|

Монголд эмчлэгдэх боломжгүй 32 өвчний тоог дахин бууруулна

 

Монгол Улсад эмчлэх боломжгүй, гадаадад эмчлэгдэх боломжтой 33 нэр төрлийн өвчний жагсаалт байдаг. Энэ жагсаалтыг манай улс 2015 онд шинэчлэн баталсан билээ. Учир нь тус жагсаалтад орсон нийт өвчний дотроос гурван өвчнийг Монголд эмчлэх боломжтой болсон. Мөн эмчлэх бо­ломжтой болсон өвч­нүүдийг хасаад, сүүлийн үед манай улсад нэмэгдэх хандлагатай болсон зургаан төрлийн өвчнийг нэмээд нийт 39 болгож шинээр баталсан байдаг.  Тэгвэл анагаах ухааны салбар, техник технологи хөгжихийн хэрээр  эх орондоо чанартай эм­чилгээ оношилгоог бүрэн авдаг болох, гадаадад эмчилгээнд явах урсгалыг багасгах зорилгоор нийт 39 өвчнөөс долоог нь 2017 онд эх орондоо эмчилдэг болсон. Харин энэ онд дээрх 32 өвчний тоог дахин бууруулж, Монголд эмчлэх боломжтой эмчилгээ, үйлчилгээг нэмэх зорилгоор дахин нарийн мэргэжлийн эмч нарын багийг Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ -т сургахаар төлөвлөжээ. Эхний ээлжийн эмч нар тухайн улсдаа сурч байгаа аж. Харин дараагийн ээлжинд сурах эмч, эмнэлгийн ажилчдыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзсан юм.

Энэ удаа ихэр жирэмсний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээ, нүдний эвэр­лэг шилжүүлэн суулгах мэс засал, торлог шилэн­цэрийн хүнд хэлбэрийн эмгэгийн мэс заслын технологи, хүүхдийн мэдрэлийн өвчин эмгэг, саажилтын үеийн сэргээн засах эмчилгээ, донтох өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв,  Улсын III төв эмнэлэг, Хүүхдийн төв сувилал, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн найман мэргэжилтэн Япон, Солонгос, ОХУ-д  1-3 сарын хугацаатай багаараа суралцах гэж байна.  Харин Хүүхдийн төв сувиллаас хүүхдийн мэдрэлийн өвчин эмгэг, саажилтын үеийн сэргээн засах чиглэлээр суралцах хоёр эмч Япон улсад 30 хоногийн хугацаатай суралцах юм байна. Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр суралцах хоёр эмч ОХУ-д 60 хоногийн хугацаатай суралцахаар болжээ.

 

81 ЭМЧ ГАДААДАД СУРАЛЦАЖ БАЙНА

 

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ "Өнөөдөр манай сал­барын 81 эмч, мэргэ­жилтэн гадаадад сураад ирсэн. Зарим нь одоо ч суралцаж  байна. 2018 оны төсөвт 2.5 тэрбум төгрөг суусан. Бид Монгол Улсдаа эмчилдэггүй өвчнийг судалж, газар дээр нь туршлага судлан, сурч байна. Үүний үр дүнд Монгол Улсад эмчлэгддэггүй 39 өвчин долоогоор цөөрч, 32 болсон. Өнөөдөр найман эмч дөрвөн чиглэлээр сурал­цахаар болж байна.  Өнөөдөр донтох өвчин их байна. Насанд хүрэгчид архинд, хүүхдүүд дэлгэцэнд донтож байна. Хүүхдийн сэтгэцийн өвчин их байна.  Мөн торлог судлалын чиг­лэлээр сурна. Энэ чиг­лэлээр эмч нараа шат ахи­сан сургалтад хамруулах төлөвлөгөөтэй байгаа. Ингэснээр энэ эмч нар маань үндэсний хэмжээний сургагч багш болох зорилготой. Ер нь бид эмч нараа багаар нь сургаж байгаа. Солонгост суралц­сан манай эмч нарын баг БНСУ-ын "Самсунг” эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах эм­чил­гээг амжилттай хийсэн” гэв.

Дашрамд дурдахад, Эрүүл мэндийн  яаманд жилд дунджаар гадаадад эмчлүүлэх хүсэлтэй 350-400 орчим иргэний өргөдөл ирдэг. Иймд энэ удаа торлог, шилэнцэрийн хагалгаа, хүүхдийн мэдрэлийн эмч нарыг гадаадад суралцуулах, сургагч багш бэлтгэх зорилготой ажиллаж байгаад гадаад руу эмчилгээнд явахаар өргөдлөө ирүүлсэн зарим иргэн талархаж байсан юм.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Б.ТУУЛ