|

Хаврын чуулганыг хүлээсэн асуудлууд

 

Хаврын чуулган ирэх сарын 5-нд нээл­тээ хийх гэж байна.  Чуул­ган завсарласан сар га­руйн хугацаанд улс төрийн хүрээнд нэлээд дуулиантай үйл явдлууд  өрнөлөө. Ялангуяа, манай уул уурхайн томоо­хон  бүтээн байгуу­лалттай холбоотой асуу­далд олон улсын хуулийн байгууллагууд оролцож,мөрдөн шалгаж байна.  Эрдэнэтийн 51 хувийг барьцаалан Өмнөд Африкийн "Стан­дарт” банкнаас  их хэмжээний зээл авсан гэх хэрэгт манай Засгийн газар Арбитрын шүүхэд хариуцагчаар татагдаад байгаа. Одоогоор  "Эрдэнэт”-ийг барьцаалж зээл авсан гэх  "Жаст” группын ерөнхийлөгч Ш.Батхүүг баривчлан, энэ хэрэгт Ерөнхий сайд асан С.Баяр тэргүүтэй нэр бүхий ултөрчдийг мөрдөн шалгаж байна. 

Түүний  дараа Сангийн сайд асан С.Баярцогттой   холбоотой оффшорын хэрэг  сөхөгдлөө. Швейцарийн дээд шүүхээс "Рио Тинто” корпорацитай Оюутолгойн төслийн гэрээг байгуулахад ажилласан Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой авлигын хэргийг хэлэлцээд, Швейцарийн банк дахь түүний дансны үлдэгдэл 1.85 сая ам.долларыг битүүмжлэх шийдвэр гаргалаа. Мөн энэ асуудлыг  Монгол Улсын АТГ болон Швейцарийн Ерөнхий прокурорын газраас хамтран шалгаж байна.  С.Баярцогтын зүгээс өнгөрсөн долоо хоногт энэ асуудалтай холбогдуулан мэдээлэл хийсэн юм.  Тэрээр  Швейцарийн банкин дахь дансныхаа  тухай Монголын нэр бүхий бизнесмэнээс зээлсэн мөнгөө тэнд байршуулсан.  Оюутолгойн гэрээ, сайн гэрээ болсон.  Энэ хэргийн үнэн мөнийг олохоор Олон улсын хуулийн байгууллагатай манай АТГ хамтран ажиллаж байгаад баяртай байна.  Хэргийг мөрдөн шалгаж дуустал монголдоо байна” гэлээ.  Тэгвэл тухайн үед С.Баярцогтод мөнгө  зээлсэн гэх монгол бизнесмэн хэн байв. Энэ хэрэгтэй  холбогдуулан мөн  Оюутолгойн гэрээг байгуулахад Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан  С.Баярыг мөрдөн шалгаж буй билээ.  Оюутолгойн гэрээ үнэхээр  С.Баярцогтын ярьж  байгаа  шиг ашигтай болсон уу. 

Эсвэл Монголын ард түмэнд ашиггүй  луйврын гэрээ болов уу гэсэн асуудлыг ч хуулийн байгууллага шалгаж эхлээд байна. Мөн өнгөрсөн долоо хоногт МАХН, МНН, ИЗНН, МҮАН хамтран "Рио-Тинто” корпорацитай хийсэн Оюутолгойн гэрээг цуцалж, дахин сайжруулах  асуудлаар эрх бүхий албан тушаалтнуудад тулган шаардах бичиг хүргүүллээ. Тулган шаардах бичигт "Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулгад "Оюутолгойн гэрээг  байгуулахад ҮАБЗ-өөр урьдчилан хэлэлцсэн эсэхийг шалган тогтоож, тухайн үеийн ҮАБЗ-ийн тэргүүн Ц.Элбэгдорж, ҮАБЗ-ийн гишүүн, Ерөнхий сайд С.Баяр, ҮАБЗ-ийн гишүүн, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нар энэ асуудлаар ямар байр суурь баримталж байсныг ил тод болгож, хуралдаануудын тэмдэглэлийг нууцын зэрэглэлээс гаргахыг хүсч байна. Мөн  Монголын ард түмний эрх ашгийг ноцтой хохироосон  Оюутолгойн гэрээг нэн даруй цуцлан, Монголын ард түмний мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргахыг шаардаж байна” гэжээ. Үүний  дараа  УИХ-ын дарга М.Энхболд Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг судлах УИХ дахь ажлын хэсгийг байгуулж буйгаа мэдэгдсэн юм.  Ямартай ч 2009 онд байгуулагдсан Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудал гол сэдэв болон үргэлжилж байна.  Үүний дараа хаврын чуулганаар хэлэлцэх  нэг чухал асуудал нь УИХ-ын гишүүний ёс зүй юм.  УИХ-ын гишүүн Д.Гантулгын талаар гишүүнээс  чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн, өгөөгүй гэх мэдээлэл гарсан. 

Тэрээр ямартай ч намын удирдлагадаа хүсэлтээ өгсөн юм билээ. Харин МАН-ын зүгээс түүний асуудлыг шийдэх  дургүй байгаа бололтой.  Дэлхий нийтээрээ  хүчирхийллийн эсрэг дуугарч, энэ байдлыг жигшин зэвүүцэж байгаа.  Ийм үйлдэл хийсэн хүнийг цаазлах ёстой гэсэн уриа лоозонг дэвшүүлж байна.  Эмэгтэй хүнд хүч хэрэглэх байтугай харц шидсэн, уулзсаныхаа төлөө уучлал гуйгаад хариуцлагатай албан тушаалаа өгдөг байдал олон  улсын төрийн жишээнд бий.  Харин манай улс төрд эсрэгээрээ байна.  Тэр бүү хэл ийм үйлдэл гаргасан гишүүнээ хамгаалж хаацайлж байгаа нь МАН өөрөө ямархуу ёс зүйтэй улс төрийн хүчин бэ гэдгээ ч харуулж байна.  Тэгэхээр хаврын чуулганаар шийдэгдэх бас нэгэн асуудал нь ёс зүйгүй үйлдэл гаргасан  УИХ-ын гишүүн Д.Гантулгыг байлгах уу.  Эсвэл УИХ, МАН нэрээ цэвэрлэж, гишүүддээ хариуцлага тооцдог байх уу гэдгийг харах үлдлээ.   Д.Гантулга  гишүүнтэй хамт Баян-Өлгий аймгаас сонгогдсон Д.Мурат гишүүний асуудал ч  сөхөгдөх болов уу.  Ийнхүү хаврын чуулганаар хүлээгдэж буй асуудлуудыг харахад энэ хаврын улс төр нэлээд халуухан өрнөх янзтай байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Т.БАТСАЙХАН