|

Анзаарагдаж буй асуудлууд

Анзаарагдаж буй асуудлууд

 

Хүний нийгэм байнга урагшлан ахиж дэвшиж байдаг жамаас манай улс ч гажихгүй. Гэхдээ будилж мунгинасаар байгааг доор сийрүүлье.

1. Их хурлын 76-г бид янз бүрээр хэлж шүүмжилдэг. Гэтэл бид өөрсдөө тэднийг сонгосон. Эдний дотор сайн нь ч бий, муу нь ч бий. Тэднийг нийлүүлээд дунджийг нь гаргахад тэр дундаж бол Монголын 3 сая хүний дундаж. Бидний дундаж энэ. 76-н хулгайч гэж хараагаад шударгыг лоозонддог хүмүүсээс Их хуралд суувал төрийн банкны үүдэнд машин тулгаж зогсоогоод ачих гэж дайрах хүмүүс ч гарч мэдэх л байх.

2. Хэн нэгний булхайг илчлэх гэсэн хүнээ хэвлэл мэдээллээс эхлээд болох бүхнийг ашиглан удам судраас эхлэн гишгэсэн бүхнийг нь мөрдөн мөшгөж, боорлон дайрах нь хэвийн үзэгдэл боллоо. Үүнийг хянаж шалгаж дарах нь байтугай, надад хэрэг болох юу байна гэж харцгаадаг бололтой. Бүгдийг төлөөлүүлэн ганц Ц.Нямдоржоор жишээ болгоё: Хэрэв Ц.Нямдорж Эрдэнэтийн 49 хувь, Зоригийн хэрэг, Хурц гэсэн асуудлуудад дуугараагүй буюу бөөрөнхийлсөн бол ховор сайн хүн байгаа. Гэтэл өнөөдөр хог новш болгох гэж улайрцгааж байна. Үүнийг нь үнэмшиж, дагаж дэвж, дэлж хараадаг хүмүүс хаа мундах вэ дээ.

3. Эрдэнэтийн шахаа гэж нэг цуутай асуудал буй боллоо. Ер төрийн өмчит компаниудын царай энэ. Хүчин чадлаасаа болоод шахааны их бага л гэж байж таарна. Эрдэнэт л гэхэд энэ 20 гаруй жилд шахаагүй нийлүүлсэн бараа материал, техник тоног төхөөрөмж нэг ч байхгүй. Шахагчид гэхэд гишүүн, сайд, дарга, бөх, уяач гээд хөвөрнө. Шахаач гээд шүүмжилж байгаа хүмүүс дотор ч шахаач бий. Шахаагүй авбал өөрсдөд нь хувь олдохгүй учир заавал шахаагаар авдаг болсон гэж ойлгогдох болсон. Үүнийг 1991 оноос хойшхи бүх бараа материал, техник тоног төхөөрөмжийг он оноор нь сар сараар нь жагсаагаад хэн, ямар үнэтэй, ямар үнээр нийлүүлсэн байна, хэн зөвшөөрөв гэдгийг жагсаагаад л болчих юм. Гэтэл хав дарж байгаад шүүмжилсэн эсэргүүцсэн хүнийг агнахын тулд нэрийг шүүдэг, байхгүй бол хамаатныг нь шүүдэг, юм олдвол сугалан авч дайралт хийдэг барьцааны асуудал боллоо.

4. Хэн нэгний үг, мэдээллийг тунгааж шүүлгүй даган дэвж, шуурч байдаг хүмүүс дэндүү олон байна. Ерөнхийлөгчийн засаглал, Их хурлыг тараах гэсэн хийрхэл тэнүүчлэх боллоо. Үймрэлттэй үед парламентыг тараагаад дахин бүрдүүлэхэд оносон түүх байдгийг сонсоогүй. Харин зальтай, овжин бүтэлгүй үйлдэлтэй, увайгүйчүүд л шургалдаг. Ерөнхийлөгчийн засаглалтай байтугай засаглалгүй байхад томилдог эрхээ ашиглан хууль хяналтыг ямар болгосныг харцгааж байна. Лайг нь одоо амсацгааж л байна. Мэдээллийн шуурганд эргэлдэж байгаа, гадаад дотоодын эдийн засгийн бүлэглэлүүдийн нөлөө их байгаа, аль чанга "Цуурай"-г дагаж шуурдаг масс өтгөн байгаа ийм үед хүнээ сонгож чадах уу гэх зэрэг эргэж харах, эргэцүүлэн болох юм их байна.

Х.ГЭНДЭН