамаатай юм шиг санагддаг. Хөдөө төрж өссөн хүүхэд гэхэд л таван хошуу малыг нас, зүс, өнгөөр нь нэрлэж чаддаг байхад суурин газрын хүүхдүүд тийм биш...
 
-Үнэндээ тийм, нийгмийн орчин нөлөө шууд хамаатай. Өнөөдөр өвөрмөц хэллэг, хэлц үг, түргэн хэллэг, оньсого таавар гэх мэт Монгол ахуйг хадгалсан эдгээр утга төгс үг хэллэгийг утга төгс байдлаар нь мэддэг, ухаж ойлгосон хүүхэд хэр олон байна вэ. Ялангуяа суурин иргэншилтэй газар. Суурин газар амьдардаг хүмүүсийн хүүхдүүд монгол ахуй, монгол зан заншлаасаа хэтэрхий хөндийрөн холдож, компьютер, цахим ертөнцөд чөлөөт цагаа өнгөрөөх болсноор уламжлалаа бага мэддэг боллоо. Энэ бол хүүхдүүдийн буруу биш. Уг асуудлыг эрхэлдэг төрийн байгууллага, сурган хүмүүжүүлэгч, бас аав, ээжийн хариуцлагын асуудал. Ингээд бодохоор Монголчууд эрт дээр үеэсээ ямар агуу ухаанаар хүүхдийг хүмүүжүүлдэг байсны тод жишээ харагдаж байгаа юм. Таван хошуу малыг өнгө зүс, нас шүд, хэлбэр галбир, эр эм хүйсээр нь ялгаж нэрлэдэг улс манайхаас өөр хаана ч бараг байхгүй. Хоёр настай адуу л гэхээс даага гэж хэлэхгүй, таван настай тэмээ гэхээс тайлаг гэж нэрлэдэггүй л байхгүй юу. Ингээд бодохоор та бидний хэл ямар гайхамшигтай нь харагдаж байгаа юм. Гэтэл өнөөдөр мал агтлах гэдгийг хүүхдүүдээс асуувал мэдэх үү, үгүй юу? Ботгон нүдтэй гэвэл бас ойлгох уу, үгүй юу гээд асуудалтай. Манай ахмадууд "Тавхан үгнээсээ танигдана" гэж ярьдаг нь үнэний ортой яриа шүү.
 
Ихэнх эцэг, эх хүүхдүүдээ аль болох багаас нь гадаад хэлтэй болгох гэж туйлширдаг болж л дээ. Хэдийгээр хэрэглээ боловч эх хэлний дархлаанд сөргөөр нөлөөлөх юм шиг ойлгогддог...
 
-Яах вэ, гадаад хэл хүнд хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ хэзээ сурах вэ гэдэг гогцоо чухал. Энэ дээр хоёр хандлага ажиглагддаг. Нэг нь бүр багаасаа буюу цэцэрлэгийн наснаасаа аль нэгэн хэлийг сурвал сайн сурна, унаган хэлтэй болно гэж үздэг. Гэтэл нөгөө нэг хандлага нь эхлээд эх хэлээ сайтар сурчихаад 12 наснаас дээш буюу биед хүрч байж гадаад хэл үзвэл илүү сайн сурна гэдэг. Эндээс харахад багаас нь хэл сургах хэрэгтэй гэдэг хандлагатай хүмүүс гадаад хэл төгс сурчихсан, гадаад хэлний сургалтын төвтэй хүмүүс байдаг. Гэтэл  монгол хэлний хүрээнийхэн бол 12 наснаас буюу биед хүрч байж гадаад хэл судлах  хэрэгтэй гэж үздэг. Миний  хувьд ч үүнтэй санал нэг. Бүр багадаа сурсан гадаад хэл их амархан мартагддаг. Өдөр тутамд хэрэглээнд байнга оруулахгүй бол шүү дээ. Биед хүрсэн хойноо сураад, хэрэглээнд оруулаад, ашиглаад байхад төдийлөн  амархан мартагдахгүй. Дархлаа гэдгийг би үнэлэмжтэй холбож үздэг. Бид өнөөдөр эх хэлээ хэрхэн үнэлж байна вэ. Аливаа гадаад хэлний шалгалт авахад түвшин тогтоодог олон улсын жишигтэй болчихсон. Тодруулбал, гадаад хэлний ямар түвшний мэдлэгтэй хүн ямар ажил хийх вэ гэх мэтээр ажил албанд хүртэл шалгууртай болж. Гэтэл Монгол хэлний хувьд тийм зүйл огт байдаггүй. МУИС, МУБИС ч юм уу Монгол хэлний багш ажилд авахад мэргэжил гээд Монгол хэлний шалгалт авчихаад, давхар англи хэлний шалгалт авч байх жишээтэй. Энэ чинь явж явж Монгол ахуй, Монгол хэлээ үнэлэхгүй байгаагийн нэг том илрэл шүү дээ.
 
Аливаа хаягжилт, орон сууцны хорооллын нэршил гээд л харь үггүй юм бараг л алга. Энэ мэтээр шүүмжлээд байвал бишгүй л зүйл ярина. Гэхдээ шүүмжлэлтэй өнцгөө түр орхиод танаас Монгол хэлний үсгийн дүрмийн талаар тодруулъя. 1983 онд зохиогдсон Ц.Дамдинсүрэн гуайн "Монгол үсгийн дүрмийн толь”-ийг баримтлана гэсэн "хууль” хүчин төгөлдөр байгаа эсэх талаар тодруулаач?
 
-Хуулиар академич Ц.Дамдинсүрэн гуайн үсгийн дүрмийг баримтлана гээд тодорхой заачихсан байна. Гэтэл энэ дүрмийн толь маань 10 гаруйхан мянган үгтэй. Одоо нийгэмд монгол хэлний өргөн хэрэглээнд 50, 60 мянган үг байнга хэрэглэгдэж байгаа. Тэгэхээр хүн бүр өөрийнхөө ойлголтоор бичих үү, яах вэ гэдэг ойлгомж муутай тал байна. Толинд ороогүй 40 мянган үгийг бүрэн жигдэлж цэгцэлсэн зүйл байхгүй. Гэхдээ одоохон хэлний бодлогын Үндэсний зөвлөлөөс "Монгол хэлний зөв бичих дүрэм”-ийг эмхлэн гаргана. 40 гаруй мянган үгийг оруулаад, нийтээр дагаж мөрдөх баримт гараад ирнэ. Ингэвэл их амар болно.
 
Өргөн олны хэрэглээнд барагцаалбал хэдэн үг байна вэ?
 
-Бодит тоо хэлэхэд эргэлзээтэй. Академич Б.Ринчен гуай нэг сая үгтэй л гэдэг, түм үгтэй л гэдэг. Зарим судлаач долоон сая үгтэй гээд л янз бүр хэлдэг байсан. Хамгийн сүүлд 2008 онд гарсан "Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”- ийн 5 ботид зөвхөн толгой үг нь 80 мянга, бас 250 мянган хэлц, холбоо, хоршоо гэх мэт үг орсон байдаг. Тэгээд бодохоор монгол хэлний үгийн тоо тодорхой биш. Гэхдээ манай хүрээлэнд одоо залуу судлаачид монгол үгийн давтамжийн толь хийж байгаа. Үүний үр дүнд монгол хэл маань төчнөөн үгтэй гэсэн таамаглал гарах байх.
 
Аливаа хэл сэлбэгдэж арвиждаг уу? Өөрөөр хэлбэл, нийгэмд шинэ юмс уээгдэл олноороо гарч ирж байна. Энэ бүхэнд шинэ нэр зайлшгүй хэрэгтэй гэж бодож байна.
 
-Хэл бол царцанги зүйл биш. Үг, нэр томъёо байнга л нэмэгдэж байдаг. Нийгмийн янз бүрийн шинэ үзэгдлүүд, шинэ зүйл бүхэн шинэ нэртэй, шинэ нэршилтэй байх ёстой. Тэгж бодохоор 1924-1980 он хүртэл гарсан нэр томъёог нэгтгээд, бүртгээд үзэхээр 120- иод мянган нэр томъёо гарч байгаа юм. 1980-аад оноос өнөөдөр хуртэл мөн л их бий. Одоо бол тэр тоог гаргахад бэрх. Яагаад гэхээр тухайн үед улсын нэр томъёоны комисс гээд ганцхан газар нэгтгэн гаргаад тэндээс эрх авч, тэнд үзүүлж, тэр комисс баталдаг, шийддэг, хянадаг, буруу зөвийг засдаг байсан. Одоо бол энд хүрээлэн толь гаргана, тэнд нэг хувь судлаач толь гаргана, нэг сургуулийн багш гаргана гэх мэтээр хаа сайгүй бараг л "эрх чөлөөтэй" толь гаргадаг болсон. Нэг талаар хорьж болохгүй ч, нөгөө талаас нийтийн зохицол үнэмшил хамгийн чухал. Аль болох нэг үгийг нэг утгаар нийтээрээ ойлгох хэрэгтэй. Хэлний судалгаанд энгийн хүмүүс буруутан биш буруутнууд болж байна. Хамгийн буруутнууд хэл шинжлэлийнхэн өөрсдөө. Зарим алдар нэртэй хэл шинжээч эрдэмтэд маань академич Ц.Дамдинсүрэн гуайн үсгийн дүрмээс өөрөөр бичээд л ном бүтээлээ гаргачихдаг. Энэ чинь л нийгэмд хоёрдмол сэтгэгдэл төрүүлээд байгаа юм.
 
Ингэхэд ер нь Монгол хэлний судалгаа дэлхий дахинд хэзээнээс эхэлж үүссэн байдаг юм бэ?
 
-Энэ жил нэлээд онцгой жил тохиож байгаа. Эртний Орос орон буюу Казань хотын их сургуульд 1818 онд монгол хэлний танхим анх нээгдсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл, гадны улс орнуудад Монгол хэл заах үндэс суурь тавигдсаны 200 жилийн тэмдэглэлт ой тохиож байгаа юм. Мөн бидний сайн мэддэг "Чингисийн чулууны бичиг”-ийг анх олж илрүүлэн шинжлэх ухааны шинэ нээлт хийсний 200 жил гээд Монгол хэлний судлалд энэ жил нэлээд онцгой түүхэн он болж байгааг энэ дашрамд дуулгая. Ер нь монгол хүн үүссэнтэй зэрэгцээд л монгол хэлний үүсэл бий болсон гэж үзэж таамагладаг. Монгол судалгааны хамгийн анхны, хамгийн том баримт хэрэглэгдэхүүн бол "Монголын нууц товчоо” шүү дээ. Монгол үндэстний анхны түүхт дурсгалын зохиол бөгөөд XIII зууны үед Их Монгол улс мандах цагт монгол орны дотор болсон түүхэн үйл явдлуудыг чухам үнэнээр гаргаж бичсэн учраас түүхийн хосгүй баримт бичиг мөн гэж үздэг. Ингээд бодохоор монгол хэлний судалгаа хамгийн эртний буюу XIII зууны үеэс эхлэлтэй. Бүр тодруулбал, ХШ-ХV зууны үед монгол хэлийг Дорно дахин, Энэтхэг, Түвдийн уламжпалт хэл зүйн ухааныг түшиглэж судалдаг байж. Харин XVIII зууны төгсгөлөөс Европ, Өрнөдийн хэл шинжпэл нь Монголд их нөлөөлсөн байх жишээтэй. Харин саяхнаас буюу 1960-аад оноос монгол уламжпал, монгол хөрсөн дээр нь монгол хэл шинжлэл үүссэн хэмээн бйлгож болно. Үүний баталгаа 1967-1968 оны үед академич Ш.Лувсанвандангийн бичсэн "Монгол хэлний бүтэц” гэдэг суурь судалгааны хоёр боть бүтээл. Энэ бүтээлээрээ Ш.Лувсанвандан гуай тухайн үед монгол хэл шинжлэлийн хүрээнд хамгийн анхны төрийн шагналыг авч байсан нь юутай бахархалтай.
 
Цаг гарган ярилцсанд баярлалаа. 
 
Ахмад Д.МЭНДБАЯР
Эх сурвалж: "Соёмбо сонин"