|

Аравхан настай охины нулимсаар зуурсан УЛС ТӨР

Аравхан настай охины нулимсаар зуурсан УЛС ТӨР

 

Ардчилсан намын "Монголоо сонсъё” аян Орхон аймагт болох үеэр хүүхдийн 20 000 төгрөгөө авч чадахгүй байгаа тухайгаа ярьсан охины бичлэг олон нийтийн сүлжээгээр тархлаа. Ээлж дараалан эцэг эхээ алдсан зовлонг нь яриулж, хүүхдийн нулимсаар улс төр хийжээ, Ардчилсан намынхан. Улс төрийн соёл, ухамсар гэж байдаггүй байж болно, угаас Монголын намууд төлөвшөөгүй. Гэвч хүн чанар гэж алга уу. Өнчин хүүхдээр улс төр хийж, нулимсыг нь дуслуулан байж, хүүхдийн 20 000 төгрөгийг яриулах шаардлага байв уу? Тэр бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулж, хайрлаж хамгаалах эцэг эхгүй охиноор зугаацах жившиг биш үү. Аравхан настай бяцхан охины нулимс, зовлонгоор эрх баригч МАН-ыг муу муухай харагдуулаад сэтгэлийн таашаал авав уу? Эсвэл улс төрийн оноогоо нэмсэн үү, С.Эрдэнэ дарга аа?!  

 

 

Бүтэн өнчин охин хүүхдийн мөнгийг ч, тэжээгчээ алдсаны тэтгэмжийг ч сар бүр авч байгааг Орхон аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас албан бичгээр олон нийтэд мэдээлжээ. Хэн нь худлаа ярьж байгаа нь сонин биш. Орхон аймгийн дарга нар арьсаа хамгаалахын тулд албан бичиг явуулсан ч байж болох. Зөвхөн хүүхдээр улс төр хийж, зугаацахаа л байчих. Улс төр хэзээ ч цэвэр байдаггүй. Харин хүүхэд бол хэзээд цэвэр ариун ертөнц, тэрийг улс төр гэх заваан зүйлээр бараантуулахаа больчих.

 

МАН-ынхан мөнгөгүй гэж чичирсээр хүүхдүүдийн 80 хувьд нь сар бүр 20 000 төгрөг өгөх төслөө энэ долоо хоногт батална. Хүүхдээс харамлан байж авч үлдсэн мөнгөө өөрсдөө хумслах биз. Харин АН-ынхан бүх хүүхдэд сар бүр мөнгө өгөх ёстой гэдэг улс төрийн шоучид. Бид анхны байр сууриа бат хадгална, хүүхэд ялгаварласан хэргээр хөлөө хүрэх газраа хүртэл явна гэхчлэнгээр Ардчилсан намын бүлгийнхэн ам цуцахгүй ярьсан. Ингэж ярьснаа хүүхдийн зовлонгоор, нулимсаар баталгаажуулж буй бололтой, тэд.

 

Эрх баригч МАН, сөрөг хүчин АН-ын одоогийн хийж буй бүх үйлдэл эх орноо, иргэнээ бодсон гэвэл эндүүрэл. Эрх барьж байхдаа иргэнийхээ төлөө ажиллаагүй Ардчилсан нам УИХ-д есхөн суудалтай үедээ Монголоо сонсоод яах юм бэ. Шийдвэр гаргах уу эсвэл шийдвэрт нөлөөлөх үү, хүч нь ирэхгүй л болов уу. Харин ирэх сонгуулийг угтсан шоу гээд тайлбарлачихвал илүү үнэнд ойртоно.  Тиймдээ ч хүүхдийн нулимсаар хүртэл улс төр хийж явна, арай ядсан юм даа.

 

Готов нь авна уу, Шадав нь авна уу хамаагүй гэдэг шиг Монголын төрд АН нь гарна уу, МАН нь очно уу, чанарын ялгаагүй. Адилхан хумсална, ижилхэн гацаана. Ялгаагүй Монголыг өрөнд оруулна. Юугаар ч гийгүүлэхгүй, явуургүй улс төрөө л хийнэ. Иргэн, ард түмэн хэмээн олны нэр барьдаг байсан бол одоо бүр хүүхдээр, тэдний нулимсаар, өнчин зовлонгоор нь улс төр хийж байна. Ичиж амьдар, С.Эрдэнэ дарга аа, хүн чанартай байхыг намынхандаа хэлж өг. ХҮҮХЭД БУРУУГҮЙ.


 

Б.Учрал