|

Хятад: Эдийн засаг, худалдааны бүх үр дүнг нэгэн зэрэг хүчингүй болгоно

Хятад: Эдийн засаг, худалдааны бүх үр дүнг нэгэн зэрэг хүчингүй болгоно

 

Америкийн худалдааны төлөөлөгчийн газар энэ сарын 5-нд 50 тэрбум ам.долларын үнэ бүхий Хятадын бараа бүтээгдэхүүнээс 25 хувийн гаалийн татвар нэмж хураах эцсийн жагсаалтыг гаргажээ. Энэхүү жагсаалтад хамрагдсан бүтээгдэхүүнүүд нь Америкийн талын дөрөвдүгээр сард нийтэлсэн анхны жагсаалттай үндсэндээ адил байв. Гэхдээ Америкийн тал шинэ гаалийн татварыг хүчинтэй боллоо гэж албан ёсоор хараахан зарлаагүй аж.

 

Үүний дараа Хятадын Худалдааны яам бас мэдэгдэл гаргажээ. "Америкийн тал хоёр талын тохиролцсон нийтлэг ойлголтыг үл ойшоон, хэлснээсээ ахин дахин буцаж, худалдааны дайн өдөөж байна. Энэ нь хоёр талын ашиг сонирхлыг хохироох төдийгүй дэлхийн худалдааны дэг журмыг эвдэж байгаа явдал учир Хятадын тал даруй "адилхан цар хүрээтэй, ижил хэмжээ”-ний татварын хариу арга хэмжээ авах болно. Өмнө  нь хоёр талын  зөвшилцөн тохиролцсон эдийн засаг, худалдааны бүх үр дүнг нэгэн зэрэг хүчингүй болгоно” гэжээ.

Америкийн энэ үйлдэл нь Хятад, Америкийн эдийн засаг, худалдааг хөгжүүлж, хоёр орны харилцааг тогтвортой хөгжүүлэхээр зорьж байгаа олон салбарынхныг цочирдуулж байгаа юм байна. Хятад, Америк хоёр тал нэг сарын хугацаанд Бээжин, Вашингтон, Бээжинд гурван удаа зөвшилцөл хийж, хоёр талын нэгдмэл ашиг сонирхлыг тасралтгүй өргөтгөж, асуудлыг ээлж дараатай зохицуулахаар болсон байв. Гэвч Америкийн тал энэхүү зөвшилцлийг болон төсөөлж болох амжилтуудыг үгүйсгэлээ гэж Хятад үзэж байна.

Түүнчлэн Хятадын тал үүнийг санамсаргүй зүйл гэж үзэхгүй байгаа аж. Учир нь Трампын засгийн газар урваж, хөрвөн ажиллаж байгаагийн зорилгыг Хятадын тал эртнээс анзаарч стратегийн тогтвортой байдлаа хадгалсаар ирсэн байв.

Трампын засгийн газрын хувьд, одоогийн хамгийн тулгамдсан асуудал бол дунд хугацааны сонгууль юм. Тэгэхээр түүний бүх үйл ажиллагаа сонгуульд санал илүү авахын төлөө гэу Хятадын тал ойлгож байгаа юм байна. "Зургадугаар сарын 15-нд зохион байгуулалттайгаар Хятадын бараа бүтээгдэхүүнээс гаалийн татвар нэмж хураах жагсаалтыг нийтэлж байгаа нь Цагаан ордон сонгуульд өрсөлдөх үеийн амлалтаа биелүүлж байгаа явдал юм. Ингэж байгаад илүү олон санал авч, Бүгд найрамдах намын ялалт байгуулах магадлалыг бэхжүүлэх гэсэн үйлдэл. Гэвч Цагаан ордон гаалийн татвар хэзээ хүчинтэй болно гэдгээ зарлаагүй нь Хятадын талд "хэт их даралт” өгөх зорилготой. АНУ-ын "1974 оны худалдааны хууль”-ийн дагуу жагсаалтыг нийтэлсний дараа ерөнхийлөгч түүний хүчинтэй болох хугацааг 30 хоног хойшлуулах эрхтэй юм. Хэрэв Америкийн худалдааны төлөөлөгчийн газар Хятадтай хэлэлцээ хийгээд ахицтай болбол Трамп дахин түүний хугацааг 180 хоногоор хойшлуулан хэрэгжүүлж болох юм. Америкийн тал энэхүү жагсаалтыг ашиглан нэн их ашиг олохыг хөөцөлдөж байгаа нь мэдээж.” хэмээн хятад үзэж байна.

Хятадын тал худалдааны дайн хийх сонирхолгүй, мөн худалдааны дайн хийхээс айхгүй гэжээ. Хятадын авч байгаа хариу арга хэмжээ нь зохистой бөгөөд хууль ёсны хэмээн тайлбарлаж байна. Учир нь Америкийн талын энэ удаад нийтэлсэн гаалийн татвар нэмж хураах жагсаалт Хятадын холбогдох аж ахуйн нэгж, тэрчлэн түүний аж үйлдвэрийн гинжин холбоосын ашгийг, Хятадын худалдааны нөхцөл байдлыг ноцтой хохироож байгаа аж. "Хятадын гадаад худалдааны хууль, импорт экспортын гаалийн татварын дүрэм тэрчлэн ДХБ-ын дүрэм зэргийг үндэслэвэл Хятад улс заавал адил цар хүрээтэй, тэнцүү хэмжээний хариу арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ нь Хятад улс хэвийн худалдааг хамгаалж байгаа төдийгүй Хятадын засгийн газар иргэдийнхээ, аж ахуйн нэгжийнхээ эрх ашгийг хамгаалж байгаа хэрэг бөгөөд улс орныхоо язгуур ашиг сонирхлыг хамгаалж байгаа хууль ёсны эрх үүрэг болно. Мөн Хятад улс олон талт худалдааны системийг хамгаалж байгаа олон улсын үүрэг хариуцлага болно.” гэсэн байр суурьтай байгаа юм байна

Энэхүүх худалдааны дайны талаар cri.cn сайтад "Америк өөрийн ашгийн төлөөх жадаа ганц Хятадад чиглүүлээгүй, "Америк нэгдүгээр” гэх үзлээс үүссэн худалдааны дайны бараан үүл газар сайгүй бүрхэж байна. Дэлхий дээр аль нэг орон амиа хоохойлон, гамшгийг гар хумин хараад зогсож болохгүй юм. Нэг талын үзэл, худалдааны ивээх үзэл газар авч буй энэ үед Америкийн өршөөлд санаархаж, аялдан дагаж болохгүй. Харин бүх дэлхийгээрээ хүч нэгтгэн эсэргүүцвэл сая олон орны түгээмэл ашиг олж байгаа олон талт худалдааны системийг хамгаалж чадна гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Хятад Америк хоёр орон дэлхийн олон орны зүгээс авч үзвэл заавал хамтын ажиллагааг баримтлах ёстой юм. БНХАУ-ын дарга Ши Жиньпин зургадугаар сарын 14-нд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзах үед, Хятад Америк хоёр орон хамтран ажиллавал хоёр тал болон дэлхий дахинд ашигтай том хэргийг бүтээж чадна гэж хэлсэн юм. Энэ бол Америкийн талын эдийн засаг, худалдааны маргаанаа зохицуулах, түүнчлэн Хятад, Америкийн харилцааг сайжруулах зөв арга бөгөөд ухаалаг байр суурь болох юм.” хэмээн нийтэлжээ.


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу