|

СУВИЛАГЧ БҮСГҮЙ Ж.УРАНЧИМЭГТ НЭГ ӨРӨӨ БАЙР БЭЛЭГЛЭЛЭЭ

СУВИЛАГЧ БҮСГҮЙ Ж.УРАНЧИМЭГТ НЭГ ӨРӨӨ БАЙР БЭЛЭГЛЭЛЭЭДархан-Уул /МОНЦАМЭ/. "Би амьдрахыг хүсч байна...Хэрвээ би өндөр цалинтай байсан бол... " хэмээн эмч, эмнэлгийн ажилтнуудыг цалин нэмэгдүүлэх жагсаалын үеэр нулимс дуслуулан ярьж байсан Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн хавдрын тасгийн сувилагч Ж.Уранчимэгт өнөөдөр Дархан сумын 12-р баг 14 хороолол дахь Хүслийн хотхонд нэг өрөө байр бэлэглэлээ.

"Өсөх Урам” ХХК-ийн захирал М.Төмөртогоо, эхнэр Г.Ундармаагийн хамт өвчиндөө шаналж, эмчилгээний зардлыг олохын төлөө явж буй үеийн тэнгийн найздаа туслахаар ийнхүү шийдсэн аж. Тэд "Цензургүй ярилцлага" нэвтрүүлгийг үзсэний дараагаар түүнд туслахаар шийдэж "Миркл ленд” ХХК-ийн захирал Б.Мандахтай уулзаж ярилцан, Хүслийн хотхоны нэгдүгээр байрны 4 давхарын 33,14 м.кв байрыг худалдан авч өгчээ.

Гэрчилгээг сувилагч Ж.Уранчимэгийн нэр дээр гаргаж өнөөдөр гардуулан өгөх үйл ажиллагаа боллоо. Хоёр өрөө болгон тохижуулсан тус байранд гал тогооны тавилгыг М.Төмөртогоогийн гэр бүл шийдэж өгсөн аж.
Урд өмнө нь орон сууцны 00 тоот өрөөг түрээслэн амьдардаг байсан сувилагч бүсгүйн хувьд сэтгэгдэл өндөр байлаа. Ж.Уранчимэг байрныхаа түлхүүр, гэрчилгээг гардан авахдаа хэслэн үгэндээ, Удахгүй эмчилгээндээ явна. Сайхан сэтгэлт хүмүүсийнхээ дэмжлэгтэйгээр амьдрах байртай болж түрээсийн мөнгөнд санаа зовохооргүй боллоо. Би  эдгэнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Надад тусалсан бүх хүмүүстэй  баярлалаа. М.Төмөртогоогийнхоо гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе хэмээн нулимс дуслуулан хэлсэн юм.

Сувилагч бүсгүйг байрныхаа түлхүүр, гэрчилгээг авах үйл ажиллагаанд М.Төмөртогоо, гэргий Г.Ундармаа "Цензургүй яриа” нэвтрүүлгийн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, Дархан-Уул аймгийн хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцлоо.

Сувиалагч Ж.Уранчимэгийн тухайд цусны үүдэл  эсийн хорт хавдартай гэх оноштойгоор эмчилгээ хийлгэж байгаа аж. Хамгийн хямдхан эмчилгээ хийлгэх улс нь Энэтхэгт 100-120 сая төгрөгөөр хийдэг гэнэ. Түүний эмчилгээний зардалд зориулж урлаг, соёлын нэгдсэн тоглолт зохион байгуулж, иргэд, ААНБ-ууд хандив тусламжаа үзүүлж өвчнөө ялан дийлэхэд нь сэтгэлийн дэм, урам зориг өгч байна.

Түүнд байр бэлэглэсэн М.Төмөртогоо гэргий Г.Ундармаа нар нь Дархан-Уул аймгийн шилдэг залуу гэр бүлийн төлөөлөл төдийгүй урд өмнө нь амьдралын боломжгүй нэгэн өрхөд байр өгч байсан удаатай юм. ”Өсөх Урам” ХХК нь барилга, авто зам, автозасвар чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг юм.
 

Л.Отгонбаатар