|

Нэгдээгүй хүч: ХҮРЭЛСҮХИЙН ҮГ ба БАТТУЛГЫН ҮГ

Нэгдээгүй хүч: ХҮРЭЛСҮХИЙН ҮГ ба БАТТУЛГЫН ҮГ

 

Монгол хөгжихгүй, эдийн засаг тууштай сэргэхгүй байгаагийн шалтгааныг бусдаас биш өөрсдөөсөө хайх давалгааны түүчээ өнгөрсөн өдрүүдэд болсон "Хүчээ нэгтгэе” уриатай Монголын эдийн засгийн чуулган байв. Бидэнд ямар хүч байгаад яаж нэгтгэх вэ? гэсэн асуултын хариулт товчхондоо төр, хувийн хэвшил өөрсдөд байгаа хүчийг нэгтгэх, үүнд гарц хайх байв.  Мэдээж хүчийг нэгтгэх тухай яриа анхных биш. 2010 он "Бид хамтдаа чадна”, 2011, 2012 онуудад  "Хөгжилд хамтдаа” "2015 онд "Итгэлцэл” гэх мэт уриан дор Эдийн засгийн форумаа хийж байснаас харахад ойлголцож, урагш харж ажиллах нь Монголын дотоодод сүүлийн үед мөнхийн сэдэв болохыг илтгэнэ.

Гэхдээ төр ба хувийн хэвшлийн хүч нэгдэн нийлж л 28 жилийн улсын хөгжлийг эвхсэнийг мартаж үл болно.Ийм ч учраас улам сайжруулахаар Эдийн засгийн форумаар байн байн ярьдаг байх.

Харин улсын хөгжил, хувийн хэвшлийн дэвшилд байнгын бартаа саад болсоор ирсэн улстөрийнхний үл ойлголцол, талцал, хэрүүл, хуваагдал, шинэчлэгдэх ёстой сууриудын талаар Эдийн засгийн форумаар огт хөндөхгүй явсаар өнөөг хүрчээ. 

"Монголын эдийн засгийн форум-2018”-аар л гэхэд "Бидний үнэт зүйлс, ёс зүй ба нийгмийн зөвшилцөл”, "Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал” гэх зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн ч үнэт зүйлгүй болсон улстөрийн намын шинэчлэл,төрийн албаны ёс зүй, улстөрийнхний увайгүйтэл, анти манлайллын талаар фокуслаж хөндсөнгүй. Өөрөөр хэлбэл, эдгээр сэдвийн хэлэлцүүлэг хэт ерөнхий, бөөрөнхий байлаа.

Эдийн засгийн форумыг хувийн хэвшлийнхэн зохион байгуулдаг. Хувийнхан төрд бодлого захиалах л гэж байгаа юм бол төр, улстөрийн хүрээний  шинэчлэлийн сууринд бугшсан ёс зүйгүй авирлал, манлайлалгүй байдал, зөвшилцдөггүй "зөрүүдлэл”-ийн талаар зайлшгүй хөндөх ёстой . Үүний илрэл  Ерөнхийлөгч Х.Баттулгын  "Монголын эдийн засгийн форум-2018”-ын сүүлийн өдөр тавьсан илтгэлээс илэрхий харагдсан болохоор дараагийн удаа хувийнхан өөрсдийн хүчийг төртэй бус, төрийн эрх мэдэлд суугаа "томчууд”-ыг эх орны төлөө хоорондоо хүчээ нэгтгэхийг шаардах буй за.

БНХАУ гэж бичиж өгсөн нэрийг БНМАУ гэж хальт харж унших хайнга байдал дунд боловсролтой Ерөнхийлөгчид тийм ч гайхмаар зүйл биш байх. Харин нийтээрээ, Монголоороо хөгжихгүй байгаагийн шалтгааныг дотоодоосоо, өөрсдөөсө хайж байхад Төрийн тэргүүн ганцаараа Их гүрнүүдийн геополитикт нийцсэн бодлого хэрэгжүүлэхгүй л бол Монгол хөгжихгүй, тиймээс Орос, Хятад гол тоглогчтой Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсье хэмээв. Үүнийг Х.Баттулгын дунд боловсролтой холбож ойлгохоос илүү улсын хөгжлийн эсрэг ухаанаа зарж буйн шинж гэхэд нээх хэтрүүлсэн буруутгал болохгүй биз ээ.

Том төслүүдээ хөдөлгөх, төр, засаг нь   шийдвэр гаргахдаа хувийн хэвшил, олон нийттэйгээ зөвлөлддөг байх, үндэсний хөрөнгө оруулагчдыг  эхний хөрөнгө оруулалтаа нөхөх хүртэл орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх, тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин цөөрүүлэх гэх мэтчилэн хэдий улиг ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх дотоод асуудлаа шийдэх шийдлүүдийг эрэлхийлж, бизнес эрхлэгчидтэйгээ нэг шугаманд зогсохыг эрмэлзэж байна.

Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг ЭНД, Ерөнхий сайдын хэлсэн үгийг  ЭНД дарж уншина уу.

Товчхондоо Ерөнхийлөгч Х.Баттулгын үгнээс улсын хөгжлийн тухай биш, улсыг хөгжүүлэх далимаар ОХУ-ын ашиг сонирхлыг түлхүү хамгаалах далд санаа цухалзав ч гэж ажиглагчид коммент үлдээж байна.

Монголын Төрийн тэргүүнийг ШХАБ-д татагдан орох тухай үгээ хэлж байхад Ерөнхий сайдын ОХУ-д хийх айлчлал ч цуцлагдав. 

Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар МАН-ын бүлгээс нэгдсэн шийдэлд хүрсэн, өмнө нь Ерөнхий сайд Хятадад айлчлахдаа Тавантолгойд урд хөршийн хөрөнгө оруулалт татах тухай ам нээсэн зэргээс болоод айлчлалд цэг тавив гэх хардлага ч гарлаа. Энэ бүхнээс харахад хэдий дотооддоо хүчээ нэгтгэхийг хүсч, бүр эрмэлзсэн ч хамгийн том хүч төрийн эрх мэдэлд нэгдэх шинж алга. Түмэн олны саналаар сонгогдсон Төрийн тэргүүн,төрийн түшээ хэн ч бай улс орны хөгжлийн төлөө байх хариуцлагын асуудлыг дараагийн удаа Эдийн засгийн форумаар хувийнхан сайн ярьж, сануулмаар ажээ. 

Нийтлэлч Баабар эдийн засгийн форумд хэлсэн үгэндээ "Монгол гэж хамтарч болдоггүй хөнтөрч болдог, нөхөрлөж болдоггүй нурааж болдог нийгэм боллоо. Нураахаас өөр үйл явцгүй, нураагчдаас өөр хөдөлгөх хүчингүй болсон энэ тогтоцыг яаж аврах вэ" хэмээн хэлэв. Баабарын хэлсэн үгийг ЭНД дарж уншаарай. 

 

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу