|

Дараагийнх нь хэн бэ

 

-"Чонын ав” цааш хэрхэн үргэлжлэх бол...-

Манай урд хөршийнхэн авлигын эсрэг эрс тэмцэл эхэлж, "Үнэгний ав” ажиллагааг явуулж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн эцсээр гэхэд нийтдээ энэ хэргийн улмаас нэг сая гаруй хүний хэргийг шүүхээр шийдвэрлэсэн тухай мэдээлэл байсан.  

Авлига гэдэг глобал шинжтэй асуудал болсон. Монгол Улс авлигын индедсээрээ дээгүүрт эрэмбэлэгддэг орны нэгээр нэрлэгдээд удаж байна.  Тухайлбал, "Транспэрэнси Интернэшнл байгууллага"-ын 2017 оны Авлигын төсөөллийн индексийн дүнгээрээ манай улс 180 орноос 103-д бичигдээд буй.  Энэ нь өмнөх жилээсээ 16 байраар ухарсан үзүүлэлт юм. Сүүлийн гурван жилийн турш манай улс энэ талаараа улам бүр хойш ухарч байгаа нь авлига улам бүр нэмэгдэж байгааг гэрчилнэ. 2015 онд 39 оноотой 72, 2016 онд 38 оноотой 87 дугаар байрт бичигдэж байсан  бол өнгөрсөн жил 103-т жагссан нь үүний нотолгоо.  АТГ-ын дарга Х.Энхжаргал нэгэнтээ ”Авлигатай тэмцэх газрын шалгаж байгаа хэргээс үзвэл авлигын нөхцөл байдал хүнд, ноцтой гэж хэлж болохоор байна” гэсэн нь ийм учиртай.

Монгол Улс Авлигатай тэмцэх газар гэсэн хүчирхэг интитуцтэй улс.  Байгуулагдаад цөөнгүй жилийн нүүр үзэж байгаа ч авлигыг бууруулахад бодитой хувь нэмэр болж байгаа эсэх нь бүрхэг. Говийн нэг сумын багшийн  авлигаас эхлээд жижиг сажиг хэрэг бол илэрч байсаан. Гэхдээ авлигын гол цөм гэж харагддаг төрийн өндөр албан тушаалтнуудын тухайд тус байгууллага санаа нь байвч сачий хүрдэггүй байсан уу, яасан, ямар ч л гэсэн АТГ-ын торонд жараахай л ордог, тул баригддаггүй гэсэн яриа байдаг.  Гэвч олон нийтийн дундах энэ ойлголтыг АТГ-ын сүүлийн өдрүүдийн үйл ажиллагаа эвдэж эхэлж байгаа нь сайн мэдээ.

Өчигдөр нийслэлийн Прокурорын газраас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг  баривчлан шалгаж байгаа тухай мэдээллээ. Тэднийг энэ сарын 10-ны орой 20.50 цагт  баривчилж саатуулсан гэх мэдээ тараад байсан нь ийнхүү нотлогдов. Түүнчлэн дээрхи хоёр эрхмийг яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэж байгаа гэдгийг мэдээлсэн.  Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр эрхэм  саатуулагдсан нь  хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байдгийн сануулга сэрэмж болон ирж байна.

Хэнд эрх мэдэл буй түүнд гэм зэм буй гэдэгчлэн хэргийн зангилааг тэд л тайлж мэднэ. Тэднийг одоо шалгаж байна, ингэнэ тэгнэ гэж хэлэхэд эрт.

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа албан тушаалаа ашиглаж бусдад давуу эрх олгосон гэх үндэслэлээр шалгаж байгааг Нийслэлийн Прокурорын газраас онцолсон. Хэрэв үнэхээр улс оны эрх ашгийг уландаа гишгэж, гадны хөрөнгө оруулагч нарт давуу эрх олгосон нь тогтоогдвол энэ нь эх орноосоо урвасантай эн  дүйцэхүйц үйлдэл болно. Тэднийг Оюутолгойн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар хэдийнээс нааш буруутгасаар ирсэн, буруу зөвийг нь харин ч оройтож шалгаж байна.

Энэ жилийн дөрөвдүгээр сар баривчилгаагаар эхэллээ.  Сангийн сайд асан С.Баяртогтох, ТЕГ-ын дарга асан Д.Ариунсан,  "Эрдэнэс Монгол”-ын ерөнхий захирал асан Б.Бямбасайхан нараар эхэлсэн баривчилгаа  Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргалаар үргэлжилсэн юм. Тэднийг одоогоор шүүхийн шийдвэрээр 30 хоногийн хугацаатай саатуулан шалгаж  байгаа.  Эдгээрээс С.Баярцогтын тухайд  Швейцарийн  банкин дахь дансанд орж ирсэн их хэмжээний ам.доллар, Оюутолгойн гэрээтэй холбон шалгаж байгаа бол  Б.Мөнхжаргалыг  "Стандарт” банкнаас авсан  зээлтэй холбоотойгоор шалгаж байгаа бололтой.  

Энэ мэтээс харвал АТГ "тул” шүүрдэж эхэллээ. Хэнд эрх мэдэл буй түүнд гэм зэм буй гэдэгчлэн  хэргийн зангилааг тэд л тайлж мэднэ. Тэднийг одоо шалгаж байна, ингэнэ тэгнэ гэж хэлэхэд эрт. Тэр дундаа том хэргүүд шүүх очоод цайрдаг гэх яриа олон нийтийн дунд байдаг. Цагдаагийнхан ч бас ингэж гомдоллодог. Цахим орчинд ч бас иймэрхүү болгоомжлол явж байна.  АТГ-ын дарга Х.Энхжаргал "Төр АВЛИГАЧДАА өршөөдөг болохоор бид мянга тэмцээд ч барахгүй байна” хэмээн ярьсан нь дээрхийн нэг нотолгоо буюу.

Анхны баривчилгааны дараа АН-ын С.Баярцогтыг намын гишүүнээсээ хассан. Харин Ч.Сайханбилэгийн тухайд бол  хэрэг нотлогдоогүй, өөрөө хүлээн зөвшөөрөөгүй байгаа учир намаас хасахгүй хэмээжээ. 

Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр С.Баярыг баривчилж саатуулсны дараа өгсөн ярилцлагадаа "Хэдий болтол намын ард нуугдаж, улс төр хийж муу муухай бүхнийг хааж, хаацайлах юм бэ”  хэмээсэн байна билээ.  Түүний энэ үг УИХ-ын хоолойд тээглэсэн яс болоод байгаа Д.Гантулгад ч бас хамаарч байгаа нь тодорхой.

Хэрэв дээрхи хүмүүсйн сэжиглэгдэж буй хэргийг шүүх нотолбол тэдний хувьд хуулийн төдийгүй намын зүгээс хариуцлага тооцох нь тодорхой. Намгүй болно гэдэг улс төрд  орох гишгүүргүй болж байгаатай адил.

Монголчууд "Чонын ав” хэмээн ярьдаг. Харин авлигатай тэмцэх хүрээнд хийж байгаа энэ ажиллагааг цахим орчинд чонын автай зүйрлэсэн байна билээ.  "Чонын ав” цааш хэрхэн үргэлжлэх вэ гэдэг нь одоогоор оньсого. Ямар ч атугай  АТГ-ын хувьд атгаж авсан сэжүүр бий, тэр нь цааш хэрхэн хөврөхөөс шалтгаалах байх.  Ер нь дараагийнх нь хэн бэ гэсэн таавар таамаг бол явж л байна. Чухам хэн байх нь тодорхойгүй ч энэхүү хэрэг явдал  Оюутолгойн гэрээ, Эрдэнэт хоёрыг л тойрон эргэлдэж байгааг сануулъя.   

 

М.Нэргүй