|

АМЕРИКУУД БАЗАЛЬТААР АВТОМАШИНЫ "ОСЛЫН ГУПЕР" БҮТЭЭЖ АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ

АМЕРИКУУД БАЗАЛЬТААР АВТОМАШИНЫ "ОСЛЫН ГУПЕР" БҮТЭЭЖ АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ

 

"Tesla Motors” компани 100 хувь цахилгаанаар ажилладаг, дундаж орлоготой иргэдэд зориулсан "Model 3” загвараа өнгөрсөн онд танилцуулснаар автомашины салбарын ирээдүйг тодорхойлогч гэдгээ батлан харуулсан юм. Тус загвар өнгөрсөн дөрөвдүгээр сараас АНУ-д албан ёсоор худалдаалагдаж, одоогоор хамгийн их борлуулалттай цахилгаан автомашинаар тодроод байна. Хямд зардалтай, гэр бүлийн зориулалттай "Model 3” загварынх нь эрэлт өндөр байгаатай холбогдуулан автомашины тюнинг буюу эд анги, гадаад үзэмжид нь сайжруулалт хийдэг компаниуд "Tesla”-гийн өмнөх загваруудад шинэчлэл хийж, өдөр тутмын хэрэглээнд ойртуулж эхэлжээ. Тэр дундаа автомашины тюнинг хийдгээрээ алдартай "Larte Design” салон "Model S” загварын эд ангийг сайжруулсан нь худалдан авагчдын эрэлтийг улам нэмэгдүүлэв.

Тус компанийнхан ганц "Tesla”-гийн загварт бус, манай монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг "Тоёота”-гийн болон Infiniti, Range Rover, Lexus, Mercedes зэрэг автомашинуудад зориулсан тюнинг иж бүрдлийг шинээр гаргаж зах зээлд нэвтрүүлжээ. Тэд автомашины урд, хойд гуперт базальт фибер ашигласан нь автомашин үйлдвэрлэгчдийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох шинэ хувьсгал болсныг мэргэжилтнүүд онцоллоо. Базальт фибер буюу чулуун, шилэн хөвөн материалыг ашигласнаар автомашины гупер нь илүү хөнгөн хэрнээ нягтаршил сайтай учир бат бөх, мөн дулаан хүйтэн зэрэг цаг агаарын нөлөөлөлд хэд дахин тэсвэртэй болжээ. Гупер нь ингэж эдэлгээ сайтай, бөх батаас гадна доргилт, чичирхийлэл, гаднын цохилтод илүү тэсвэртэй болсон байна. Базальт фиберээр хийсэн гуперийн энэ шинж чанар, давуу талыг мэргэжлийн шинжээчид автомашины аюулгүйн буюу ослын дэртэй адилтган зүйрлэсэн байна. Ослын дэр нь ослын үед дэлгэгдэж жолооч, зорчигчдыг хамгаалдаг бол, базальтаар хийсэн гупер нь доргилтод илүү тэсвэртэй учир мөргөлт, гаднын цохилт, жижиг ослын үед автомашинаа хамгаална гэж дүгнэсэн байна. Үүнээс гадна базальт фибер нь биеэсээ химийн бодисыг ус, агаарт ялгаруулдаггүй байгаль орчинд ээлтэй гэдгээрээ бас нэгэн давуу тал юм. Сонирхолтой нь, базальт фиберийн эдгээр онцгой шинж чанарыг харгалзан аль хэдийнэ сум нэвтэрдэггүй хамгаалалтын хантаазны үйлдвэрлэлд, мөн агаарын болон сансрын салбарт түгээмэл ашиглаж эхэлжээ. Харин автомашин үйлдвэрлэгчид арай хожуу ч гэсэн гадна арьс, ялангуяа гуперт аюулгүй байдлыг илүү нэмэгдүүлсэн, байгаль орчинд хоргүй, хямд өртөгтэй хэрнээ бөх бат чанартай базальт фиберийг ашиглаж эхэлснээ онцгой үйл явдалд тооцож байгаа юм.

"Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск өмнөө гурван том зорилт тавьснаа дэлхий нийтэд зарласан. Нэгд хүн төрөлхтөнийг байгаль орчинд ээлтэй, аюулгүй автомашинаар хангах, хоёрт нарны эрчим хүчний хэрэглээнд оруулах, гуравт ангараг гаригийг эзэмших гэж өгүүлсэн байдаг. Тэгвэл бензинийн хэрэглээ "0”, цахилгаан хөдөлгүүрт автомашиныхаа их биед базальт фибер ашигласнаар аюулгүй, байгаль орчинд ээлтэй машинаар хүн төрөлтнийг хангах эхний зорилго нь биелж эхэлсэн тухай дэлхийн хэвлэлийн агентлагууд онцолж бичиж байна.

Айпоне /iphone/ утас анх Америкт гараад өнөөдөр дэлхийг бүрхсэнтэй адил америкуудын базальтаар бүтээж, хэрэглэж эхэлсэн "Ослын гупер” удахгүй дэхийн олон оронд, тэр дундаа Монголын хэрэглээнд удахгүй нэвтрэх нь дамжиггүй юм. Учир нь Монгол орны эрс тэс уур амьсгалаас гадна, жолооч нарын замын хөдөлгөөний "соёл”-оос хамааран манай улсад хамгийн их гэмтэлд өртдөг автомашины эд анги бол гупер юм. Дээр нь манай улс базальттай, "Монгол базальт” гэж үндэсний компанитайгаас гадна зөвхөн кузов засварын хэдэн зуун засварын газартай, засварчидтай билээ.

DNN.MN