|

В.Путин: Үндэсний шинэ түүх биднээс хамаарна

В.Путин: Үндэсний шинэ түүх биднээс хамаарна

 

 ОХУ-ын төрийн тэргүүнээр улиран сонгогдсон Владимир Путиний Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол өчигдөр боллоо. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Москвагийн цагаар 12.00 цагт Кремлийн ордны Андреевийн танхимд болсон юм. ОХУ-д 2000 оноос хойш мөрдөж байгаа хуульд халаагаа өгч буй төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацаа тавдугаар сарын 7-нд дуусгавар болж, Ерөнхийлөгч албан ёсоор үүрэгт албаа хүлээн авах заалттай аж. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд өмнөх ёслолуудаас хоёр дахин их буюу 5000 хүн оролцсон байна. В.Путин өмнө нь 2000, 2004, 2012 оны тавдугаар сарын 7-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн бөгөөд энэ удаад мөн өдөр улсынхаа Үндсэн хуулийг дээдлэн төрийн тэргүүний албаа нэр төртэй хашихаа тангараглалаа. ОХУ-ын түүхэн дэх Ерөнхийлөгчийн тангараг өргөх долоо дахь ёслолын ажиллагаа 50 минут үргэлжилж, "Россия 1”, "Россия 24”, "НТВ”, "Мир” телевиз, "Вести.ру” сайтаар шууд дамжуулсан юм.

ҮНЭНЧ, ШУДАРГА ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙНА ХЭМЭЭН ТАНГАРАГЛАВ

Дэлхийн улс орнуудад Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол нь өөр өөрийн онцлогтой байдаг. АНУ, Франц тэргүүтэй орны төрийн тэргүүн ард иргэдийнхээ өмнө тангараг өргөдөг бол ОХУ-ын Ерөнхийлөгчийн үүрэгт албаа хүлээн авах ёслол улс төрийн дээд албан тушаалтнууд болон гадаадын зочид төлөөлөгчид оролцуулан Кремлийн ордонд болдгоороо онцлогтой. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар, Сонгуулийн Төв хорооны мэдэгдлээс хойш 30 өдрийн дотор төрийн тэргүүн үүрэгт албаа хүлээн авах журамтай. Харин тангараг өргөх ёслолын талаар хуульд тусгаагүй байдаг аж. ОХУ-ын удирдагчид албан тушаалаа хүлээн авдаг энэхүү ёслол нь Оросын шинэ үеийн түүхийн чухал үйл явдал бөгөөд М.Горбачевын үеэс эхлэлтэй. Оросын Ерөнхийлөгч Борис Ельциний өргөсөн тангаргийн дэгийг өнөө хэр өөрчлөөгүй дагадаг байна. Владимир Путин Кремлийн ордны Андреевийн танхимд Петр Чайковскийн "Ёслолын марш” хөгжмийн аянд орж ирснээр ёслолын ажиллагаа эхэлсэн байна. В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгчийн бэлгэ тэмдэг болсон Үндсэн хуулийн эх дээр баруун гараа тавин "ОХУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа Үндсэн хуулийг дээдлэн сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн дээдэлж, улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалж, ард түмэндээ үнэнч шударгаар зүтгэхээ амлаж байна” хэмээн тангараглаж, улсынхаа Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн албыг хүлээн авчээ. Ерөнхийлөгчийг тангараг өргөсний дараа ОХУ-ын Төрийн дуулал эгшиглэж, Кремль дахь Ерөнхийлөгчийн ордны оройд төрийн далбаагаа мандуулжээ. Кремльд болсон тангараг өргөх ёслолд Думын хоёр танхимын хууль тогтоогчид, Үндсэн хуулийн Цэцийн гишүүд, төрийн албан хаагчид, соёл урлагийнхнаас гадна сонгуулийн кампанит ажилд оролцсон сайн дурынхан, идэвхтнүүд оролцжээ. В.Путин ёслолын үеэр хэлсэн үгэндээ "Эх орныхоо өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ойлгож байна. Оросын ашиг сонирхол, аюулгүй байдал, ард түмний минь амьдрал миний хувьд бүхнээс чухал байсан, байх ч болно. Сая сая иргэдийнхээ итгэлийг хөсөрдүүлэхгүйн тулд чадах бүхнээ хийнэ. Арван жилийн дараах Оросын хувь заяаг ойрын хугацаанд тодорхойлно. Манай ирээдүй, үндэстний шинэ түүх зөвхөн биднээс хамаарна. ОХУ Евразийн татах хүчний төв болох эсэх нь биднээс шалтгаална. Хэрвээ бид Үндсэн хуулийн эрх, эрх чөлөө, Оросын ардчиллыг бэхжүүлж, Эх орноо үнэлж цэгнэж, нягтарч нэгдсэн ард түмэн байж чадвал зорилгодоо хүрнэ. Бид заавал амжилтад хүрэх ёстой” хэмээжээ. В.Путин Андреевийн танхимыг орхин Кремлийн талбайд зохион байгуулсан Ерөнхийлөгчийн морьт хорооны жагсаалыг Ерөнхий сайдын хамт үзэж, сонирхжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч болон Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид хүндэтгэл үзүүлэн 30 их буугаар агаарт буудлаа. В.Путин уламжлал ёсоор үнэн алдартны шашны сүмд мөргөл үйлдсэн байна.

ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНД 26 САЯ РУБЛЬ ЗАРЦУУЛЖЭЭ

Кремлийн хэвлэлийн албаны мэдээлснээр, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд 26 сая рубль буюу 867 мянган ам.доллар зарцуулжээ. Оросын zakupki.gov.ru сайтад бичсэнээр ёслолын дараах хүндэтгэлийн зоогт хүрэлцэн ирсэн мянга гаруй зочныг оргилуун дарсанд дарсан хилэм загасны зууш, шарсан хавч, бяслаг, наргилын тостой капучино, кофе зэрэг тансаг зэрэглэлийн идээ, ундаагаар үйлчилжээ. Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээнд бараг нэг сая ам.доллар зарцуулахаар болсон нь Оросын сөрөг хүчнүүд болон хэвлэл мэдээллийнхний эсэргүүцэлтэй тулгарлаа. Оросын зарим хэвлэлд тангараг өргөх ёслол зардал ихтэй болох нь В.Путиний нэр хүндэд нөлөөлж магадгүй талаар мэдээлжээ.

ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРИЙГ САНАЛ БОЛГОНО

"В.Путин тангаргаа өргөсний дараа Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнээ Думд танилцуулна" хэмээн эх сурвалжууд мэдээлж байгаа бөгөөд "Д.Медведевийг Ерөнхий сайдын албанд улираан томилох уу эсвэл шинэ хүн санал болгох уу" гэсэн асуулт Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоос илүү ажиглагчдын анхаарлын төвд байлаа. Төрийн Думын жигүүрүүд Дмитрий Медведевтэй Ерөнхий сайдад нэр дэвшигчийн хувиар уулзахаар бэлтгэж байгаа тухай "Новости" агентлаг мэдээлсэн юм Төрийн думын тэргүүн Вячеслав Володин "Ерөнхий сайдад нэр дэвшигч хүнтэй хуралдааны өмнө парламентын жигүүрүүд уулзана" хэмээсэн. Мөн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ асуудлаар хариу өгөхдөө "Владимир Путин тавдугаар сарын 7-нд тангараг өргөснийхөө дараа Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Думд танилцуулна" хэмээсэн юм. Кремлийн тэргүүн тангараг өргөхийн өмнө халаагаа өгөх гэж буй Засгийн газрын бүрэлдэхүүнээ хүлээн авч, Ерөнхий сайд Дмитрий Медведевийг үүрэгт албаа нэр төртэй хашсан хэмээн сайшаав.

"ТЭР БИДНИЙ ХААН БИШ”

Тангараг өргөх ёслолоос өмнө ОХУ-ын хэмжээнд олон мянган иргэн Владимир Путинийг эсэргүүцэн жагссан билээ. Москва, Калининград, Санкт-Петербург зэрэг 20 гаруй хотод болсон жагсаалын үеэр 1600 гаруй хүнийг баривчилжээ. Жагсаал зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн гэх Алексей Навальныйг ч мөн баривчилсан байна. Авлигын эсрэг тэмцэгч Алексей Навальный Владимир Путинтэй өрсөлдөж, түүнийг хатуу шүүмжилсээр ирсэн юм. Жагсагчид "Тэр бидний хаан биш”, "Оросын эрх чөлөөг эргүүлэн өг” гэсэн уриа лоозон барьж, бухимдлаа илэрхийлсэн байна. Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр дөрөв дэх удаагаа улиран сонгогдож, ирэх зургаан жилд Төрийн эрх барихаар болсон юм. Алексей Навальный сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байсан ч хууль эрх зүйн шаардлагаас болж боломжгүй болсон юм. Түүний эсрэг зохиомол хэрэг үүсгэсэн гэж дэмжигчид нь үздэг ажээ. Энэхүү үйл явдалтай холбогдуулан Оросын Дотоод хэргийн яамнаас Москва хотын хамгаалалтыг чангатгажээ. Мөн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр Кремлийн музей, Москва хотын төвийн автозамын хөдөлгөөнийг 09.00-15.00 цагийн хооронд түр хугацаагаар хаажээ.

Х.ЭРДЭНЭЗАЯА