|

ХХБ, "Сахал" Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий хүн Сэлэнгийн АН-ын дарга болов

 

Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг 30 жилийн менежмэнтийн гэрээгээр авсан Кью Эс Си компанийн захирал асан Д.Батжавхлан Сэлэнгэ аймгийн АН-ын дарга болжээ.

Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын хорооны ээлжит XXXVIII хуралдаан энэ сарын 2-нд болж төгсгөлд нь аймгийн АН-ын хорооны даргад өрсөлдөж, сонгогдсон Д.Батжавхланг батламжилсан аж.

АН-ын дарга С.Эрдэнэ аймгийн намын хорооны даргаар сонгогдсон Д.Батжавхланд амжилт хүсч "2020 онд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохионо. Бид ойгоо ялалт, амжилтаар угтахын төлөө өнөөдрөөс дор бүрнээ хичээж ажиллах ёстой” гэж мэдэгдсэн юм.

Д.Батжавхлан нь Эдийн засгийн хөгжлийн сайдаар "Фортуна” хэмээх Н.Батбаярыг ажиллаж байхад Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессоор авсан аж.

Энэ гэрээгээр төр Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг Хуст уул, Төмөртолгой, Төмөртэйн ордуудтай нь хамт Кью Эс Сид өгсөн гэнэ. Концессын гэрээгээр Кью Эс Си нь 63.8 тэрбум төгрөгийг Засгийн газарт өгөх ёстой бөгөөд эхний 31.9 тэрбум төгрөгийг шууд өгөөд үлдсэнийг нь 30 жилд цувуулан өгөх ёстой ажээ.

Мөн Кью Эс Си компани 133.7 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас зээлсэн байна.

Түүнийг Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар очиход Х.Баттулга, Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Д.Эрдэнэбилэг нарын хүн ирлээ гэцгээж байсан гэдэг.

Үнэхээр ч "Монголын зэс" компани "Эрдэнэт"-ийн 49 хувийг луйвраар авсан тухай асуудал яригдаж эхлэх үед УИХ-ын дэд дарга асан Ц.Нямдорж уг асуудалд Кью Эс Си компанийг холбоотой хэмээж байсан.

Мөн оны эхээр Засгийн газар -Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг төрд авах тухай УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх шийдвэр гаргахдаа ч Кью Эс Си компанийг ХХБ-тай хамаарал бүхий хуулийн этгээд гэж үзсэн байдаг. Ийм нэгэн Сэлэнгийн АН-ын дарга боллоо.

И.Болд

gereg.mn