|

Хуралдаа суудаггүй гишүүдийг эгүүлэн татаж, ёс зүйгүй нөхдүүдэд хариуцлага тооцдог болно

 

Хуралдаа суудаггүй гишүүдийг эгүүлэн татаж, ёс зүйгүй нөхдүүдэд хариуцлага тооцдог болно

 

Иргэд олон нийтийн дунд хууль тогтоох дээд байгууллагын төлөөллүүдийн ёс зүй, хариуцлагын тал дээр нэлээдгүй гомдол мэдүүлдэг. Тиймээс УИХ-ын Тамгын газраас өчигдөр "Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, гишүүний ёс зүй, хариуцлага” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улсын Бага Хурал, үе үеийн Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажлын алба, Тамгын газрын ажилтнууд, улс төр судлаач, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцов.
 
     Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд "Монгол Улсад парламентат ёсны нэн шинэ үеийн түүх БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай 1990 оны хуулиас эхлэлтэй гэж үздэг. Би энд хоёр, гуравхан тоог дурдъя. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ эхний гурван чуулганаараа 493 хууль, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэлэлцэн баталжээ. Энэ бол 2016 оны намрын чуулганыэцсээр гарсан статистик мэдээ. Үүнийг өмнөх парламенттай харьцуулж хэлэх нь зөв гэж бодож байна. 2012 онд байгуулагдсан УИХ эхний гурван чуулганы нийлбэр дүнгээр 269 хууль шинээр батлах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдэж байжээ. 2008 онд байгуулагдсан парламент эхний гурван чуулганы дүнгээр 201 хууль, хуулийн нэмэлт, өөрчлөлт хийсэн байна.
        Гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудлыг өнөөдөр бид онцолж ярих учраас  энэ талаар бас хэдэн тоо хэлье. Өнгөрсөн гурван чуулганы нийлбэр дүнгээр энэ удаагийн УИХ-ын гишүүд 1012 цагийн чуулганы хуралдаанд оролцолгүй тасалсан гэсэн статистик мэдээ байгаа. Тэгвэл 2012-2016 оны парламент гурван чуулганыхаа нийлбэр дүнгээр 9882 цагийн таслалттай байжээ.
 
    Парламентын гишүүд ард түмнийг төлөөлөх үүргээ бүрэн дүүрэн биелүүлж чадаж байна уу, үгүй юү гэдэг асуудал УИХ-ын үйл ажиллагаанд хэрхэн, яаж оролцож байна вэ гэдгээс харагдаж байгаа. Нөгөө талаар парламент бүхэлдээ хариуцлага, сахилгатай байж чадаж байгаа, эсэхтэй холбогдох учраас УИХ-ын үйл ажиллагаа, гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудалд ихээхэн анхаарал хандуулах ёстой гэж бид үзэж байгаа юм" гэлээ 
    УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Оюун-Эрдэнэ нараар ахлуулсан Ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Энэ Ажлын хэсэг л гэхэд зөвхөн дэгийн холбогдолтой асуудлаар 10 гаруй орны парламентын хууль, эрхийн актуудыг судалж үзсэн байна. Судалгаанаас харахад гишүүдийн хариуцлага, ёс зүй, дэгтэй холбоотой зохицуулалтуудыг дөрвөн үндсэн бүлэгт хувааж үзэж болохоор байна.
 
Нэгдүгээрт, Гишүүдэд санхүүгийн хариуцлага хүлээлгэдэг юм байна. Энд цалинг нь хасах, санал хураалтад оролцоогүй, тасалсан бол мөнгөн торгууль ногдуулах зэрэг арга хэмжээ орно.
 
Хоёрдугаарт, Гишүүний бүрэн эрхийг түр хугацаагаар буюу хэсэгчлэн түдгэлзүүлэх, эгүүлэн татах мэтээр сахилгын шийтгэл ногдуулдаг туршлага байна.
 
Гуравдугаарт, Гишүүдийн ирцийн байдлыг олон нийтэд мэдээлдэг, албадан ирүүлдэг, хуралдаанд оролцох эрхийг нь хасдаг, албан ёсоор уучлал гуйлгадаг арга барил байна.
 
Дөрөвдүгээрт, Гишүүний давуу эрхийг нь хязгаарлах, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, парламентын бүрэлдэхүүнээс хасах шийтгэл ногдуулдаг байна.
 
        Манайд шинээр яригдаж буй хуулиар УИХ-ын гишүүн чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй цагийн нийлбэр нь тухайн чуулганы нийт хугацааны гуравны нэгээс хэтэрсэн бол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татах, Байнгын хороодын хуралдааныг давхцуулахгүйгээр зохион байгуулдаг болох, хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, санал өгөхөд гарын хурууны хээгээр идэвхждэг систем бүхий цахим тоолуурыг ашиглах, гишүүн зөвхөн өөрөө санал өгдөг байх зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж байгаа аж. Мөн Монгол Улсын Үндсэн хууль болон Ард нийтийн санал асуулгын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх ирцийн босгыг өндөрсгөж, шалгуурыг тодорхой оновчтой болгохоор тусгажээ.
 
   Түүнчлэн УИХ-ын гишүүн бусдад хүндэтгэлтэй хандаж, бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан, эсхүл хуралдаанаас гадуур бусдыг илтэд санаатайгаар гүтгэж, доромжлохыг хориглох, хуралдааны дэг зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой зохицуулалт хийх шаардлагатай. Мөн гишүүний асуултад бүрэн хариулах боломжийг бий болгож, тайлбар хийж асуултад хариулж байгаа албан тушаалтан үнэн зөв мэдээлэл өгөх, асуултад бүрэн хариулах үүрэгтэй байхаар зохицуулах, тэрчлэн хуулийн хийдэгдлийг арилгах үүднээс Үндсэн хуулийн цэцээс хууль тогтоомжийн зарим зүйл, заалтыг хүчингүй болгосон бол УИХ дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор тухайн хууль тогтоомжид зохих нэмэлт, өөрчлөлт оруулдаг байхаар хуулийн төслийн үзэл баримтлалд тусгахаар төлөвлөжээ.
 
   Дараа нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Парламентын үйл ажиллагаа, гишүүний ёс зүй, хариуцлагын талаархи гадаадын улс орнуудын туршлага” сэдвээр танилцуулга хийсэн юм. Тэрбээр, энэ асуудлын хүрээнд дэлхийн бусад орны туршлага, жишгийг харьцуулан судалсан томоохон судалгаа хийгдсэн тул товчилж танилцуулж байгаа, яваандаа энэхүү судалгааны материалыг товхимол болгон хэвлүүлж нийтэд хүргэх бодолтой байгаагаа хэлээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны одоогийн зохицуулалтын талаар тоймлон танилцуулснаар хэлэлцүүлэг өндөрлөсөн юм.
Ч.Ган