|

Малчин хүн сайн уяач байх ёстой

Дархан-Уул аймгийн Хонгор сумын малчин Г.Ганбаатар гэргий Н.Гэрэлмаагийн хамтаар аймгийн удирдлагуудаас "Улсын сайн малчин" цол, тэмдгээ гардав.

Г.Ганбаатар нь 1986 оноос эхлэж өнөөг хүртэл тасралтгүй 30 дахь жилдээ мал маллаж байна. Малын үүлдэр угшлыг сайжруулахад ихээхэн анхаарч хээлтүүлэгч, хээлтэгч малыг сонгон авч эрлийз, цэвэр эрлийз, баяд, үзэмчин үйлдвэрийн хонь, Увс аймгийн Өлгий сумын нутгийн улаан ямаа үржүүлсэн. Тэрээр сүүлийн таван жилд малаа нэг ч хорогдолгүй онд оруулж 100 эхээс 100-110 төл мал бойжуулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж ирсэн байна. Хонгор сумын "Гавилуугийн хурд” морин спорт холбооны тэргүүлэгч гишүүн бөгөөд сум, аймаг, улсын баяр наадамд хурдан морьдоо уралдуулж амжилттай оролцжээ.

Мөн мал багатай айл өрх, эрхэлсэн ажилгүй амьжиргааны төвшин доогуур амьдралтай таван өрхийг ажлын байртай болгож 1180 гаруй толгой мал өгч малжуулсан байна. Тэрбээр ярихдаа:-"Малчин хүн малаа сайн маллахын зэрэгцээ сайн уяач байх ёстой” гэсэн юм.

Б.Норовсамбуу