|

ДАРХАН ХОТНОО МИСС ЭЭЖҮҮДИЙН АНХНЫ ТЭМЦЭЭН БОЛЛОО

ДАРХАН ХОТНОО МИСС ЭЭЖҮҮДИЙН АНХНЫ ТЭМЦЭЭН БОЛЛОО

 

Гэр бүл үр хүүхдийнхээ төлөө үнэт цагаа зарцуулан цаг наргүй ажил амьдралаа зохицуулан яваа үзэсгэлэнт ээжүүдийн маань дунд анх удаа зохион байгуулагдсан "MISSES MOM 2018" тэмцээн 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дархан хотын Залуучууд театрт гал гарсан ширүүн үзүүлбэрүүдээр дүүрэн болж өндөрлөлөө.

Тэмцээнд оролцох үндсэн шалгуур нь ЭЭЖ байх гэсэн тодотголтой өвөрмөц содон мисс ээжүүдийн маань уг тэмцээн яг л айлчлан ирж буй урин цагийн өнгө мэт хайраар дүүрсэн танхимд Үндэсний хувцастай гараа, урлагийн номер, гоёлын даашинзтай гараа, асуулт хариултын тэмцээнүүдээр үргэлжилсэн юм.

"MISSES MOM 2018" тэмцээнд 18-50 насны 1-5 хүүхэдтэй өөртөө итгэлтэй, ажил амьдрал, хийж бүтээснээрээ нийгэмдээ үлгэр дуурайлал болсон шилдэг 25 бүсгүйн өөр өөрийн ертөнцөөр аялсан өвөрмөц үзүүлбэрүүд нь уг тэмцээний босгыг өндөрсгөж, тэдний авьяас ухааныг илтгэж байсныг дурдахгүй байхын аргагүй байлаа. Ийнхүү гал гарсан үзүүлбэрүүдээр дүүрэн уг тэмцээний ялагчаар 25 хувийн дугаартай Содхүү овогтой Буянзаяа хэмээх 31 настай, нөхөр 5 хүүхдийн хамт амьдардаг, Эрх зүйч багш мэргэжилтэй, мэргэжлийн цэргийн шүхэрчин, өөрийн бие даан гаргасан 7 ном,гадаад дотоодын эрдэм шинжилгээний 20 гаруй бүтээлтэй, Хууль зүйн ухааны докторант, спортын мастер, нийгэм хүмүүнлэгийн салбарт 2011 оноос хойш тасралтгүй оролцож идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй бүсгүй шалгарсан юм.

Ээжүүдийн маань манлайлал, үлгэр дуурайлал болсон сайхан бүсгүйчүүддээ баяр хүргэж тэдний гэр бүлд нь сайн сайхан бүхний дээдийг ерөөе.

Нийгэмд гэрэл гэгээтэй нэгэн сайхан өдрийг ийнхүү бэлэглэсэн ерөнхий зохион байгуулагч Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны дэргэдэх Залуу ээжүүд-Манлайлал клуб, хамтран зохион байгуулж ажилласан аймгийн ЗДТГ, аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, ГБХЗХГ, Залуучууд театр, Эхлэл гэрэл зургийн студи, Royal De Beauty салон, Daimond spinning club, Mars salon, Түвшин эмнэлэг, Гоо наран салон, Ray хувцас загварын агентлаг, Арина электрон барааны дэлгүүр, Dream yoga center, Dream art галерей, Полиглот сургалтын төв, Гурван сайхан үйлдвэр, Darkhan doner house, Атланта төв, S&B саун, Золбоо салон зэрэг байгууллагууддаа талархал илэрхийлье.

Монголын үрс маш олон болтугай.