|

ПАРИС ХОТ ХАЛДЛАГАД ӨРТЛӨӨ

ПАРИС ХОТ ХАЛДЛАГАД ӨРТЛӨӨ

 

-Халдлагын хариуцлагыг "Исламын улс” алан хядах бүлэглэл хүлээжээ-


Парис хотын төвийн дүүрэгт нэгэн үл таних этгээд дэргэдүүр өнгөрсөн хүмүүс рүүгээ халджээ. Энэхүү дайралтын улмаас нэг хүн амиа алдаж, дөрөв нь шархадсан байна. Гэмт этгээдийг хэргийн газар дээр ирсэн цагдаа нар бууджээ. Прокурорын мэдээлж буйгаар энэ хэрэгт "алан хядах ажиллагааны ул мөр" байна гэнэ. Халдлагын хариуцлагыг "Исламын улс” алан хядах бүлэглэл хүлээсэн байна.

Францын нийслэл Парис хотын төвд хутгаар зэвсэглэсэн нэгэн үл таних этгээд дэргэдүүрээ өнгөрч явсан хүмүүс рүү дайрчээ. Энэхүү дайралтын улмаас нэг хүн газар дээрээ нас барж, дөрвөн хүн шархадсан байна. Энэ талаар орон нутгийн цагдаагийн газраас мэдээллээ.

"Хутга барьсан нэгэн үл таних этгээд Парисын хоёрдугаар тойрогт таван хүн рүү дайрчээ. Нэг хохирогч өөд болж, хоёр нь хүнд шарх, хоёр нь хөнгөн шарх авсан байна. Гэмт этгээдийг устгасан" хэмээн хууль сахиулагчид "Twitter”-тээ мэдээлжээ.Үүний зэрэгцээ прокурорын газар болсон үйл явдалд алан хядах ажиллагааны ул мөр байна гэжээ.

"Хутгатай халдлага үйлдсэн этгээд дэргэдүүрээ өнгөрч байсан хүмүүс рүү "Аллах акбар" хэмээн хашхирсан. Алан хядах ажиллагааг эсэргүүцэх прокурорын газар мөрдлөг шалгалтаа явуулж байна” хэмээн Парисын прокурор Франсуа Моленс хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Түүний араас хэвлэл мэдээллүүд халдпагын хариуцлагыг "Исламын улс” алан хядах байгууллага хүлээсэн тухай мэдээлсэн байна.
 

Хүйтэн хандсан нь зөв


Үүнтэй зэрэгцээд Францын Дотоод хэргийн сайд Жерар Коллон хууль сахиулагчдынхаа харгис хатуу үйлдлийг сайшаажээ. Тэрбээр "Би цагдаагийнхны хүйтэн хандсан үйлдлийг сайшааж байна. Миний сэтгэл санаа энэхүү аймшигт халдлагад өртсөн хүмүүстэй хамт шүү” гэж жиргэжээ.

Харин цагдаагийн газрын дарга Мишель Дельпеш шархадсан хүмүүсийн ар гэрийнхэнд шаардлагатай тусламжийг үзүүлсэн гэж мэдэгдэв.

Үүний дараа Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хэдийгээр ийм цуст халдлага болсон ч Франц улс эрх чөлөөний дайснуудтай тэмцэхээ зогсоохгүй хэмээсэн байна. "Парист энэ орой хутгатай халдлагад өртсөн, хохирсон хүмүүстэй, түүнчлэн тэдний ойр дотны хүмүүстэй миний бодол санаа хамт байгаа шүү. Францын бүх иргэнийхээ нэрийн өмнөөс би алан хядагчийг устгасан цагдаа нарын эрэлхэг зоригтой үйлдлийг хүндэтгэж байна. Франц улс дахиад л цусаар төлөөс төллөө. Гэхдээ эрх чөлөөний дайснуудтай хийх тэмцлээ нэг ч алхам ухраахгүй” хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна.
 

Гудамжинд сандрал үүсчээ


Энэ хэрэг Опера талбайн дүүрэгт, есдүгээр тойрогтой ойролцоо гарсан байна. Хотын энэ хэсэг шөнийн клуб, кафе, ресторан ихтэй. Гэрчийн мэдээлснээр хэв журам сахиулагчид анхандаа гэмт этгээдийг цахилгаан бороохой, гар буугаар номхруулах гэж оролдсон боловч эцэстээ хоёр ч удаа буудсан байна.

"Би хоёрдугаар тойрогт Гэгээн Августины гудамжны ресторанд байсан. Хүмүүс сандралдаж, цус үзэгдэж, гудамжинд хутга барьсан эр хүмүүс рүү хашхирч байлаа. Боломжтой бол энэ дүүргээс холуур яваарай” хэмээн гэрчүүдийн нэг Фиона Занетти "Twitter”-тээ жиргэжээ.

Өөр нэгэн гэрчийн хэлж буйгаар халдлага үйлдсэн этгээд ухаан мэдрэл муутай, эсвэл мансуурсан мэт байсан гэнэ. "Le Parisien” сонины сэтгүүлч Жереми Фам-Ле хууль сахиулагчдын мэдээлэлд үндэслэн мэдээлэхдээ гэмт этгээд цагдаа нарыг өдөөн хатгаж, "Намайг хөнөө, эсвэл би та нарыг хөнөөнө шүү” гэж хашхирч байсан гэнэ.

Үүнтэй зэрэгцээд Францын ГХЯ-наас хэвлэлүүдийг зөвхөн шалгагдсан эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн мэдээллээ түгээхийг уриалж байна. "Бидэнд та бүхний тусламж хэрэгтэй байна. Ор үндэсгүй мэдээлэл битгий тараагаарай. Зөвхөн шалгагдсан эх сурвалжаас ирж буй мэдээлэлд нь үндэслэн мэдээллээ түгээгээрэй” хэмээн тус яамны "Twiiter”-т бичжээ.

Одоогийн байдпаар хэргийн газрыг цагдаа нар бүсэлж, тэнд эмнэлгийн бригад жижүүрлэж байна.
 

Улстөрчид ийнхүү мэдээлж байна


Францын улстөрчид олон нийтийн сүлжээгээр дамжуулан халдлагатай холбоотой ийнхүү байр сууриа хүргэж байна.

Тухайлбал, Үндэсний фронтын удирдагч Мзрин Ле Пен "Парист халдлага үйлдсэн этгээдийг устгасан хэв журам сахиулах хүчнийхнээ дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Харамсалтэй нь нэг хүн амиа алдаж, хэдэн хүн шархадлаа” хэмээн жиргэжээ.

Түүнчлэн нийслэл хотын дэрга Анн Идальго амиа алдсан хүний ар гэрийнхэнд эмгэнэлээ илэрхийлжээ. Үүнээс гадна "зоригтой, мэргэжлийн байсан цагдаа, аврагчдад” талархлаа илэрхийлсэн байна.

Социалист намын нэгдүгээр нарийн бичгийн дарга Оливье Фор ч мөн түүнчлэн тэдэнтэй адил байр суурь илэрхийлжээ.
 

Халдлагад олон өртсөн улс


Парис хот сүүлийн хэдэн жилд нэлээд хэдэн удаа алан хядах ажиллагааны бай болоод буй. Үүнээс хамгийн том халдлага 2015 оны арваннэгдүгээр сард гарчээ. Тухайн үед "Исламын улс" алан хядах бүлэглэлийг дэмжигчид нийслэлд болон Сен-Дени хэмээх дагуул хотод цуврал халдлага үйлдсэн. Үүний улмаас 130 хүн амиа алдаж, 350 гаруй хүн шархадсан билээ.

Харин хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр Францын өмнөд хэсэгт нэлээд хэдэн хүнийг барьцаалсан хэрэг гарсан. Галт зэвсгээр зэвсэглэсэн 26 настай Редуар Лакдим эхлээд Каркэссон коммунд автомашин хулгайлэн зугтаж, дараа нь машинээс тусгай ажиллэгааны ажилтнууд руу гал нээсэн байна. Дараа нь Треб коммунд орших ”Super U” супермаркет руу дайран оржээ. Тэрээр Парисын алан хядах ажиллагаанд голлон оролцогч Салах Абдесламыг суллахыг шаардсан гэнэ.

Хэсэг хугацааны дараа цагдаа нар барьцаалагдсан хүмүүсийг суллаж чадсан байнэ. Энэхүү ажиллагааны үеэр гэмт этгээдийг устгажээ.

Халдлагын үеэр машины зорчигч, худалдан авагч, супермаркетын ажилтэн гээд нийтдээ гурван хүн амиа алдаж, 16 хүн шархадсан аж. Халдлага үйлдсэн этгээд хууль сахиулагчдын хараа хяналтэд байсан нь хожим нь ил болсон юм.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу