|

Дархан-Уул аймагт “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” аяны нээлт боллоо

Дархан-Уул аймагт “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” аяны нээлт боллоо

 

Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар "Шүдний нүүдлийн амбулатори” 2014 оноос эхлэн тус аймагт ажиллаж, жилд 5000-5200 гаруй бага насны хүүхдэд амны хөндийн үзлэг, эмчилгээг хийж байгаа ба үүний үр дүнд шүд цоорох өвчлөл 32.6 хувь хүрч, эрүүл шүдтэй хүүхдийн тоо 30.1 хувь, шүдний эрүүлжилт 10.4 хувиар нэмэгдэж байгаа боловч шүдний эмгэгийг бүрэн эрүүлжүүлэх нь тулгамдсан асуудал хэвээр байна.

Хүүхдийг эрүүл шүдтэй байлгахад багш, эцэг эхчүүд, асран хамгаалагч нарын эрүүл мэндийн мэдлэг хандлага чухал ба сүүн шүднээс эхлэн шүдийг угааж цэвэрлэх, шүдэнд халгүй хоол хүнсээр хооллох гээд ахуй амьдралын зөв хэв маягийг ухуулж ойлгуулах нь эмч мэргэжилтнүүдийн үүрэг байдаг.

 



Иймээс Эрүүл мэндийн сайдын дэвшүүлсэн санал санаачилгыг дэмжиж, "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” аяныг жилийн турш  Аймгийн засаг дарга болон төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, боловсрол, аж ахуй нэгжийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Аяны нээлтийг хувийн хэвшлийн "АНХААРАЛ” эмнэлэгт зохион байгуулж, Аймгийн засаг дарга С.Насанбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, Боловсрол соёл урлагын газрын дарга Р.Батжаргал, аймгийн шүдний эмч нарын холбооны дэд дарга Л.Саадай зэрэг албаны хүмүүс, хүүхэд, эцэг эх, эмч мэргэжилтний төлөөлөлүүд оролцож, 12, 15-р цэцэрлэгийн  бяцхан хүүхдүүд ая дууны мэндчилгээ дэвшүүллээ

Дархан-Уул аймгийн хэмжээнд хувийн хэвшлийн шүдний эмнэлэг 18 ажилладаг ба нийгмийн хариуцлагын хүрээнд бага насны хүүхдийг эрүүлжүүлэх, хөнгөлөлтэй үнээр шүдний тусламжийг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар Эрүүл мэндийн газартай гэрээ хийж, үйл ажиллагааг эхлүүлж байна.



Аяны үйл ажиллагааг нийгмийн хариуцлага, салбар хоорондын түншлэлд тулгуурлаж, иргэд олон нийтийн оролцоог хангах, шүдний үзлэг, эмчилгээ хийх, "Хүүхдэд хүүхдийн хэлээр” сургалт сурталчилгаа, эцэг эхчүүдэд зориулсан ухуулга нөлөөлөл, эмч мэргэжилтнүүдийн сургалт, тоног төхөөрөмжийн дэмжлэг зэрэг олон чиглэлээр  зохион байгуулах тул бага насны хүүхдийн шүдний эмгэгийг эрүүлжүүлэх, тэдний амны хөндийн эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт зохион байгуулагчид итгэлтэй байна.