|

ЭЭЖИЙН ХҮҮ

ЭЭЖИЙН ХҮҮ

 

Дулам авгай үхсэнээс үлдсэн ганц хүүгээ эр цэргийн албанд мордуулаад хэдэн сар болоход санаа зовон байж сууж чадахаа болиод эргэж ирэхээр буцалтгүй шийджээ. Энэ ч тэр ч хүн шинэ цэргийг ингэж ч дэслэж гэнэ, тэгж ч дэглэж гэнэ хэмээн ярилцах нь авгайн сэтгэлийг эмзэглүүлээд салахаа больсон хэрэг. Тэгээд л энд тэнд явж хэрэндээ юм үзэж нүүр хагарсан дүүгээ шалж тулган байж дэм түшиг болгон хамт явахаар тохирлоо. Хөхөө өвлийн хүйтэн хөр цасны хайруу цагт хаа газрын мухар Балжаас нийслэлээр дамжин Зүүнбаян орж хүүгээ эргэнэ гэдэг хань ижилгүй хоцорсон хөдөөх бүрэг тулгуу бүсгүй хүнд амаргүй даваа. Гэвч үхтэл үр хармаас хойш яалтайв дээ.


Элдэв машин автобус, галт тэрэг хүлэглэн бараг долоон хоног явсаар аяншиж ядарсан Дулам авгай Очир дүүтэйгээ цэргийн ангид хүрч ирэв. Ирэнгүүт л хүүгээ сураглавал цэрэг хөвгүүд уралдах нь холгүй гүйлдэн дуудаж өглөө. Мань хоёр ч баярлан "Яасан сайн хөвгүүд вэ. Гэр орноосоо хол арга ч үгүй биз” хэмээн нулимс унагах шахам уярч суух ажгуу. Хүү нь гарч ирэхдээ нэг л халгамдаг агаад самбай даавуугаар баруун чихээ даруулан боожээ. Эхийн сэтгэл хөндүүрлэн "Муу хүү минь яагаа юм бол” гэж зовнингуй уулзаад нулимс дуслуулсаар хоёр хацрыг нь үнсэнгүүт
-Хүү минь! Чих, толгой чинь яачихаа вэ? Хэмээн асуулаа. Хүү ялимгүй түдгэлзэх аядсанаа 
-Зүгээр ээ, ээж! Гэв.
-Юу зүгээр гэж! Чихэнд чинь үү, толгойнд чинь юм гараа юу? Эсвэл хүн хард цохиулж зодуулав уу?
-Яагаа ч үгүй дээ.
-Юу яагаа ч үгүй гэж! Яагаад чих толгойгоо боочихсон юм бэ? Алив үзье!
-Чих өвдөөд өө.
-Яаж өвдсөн юм.
-Зүгээр л.
-Зүгээр зүгээр л гэх юм. Алив наашаа! гээд ээж нь хүүгийнхээ боолтыг тайлахаар завдав. "Ээжид чихээ үзүүлчихвэл хэрэг бишдэнэ” гэж бодсон Батбэх
-Ээж ээ! Гайгүй дээ. Боолт задлаад яах юм бэ! Гэтэл нагац нь хажуунаас
-Юу гэсэн үг вэ! Ээж бид хоёр чинь газрын холоос чамайг л зориод ирж байдаг. Чих толгойны чинь боолттой байгааг харсаар байж яасныг чинь мэдэлгүй юу бодож буцах билээ. Үзүүл үзүүл гэсээр гарцаагүй байдалд оруулжээ. Тэгээд элбэж хамжин байж боолтыг нь тайлбал баруун чих нь алга...
Дулам авгайн нүдийг нулимс бүрхэн юу ч үзэгдэхээ болиод уулга алдан сөхөрч
-Хүү минь! Хөөрхий үр минь! Ай бурхан гончигсүм! Юу гээч болж байна аа. Таминь! хэмээн үглэсээр хоёр нүдний нь нулимс хацраа даган урсч хүүгээ элгэндээ тэврээд зангирсан хахирган дуугаар
-Ийм юм гэж байдаг аа! Муу хүү минь хүний л үр шүү дээ хэмээн гасална. Ийнхүү эгчийнхээ уулга алдан сөхрөхөд Очир юу болов хэмээн сандраад сэрдхийн ажиглавал Батбэхийн баруун чих ортас байхгүй, гөвийсөн барзгар ягаан шарх идээтэн харагдав.
-Пээ! Энэ чинь! гэж өөрийн мэдэлгүй дуу алдаад
-Яах нь энэ вэ? Хурц хутгаар огтлоод авчихсан байна шүү дээ. Ямар гээчийн осол гайд өртөхөөрөө ингэдэг байна аа хэмээн шогширсоор элбэж хамжин боолцлоо.
-Муу хүүг минь алах нь ээ, алах нь! Эр цэргийн албаа гэм зэмгүй, эрүүл саруул хааж явна гэсэн чинь ингэж байдаг вий хэмээн ээжийнхээ шогшрон шогшрон үглэх вий хэмээн ээжийнхээ шогшрон шогшрон үглэх зуур Батбэх "Одоо ч өнгөрлөө. Яана даа. Үнэнээ л хэлэхээс биш дээ” гэж түгшин бодохын хажуугаар яс нь янгинан толгой нь халуу шатах шиг болов.
-Ийм муухай юм бас байдаг аа. Муу хүү минь бүр чөрийтлөө турчихаж. Их л зовж зүдэрч байгаа юм шив дээ хэмээн Дулам авгай үглэн өр зүрх нь шимширсээр нүднийхээ нулимсыг арчих ажээ. Тэгээд эвийлэх шаардахыг хослуулсаар гутал хувцсыг нь тайлуулан хөл гар, бүх биеийг нь үзвэл энд тэндээ хөх няц болсныг хараад
-Үгүй ер! Бас энд! гэж халаглан шогширсноо
-Юу болсон, яасан гэж чамайг бие эрхэтнээс чинь салган тамлаж байдаг хэрэг гэв. Нууж хаалгүй нэгд нэгэнгүй ярь хэмээн тулгалаа. Нагац нь ч дэргэдээс
-Хүү минь чи ийм болчихоод яасныгаа нуух хэрэггүй. Шударга шулуун л байхгүй бол өөрөө ч зовоод өрөөлийг ч өөгшүүлэх хор нөлөөтэй юм. Тэгэх тусмаа ийм жигшүүрт хэргийг нуугаад өнгөрөөж ер болохгүй. Ална тална гэж занаж зүхдэг л биз. Гэхдээ төр түмэн нүдтэй шүү. Чиний өөрийн чинь ч од хийморь гэж байдаг юм. Алив хэрэг явдал хэзээ нэгэн цагт илэрдэг жамтай. Тэр цагт чи ч нууж дарагдуулсан гэмээ наминчилж таарна. Тиймээс юу ч нууж хаалгүй хэл гэж ятгав.
Батбэх доошоо тонгойн толгойгоо илж дуугүй хэсэг сууснаа арай ядан ам нээж дорой дуугаар 
-Үгүй ээ. Юу юм л даа. Манай салаан туслах түрүүч Төмөр тамхи олоод ир гэсэн юм. Би гараад гудамжаар явж байсан нэг өвгөнөөс гуйж тамхи ороосноо авчирч өгсөн. Тэгтэл түрүүч "Чи намайг доромжилж байна уу! Би арай ч ороодог тамхи татах болоогүй. Яваад янжуур олоод ир” гэлээ. "Янжуур надад хаанаас олдохов. Мөнгө төгрөг ч байх биш” гэхэд минь "Чиний зэргийн чацгат ингэж ярих болоогүй” гээд зодсон. Би гарч хэд хэдэн хүнээс янжуур гуйсан боловч олдоогүй. Тамхи татдаг хүн ч тааралдаагүй л дээ.  Буцаж ирээд "Янжуур олдсонгүй” гэж учраа хэлэв. Тэгтэл янжуур татаад хэвтэж байсан түрүүч босч ирээд номхон команд өгснөө халааснаасаа тонгорог гаргаж ирлээ. Би хутгалах нь гэж айгаад ухасхийтэл урдаас минь нэг бага түрүүч тосоод барьж авсан. Би алуулах нь гэж бодоод "Түрүүч ээ, болиоч дээ! Би хүн шүү дээ” гэж хашгирав. Түрүүч инээмсэглэн дөхөж ирснээ нэг гараараа чихнээс минь барингуут нөгөө гардахь хутгаараа огтолчихсон. Тэгээд "энэ удаа нэг чихийг чинь үлдээе” гэх нь сонсогдоод толгой минь чихэн талаасаа халуу шатан янгинасаар цааш юу болсныг мэдээгүй. Нэг мэдэхдээ толгой минь халуу оргин учиргүй өвдөж, орон дээр хэвтсэн байв. Чихээ тэмтэрч үзвэл даавуугаар боожээ. Хажуунаас түрүүчийн дуу сонсогдон "Бос бос! Одоо сувилагчид очоод боолгочих. Харин хүнд хэлсэн байвал толгойг чинь огтолно гэж хэлнэ шүү. Ойлгов уу! За тангарагла” гэлээ. "Би тангараглая” л гэсэн. Тэгээд би эмнэлэгт долоо хоног хэвтсэн юм. Ээж нагац хоёр хүүгийнхээ яриаг сонсоод дотор нь давчдан харуусч сууснаа Дулам авгай
-Яасан хүн төрхөө алдсан барамнууд байдаг юм. Тэнгэр гэсгээгээсэй. Тэгээд миний хүү дарга эмч нартаа юу гэж хэлэв хэмээн эгдүүцэн асуулаа.
-Өөрөө огтолсон л гэсэн.
-Үгүй ер. Тэгээд үнэмшиж байна уу?
-Үнэмшсэн байхаа. Цэргийн албанаас санаатайгаар зайлсхийхийг оролдлоо. Шүүхэд өгнө гэсэн.
-Шүүхэд ий?
-Тийм
-Тэгээд чи бүр орон шоронд орох болж байна уу?
-Тэгэх л байх даа
-Үгүй ээ мөн жигтэйяа. Ганц чамайг л ингэж тамлан зовоов уу? Аль эсвэл...
-Шинэ цэргүүд бараг бүгдээрээ л дэглүүлдэг юм.
-Үгүй ер! Ийм муухай харгис бас шударга бус явдал энэ цагийн цэргийн албанд байдаг юмаа гэж Дулам авгай Очир хоёр зэрэг шахам дуу алдлаа. Тэгснээ ээж нь зориг шулуудсан хүний түс тас зангаар
-Алив Очир! явъя! Ангийн даргатай нь уулзъя. Хүний үрсийг ингэж тамалж байхад юу харж, юу бодож суудаг улс вэ? Тэгсэн хэрнээ жинхэнэ гэмтнийг гэсгээхгүй байж гэмгүйг нь орон шоронд хийнэ гэж байх. Миний хүү эр цэргийн албанд эх орноо хамгаалалцах үүрэг хүлээж татагдсан болохоос хэн нэг хүнээ алдсан барамнуудын загатнасан гарт амь биеэ тамлуулахаар ирээгүй байлтай гээд сэвхийн босов.
Ангийн захирагчийнхаа өрөө рүү явж байхдаа Батбэх
-Ээж ээ! Ээж ээ! Битгий их хэл ам бол л доо. Би гайгүй л байна шүү дээ. Арай ч шоронд хийхгүй биз хэмээн гуйсаар явлаа.
Дулам авгай даргын хаалгыг тогшиж ёсорхсон ч үгүй шуудхан явж ороод мэндлэх төдий болсноо
-Даргаа! Энэ миний хүү Батбэх гэдэг юм. Танай нэг бага дарга хүүгийн минь өрөөсөн чихийг огтолж эрхтэн дутуу болгосон байна. Бас хамаг бие нь хөх няц. Би хүүгээ эр цэргийн албаа алдуу эндүүгүй хааж, их юм сураад ирээрэй гэж явуулсан байтал харин танай энд тамын зовлон эдэлжээ. Ийм газарт ганц хүүгээ орхичихоод хөгшин хонины насгүй болж яваа би юу бодож суухав. Ирснийх амьд мэнд дээр нь аваад буцах минь. Та бушуухан халаад аль. Бас цэргийн албанаас зайлсхийхийг оролдсон хэргээр шүүхэд шилжүүлнэ гэсэн юм байх. Алив юм шударга үнэнээрээ сайхан шүү дарга минь! Үхсэнээс үлдсэн ганц хүүгээ хэн нэг араатан авиртны гарын золиос болгож чадахгүй нь. Яахав мунхаг намайг тэр шорон орондоо хийвэл хийнэ биз гэж эрс зоримогхон хэлээд нулимсаа арчив.
Хүрэн суман ширээнийхээ ард тавлаг заларч суусан дарга хирдхийн цочиж, юу болж байгааг ч ойлгохоо болиод гайхашран
-Ийшээ сууцгаа гэж алга дэлгэн уриад тайван ярилцаж учрыг олъё гэлээ.
-Олж цөхөөд байх учир бидэнд алгаа дарга минь. Та бүгдийг надаас илүү мэдэж таарна. Ердөө хүүгээ амьд дээр нь аваад явж үзье. Цэрэгт ирээд дөрөвхөн сар болоход өрөөсөн чихээ алдлаа. Бага дарга нь хүнд хэлбэл толгойг чинь огтолно гэсэн байна шүү дээ. Тийм үг сонсчихоод юу бодож хүүгээ орхиод явахав. Та ч бас үр хүүхэдтэй биз. Хэний ч үр ялгаа юу байхав хэмээн авгай цаашиллаа.
Хурандаа сууж төвдөхгүй тэр гурвын өмнө хөлс чийхран зогсч байснаа "Энэ шийдчихсэн хөгшин дөргүй мал шиг зүтгэвэл юу ч болж магад. Анги нэгтгэл цаашлаад армийн нэр хүндэд ихээхэн хор нөлөөтэй болж мэднэ. Ийм асуудлыг эв зүйгээр л аргалж өнгөрөөхгүй бол болохгүй. Тэгэхээр яасан дээр вэ?” гэж тулгамдсан тээнэгэлзсэнээ хүнд байдлаас гарах арга сүвэгчлэн Очир тийш царайчлангуй хараад
-Та нар хаана буугаав? гэж аргадангуй асуув.
-Тэнд энд гэсэн юм үгүй дээ. Дөнгөж ирээд л энэ гэсэн үг дарга сонсоод дотор нь цэлсхийн гэгээ орох шиг болж
-Би та нарт буудал бэлтгүүлье. Тэгээд танай хүүгийн салааны захирагчийг ирүүлж, учир явдлыг ярилцъя гээд утсаа шүүртэл Дулам авгай!
-Та тэр учир явдлаа өөрөө олно биз. Танд хэлдгээ хэллээ. Явж үзье гээд хүүгийнхээ гараас шүүрэн хаалга чиглэв. Батбэх
-Ээж байз л даа! Гэнгүүт араас нагац нь хүчтэй түлхэн гарцгаалаа. Батбэх ихэд эгдүүцэн
-Цэргийн хүн ийм эвгүй байдал гаргаж болохгүй. Та хоёр намайг хааш нь аваачих гэж байгаа юм бэ? хэмээн чаргууцалдтал ээж нь
-Би чамайг хааш нь аваачихыгаа мэдье. Би чамайг энэ биенийхээ мах цуснаас тасалж төрүүлсэн юм.
-Ээж ээ! Нагац аа! Та хоёр намайг бод л доо!
Намайг шүүхэд өгнө шүү дээ. Би бүр ял эдлэх болно. Ээж нь.
-Шүүхэд өгөг. Хэн буруутайг ялгаж салгаад өгөх байлгүй. Зүгээр байсан хүнийг ганц янжуур олж өгсөнгүй гэж тамлан зодож байдаг яргачнаа шийтгэж чадахгүй мөртлөө чамайг шүүхэд өгөх юм гэнэ. Гайгүй байлгүй. Тэгвэл тэр ялыг чинь би эдлэмз. Энэхэн зуур Очир нагац нь Сайншандын галт тэрэгний буудал руу явах хөлсний жолоочтой тохирч амжив.
Дулам авгай урт замын турш элдвийг эргэцүүлэн сэтгэл эмзэглэж явлаа. "Ямар хүний үр энэрэх, нигүүлсэх сэтгэлгүй араатан авиртай байдаг юм. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэгчээр эцэг эх нь ч өвөг дээдсийн ариун ёс заншлыг умартсан монголоо алдмарууд байж таарна. Сүүлийн үед зарим айл хүүхдийнхээ дэргэд хэрэлдэж зодолдох, хэлэх хэлэхгүй үгээр доромжлох, үр хүүхдээ ч зодож жанчих явдал гаргадаг болж дээ. Хүн гэдэг амьтан төрсөн л бол үхдэг энэ орчлонд бие биендээ сайныг л хийж дэм дэмэндээ амьдарч явмаарсан. Гэтэл... Хуучин цэрэг болохоороо л шинүүдийгээ элдвээр дэглэж тарчлаадаг нь дэндүү ухаангүй явдал биш гэж үү. Цэргийн эрдэмд суралцаагүй олон аав ээжийн хүүхдүүд янз бүр байгаа л биз. Тэглээ гээд... Бүр хэтрэхдээ нэгнийхээ амь насыг ч егүүтгэсэн аймшигт хэрэг сонсогддог боллоо. Ээ бүү үзэгд.
Энэ олон дарга даамлууд нь ч юугаа харж хандаж байдаг юм. Нүд чихээ бөглөөд надаас цаагуур нарнаас наагуур юу л болбол болог гээд харсан ч хараагүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй юм шиг явдаг хэрэг үү. Ийнхүү сэтгэлдээ бодол хөврүүлж явахдаа Дулам авгайн зүрхээр үе үе хатгуулаад авах ажээ.
Ангийн захирагч хурандаа Батбэхийн салааны захирагчийг дуудуулж ирүүлээд учрыг сүр бадруулан байж ойлгуулснаа 
-Тэднийг даруйхан олоод ангийн буудалд оруул. Тэр авгайг давруулж болохгүй гээд түшлэгтэй зөөлөн сандалдаа  сууж ширээн дээрх хатуу хайрцагтай янжуураас нэгийг сугалан асаав.
Салааны захирагч ахлах дэслэгч Дулам авгай, Очир Батбэх гурвыг сураглан ийш тийш гүйснээ нэг машинд суугаад Сайншанд тийш явсныг олж сонслоо. Энэ тухай ангийн захирагчид илтгээд толгой түрүүгүй загнуулан байж машиныг нь зөвшөөрүүлж Сайншанд руу давхиулав. Галт тэрэгний буудалд давхиж хүрвэл суудлын галт тэрэг зугуухан хөдөлсөөр эрчээ авах нь тэр. Батбэх эх орныхоо эр цэрэг болсон ч эгнэгт ээжийн хүү хэвээр авай.

Худай Ц.Намсрай