|

Малчдад одон тэмдгээс илүүтэй малд нь өвс тэжээл хэрэгтэй байна

 

Сар шинийн өмнө Зас­гийн газраас улсын сайн малчин, тэргүүний тариа­ланчийг шалгаруулдаг. Өн­гөр­сөн жил 54 малчинд олгож байсан улсын сайн малчны шагналын тоо энэ жил 128 болж огцом өссөнийг сонгуультай холбон тайлбарлах боллоо.

Өмнөх жилүүдэд 21 аймгаас улсын сайн малчин 50 гаруйг тодруулдаг байв. Харин энэ жил нэг аймгаас л гэхэд дээд тал нь улсын сайн малчин 10 гаруйг тодруулсан байна. Уг нь насаараа мал сүргээ адгуулж, таван төрөлд нь өсгөн, үр хойчдоо үлгэр дуурайлал болсон ахмад малчдад олгодог төрийн хүндтэй шагнал юм.

Гэтэл Засгийн эрх барьж буй АН-ынхан сонгууль дөхсөн энэ үед орон нутгаас нэр дэвшигчид УИХ-д гарахгүй байхвий гэсэндээ малчдад "өврөө тэмтэрч” одон тэмдэгхэн тарааж, хоосон амлалт өгч яваа сурагтай. Тухайлбал, Сар шинийн өмнөхөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төв аймгаас тодорсон улсын сайн малчдад шагнал гардуулах үеэрээ "Малчны зээлийн хүүг 29.5 хувиас 18 болгосон.

Tөрийн банкнаас зээл авсан 150 гаруй мянган малчны зээлийн хүүг бууруулсан. Цаашид 10 хувь болгохоор хэлэлцэж байна” гэж хурсан олонд зарласан нь зээлийн хүүнд дарлуулж суугаа малчдад магнай тэнийлгэсэн мэдээ байв. Гэтэл одоо болтол орон нутагт малчны зээлийн хүүг бууруулах чиглэл заавар ирүүлээгүй, урьдынхаараа зээл үргэлжилж байгаа аж.

Тэгээд ч зээлийн хүүг нь багасгах шалгууртай юм байна. Тодруулбал, малаа эрүүлжүүлж, улмаар экспортод чиглэсэн мал, мах бэлтгэлийн тогтолцоог дэмжин ажиллах, тэд өөрсдөө эрүүл энх байж, нийгмийн даатгалд хамрагдаж, үндэсний үйлдвэрлэгчдэд түүхий эд, бүтээгдэхүүнээ нийлүүлсэн малчин өрхөд 10 хувийн хүүтэй зээл олгох боломжийг бүрдүүлнэ гэж байна. Тэгэхээр жирийн нэг хот айлын зээлийн хүү буурахгүй гэдэг нь тодорхой юм. Нийт 480 гаруй мянган малчнаас 372 мянга нь зээлтэй байгаа гэсэн тоон үзүүлэлт бий.

Уг нь цас зудтай, цагийн хатууд ядарч буй малчдын зээлийн хүүг бууруулах нь нүдээ олсон шийдвэр юм. Түүнээс гадна АН-ынхан малчдад одон медаль тарааснаас өвс тэжээл хүргэсэн бол хожлын "оноо” цуглуулах байлаа. Орон нутагт цас ихтэй, малчид бэлэн мөнгөгүй зутруухан өвөлжиж байгаа талаар судалгааны дүн гарч гадныхан тусламжийн гараа сунгаж байхад төрөөс "төмөр” тэмдэг  тараахын тулд айл хотлынхныг цуглуулан найрлаж яваа нь  нэмэх биш хасах оноо цуглуулахад хүргээд байх шиг. Мөн малаа эрүүлжүүлсэн малчинд зээл олгохдоо хүүг нь бууруулна гэсэн нь анхаарал татаж байна. Мал хувьчилснаас хойш мал эмнэлэг  хувьд шилжиж, хугацаа нь дууссан вакцин дамлахаас өөр мал эмнэлгийн үйлчилгээ байхгүй болсон. Ийм байхад яаж эрүүл малтай байх билээ.

Yүнээс үүдээд сүүлийн жилүүдэд малын гоц халдварт шүлхий, боом өвчин орон нутагт гарч, галзуурсан азарга эзнээ барьж идэх дөхсөн. Увс, Баянхонгор аймагт тэмээ галзуурч, оны өмнөхөн Өвөрхангай аймагт галзуурсан чоно хонь хариулж явсан хүмүүсийг ноцож, эгээтэй л амь насанд нь хүрчихээгүй.  Шүлхийн вакцин байхгүй, захиалсан вакцины хугацаа нь дууссанаас Дорнод, Сүхбаатар аймагт 2013 онд шүлхийгээр өвчилсөн болон голомтод байсан үхрүүдийг буудан устгаж байсныг санаж буй биз. Малын эмч мэргэжлээр төгсөгчид ажлын байргүйдэж, малын өвчлөл газар авсан энэ цаг үед малаа эрүүлжүүлж, мах экспортод гаргана гэдэг юу л бол.

Түүхий эдээ үндэсний үйлдвэрлэлд нийлүүлбэл банкны зээлийн хүүг буу­руулна гэж байгаа нь ч мөн ялгаагүй. Энэ өвөл хонь, адууны арьс шир 500 төгрөг болж үнэгүйдлээ гээд л шуугиад байсан. Ноолуураа үндэсний компаниудад бор­луулах гэхээр 50 мянган төгрөгөөс дээш үнээр авах­гүй. Тэгэхээр үнэ хаясан урд хөршийн ченжүүдэд өгөхөөс өөр яалтай билээ. Энэ мэт наанаа малчдыг гэж байгаа мэт харагдавч бодлогын төвшинд дэмжиж ажиллахгүй бол мянган сайн малчин тодруулаад ч яах юм.

Б.Цэцэгдэлгэр

Эх сурвалж: Монголын үнэн сонин