|

УИХ-ын хаврын чуулганы нээлт болж, хаврын синдром эхэлсэн 7 хоног

 

Өнгөрч буй долоо хоногийн улстөрийн онцлох үйл явдал гэвэл УИХ-ын хаврын чуулганы нээлт байлаа. Чуулганы нээлтэд УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ "Хаврын чуулганы хугацаанд багтаан том төслүүдээ хөдөлгөе” гэдгийг онцолсон. Тэр том төслүүд бол Тавантолйгой, төмөр зам, цахилгаан станц, Засгийн газраас барьж байгуулахаар шийдвэр гаргаад байгаа үйлдвэрүүд юм.  Хаврын чуулганаар хэлэлцэх олон чухал хууль тогтоолууд байгаагаас иргэдийн хамгийн их  хүлээлттэй байгаа нь Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт юм.  

Мөн чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгө, АТГ-ын удирдлагыг өөрчлөх зэрэг хэд хэдэн асуудлаар байр сууриа илэрхийлж цаазын ялыг сэргээх шалтгааныхаа талаар мэдээлсэн.

Чуулгантай хамт хаврын синдром /улстөр/ эхлэв. Чуулганы нээлтийн үеэр жагсагчид Төрийн ордныг тойрч улстөрчдийн хөргийг шатааснаар тэгсхийгээд чимээ алдрав. Бараа сүр муутайхан, бодлого зорилго нь тодорхойгүй энэ жагсаалд ихэвчлэн МАХН-ыг дэмжигчид оролцсон тухай мэдээлэл байна.

-Хаврын чуулган эхэлсэн өдөр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржид ил захидал илгээж ШЕЗ-ийг бүрэн бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорохыг шаардсан нь долоо хоногийн онцлох явдлын нэг болов.

-Чуулган эхэлсэн өдөртэй давхцуулан Ерөнхийлөгч Х.Баттулга  хууль санаачлах эрхийнхээ хүрээнд хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан юм.

-Чуулган эхэлсэн өдөр намын бүлгүүд хуралдаж, МАН-ын бүлгийн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Б.Гантулга  гишүүнийхээ бүрэх эрхээс татгалзаж шалгуулах хүсэлтэй байгаа илэрхийлжээ.

Улирч буй 7 хоногийн даваа гарагийн өглөө нэр бүхий гурван хүнийг АТГ-аас баривчлан саатуулсан тухай  мэдээгээр эхлэв. Тэдгээр нь Сангийн сайд асан С.Баярцогт, УТЕГ-ын дарга асан Б.Ариунсанаа, "Эрдэнэс Монгол” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нар байв. Тэднийг буруутгаж буй үндэслэлүүд бол мэдээж Оюутолгойн гэрээтэй холбоотой, буруу шийдвэр гаргасан гэх гэм зэм тулгагдаж байгаа. Мягмар гарагт шүүхээс энэ гурвыг 30 хоногийн хугацаатай үргэлжлүүлэн хорихор шийдвэрлэсэн бөгөөд тэдгээийн араас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АТГ-т байцаахаар дуудаад байгаа гэдгийг эх сурвалж нотолсон. Харин Ерөнхий сайд асаны тухайд эдүгээ АНУ-д дүүгээ эмчлүүлж байгаа аж.   Баривчилгаа үүгээр өндөрлөсөнгүй. Эрдэнэрт үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргалыг мягмар гарагт мөн баривчлан саатуулаад байгаа юм. Түүнийг буруутгаж буй үндэслэл нь  "Стандарт” банкны хэрэгтэй холбоотой гэдгийг эх суравлжууд хэлүж байгаа юм.

-"Стандарт банкны хэргээр хорих 461 дүгээр ангид саатуулагдаад байгаа Ш.Батхүү захидал илгээж Эрдэнэт үйлдвэр энэ зээлийг төлөх ёсгүй гэдгийг мэдэгдэхийн хамт хэрэв миний амь насанд аюул учирвал гэм буруутай цөөнгүй хүн ял завшина гэдгийг сануулжээ.