|

Нийгмийн даатгалын асуудлаар “Хэлэлцүүлэг” өрнүүлнэ

 
 
Аймгийн Засаг даргын санаачилгаар "Ажил хэрэгч өглөөний цай” уулзалтыг 1 дүгээр сараас эхлэн зохион байгуулсан. Энэ удаагийн уулзалт аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст үргэлжиллээ. 
Тус уулзалтанд аймгийн засаг дарга А.Энхболд, НХХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Тунгалаг-Тамир нар оролцож тус байгууллагын үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажил, салбарын өмнө тулгамдаж буй асуудлуудаар санал солилцов. 
Нийгмийн даатгалын хэлтэс нь 45 ажилтан, Санхүү бүртгэл, Орлого бүртгэл хяналт, Нийгмийн даатгалын үйлчилгээ, Эрүүл мэндийн даатгал гэсэн дөрвөн албатайгаар 13115 тэтгэвэр авагч, 93.5 мянган даатгуулагчдад нийгмийн даатгалын ажил үйлчилгээг хүргэж 1574 аж ахуй нэгж байгууллагатай харилцан ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 483 байгууллага, ажил олгогчоос 4 тэрбум 516 сая төгрөгийн авлагатай байна. Тэдгээр байгууллагуудын өрийг барагдуулах ажлыг тус хэлтсээс эхлүүлсэн байна. Дээрхи ажлын хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулах шийдвэрийг аймгийн Засаг даргын зүгээс гаргалаа. 
2015 оны дүнгээр Нийгмийн даатгалын хэлтэст нийт 1688 аж ахуйн нэгж байгуулага хамрагдаж, 26666 гаруй ажиллагсад нийгмийн даатгалын санд шимтгэл төлж байна. Мөн нийгмийн даатгалын санд сайн дурын даатгалд 7341 даатгуулагч, 1306 малчин иргэн, 10980 ажил хөдөлмөр эрхлээгүй даатгуулагчийг эрүүл мэндийн даатгалын санд хамруулжээ.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан малчид, оюутан суралцагчид, тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэдийн эрүүл мэндийн даатгалын хамрагдалтын төлөвлөгөөг жигд ханган биелүүлж ажиллаж байгаа хэдий ч малчид, оюутнуудын тоо жил бүр буурч байгаа, бүгд эрүүл мэндийн даатгалд даатгуулдаггүй зэрэг бэрхшээлээс үүдэн төлөвлөгөө 100 хувь биелдэггүй байна. Иймд багийн Засаг дарга, их дээд сургуулийн консерциум болон холбогдох албаны байгууллагуудтай хамтарч ажиллахаар уулзалтанд оролцогчид санал нэгдлээ. Үүнээс гадна Шарын гол, Орхон, Хонгор сумдад ажилладаг ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин урамшууллыг нэмэх боломж бололцоог судлахыг аймгийн Засаг дарга А.Энхболд Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Эрдэнэбилэгт даалгав.