|

УУРАНДАА ЭХЭЛСЭН БҮХЭН ИЧГЭВТРЭЭР ТӨГСДӨГ ЖАМТАЙ, УЛСТӨРЧИД ӨӨ!

УУРАНДАА ЭХЭЛСЭН БҮХЭН ИЧГЭВТРЭЭР ТӨГСДӨГ ЖАМТАЙ, УЛСТӨРЧИД ӨӨ!

 

Засгийн газар ууртай байна! Сайд Г.Занданшатар Монголд ирсэн "Рио Тинто”-гийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх удирдлагын багтай өнгөрсөн долоо хоногт уулзав. Тэд "Оюутолгой” компанид тавьсан 155 сая долларын татварын актыг хэрхэн шийдвэрлэх тухай ярилцсан ч, шийдэлд хүрэлгүй салжээ. Хөрөнгө оруулагчдын зүгээс Татварын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд албан ёсоор хандсан. Зөвлөл ажлын 60 хоногт маргааныг шийдэх бөгөөд уг хугацаа энэ сарын сүүлээр дуусах юм. Ойлголцож чадахгүй бол арбитрт хандах эрх талуудад нээгдэнэ. Маргаан олон улсын арбитрт очлоо гэхэд "Рио Тинто”-г ялж чадах эсэхдээ Засгийн газар эргэлзэж, бас 155 сая долларын татварыг багасгавал дотоодын шүүх дээр унана гэдгээс болгоомжилж байгаа.

Засгийн газар ууртай байна! Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимын нэгэн амлалт таг гацаад хагас жил болов. Тэд 100 хоногт багтааж "Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах ажлыг дуусгана гэсэн юм. Засгийн газар 2018 оны нэгдүгээр сард "Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авч, ТУЗ-ийг төрөөс 100 хувь томилсон. Гэвч Засгийн газрын энэ шийдвэр шүүхийн шат бүр дээр дараалан унасаар яваа. Тэгэхдээ засаг гандан буураагүй. Хамгийн сүүлд, энэ сарын 6-ны өдөр төрийн төмөр нүүрийг харуулан "Эрдэнэт”-ийн ТУЗ-ийг хүчээр хуралдуулж зарим шийдвэр гаргажээ. Гэтэл дахиад л шүүхээс ТУЗ-ийн шийдвэрийг хүчингүй болгож түдгэлзүүлэв. Мөн төрөөс 100 хувь томилогдсон ТУЗ-д чиглэл өгөхгүй, хуралдуулахгүй, ямар нэгэн шийдвэр гаргахгүй байхыг шүүхээс даалгажээ. Уг нь "Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах нь УИХ-ын тогтоолтой, тэр нь Үндсэн хууль зөрчөөгүй тухай Цэцийн дүгнэлттэй хэрнээ Засгийн газрын шийдвэр нь Иргэн, Захиргааны хэргийн шүүх дээр унаад байдаг юм. Засгийн газар нь УИХ-ын тогтоолыг буруу ойлгоод, эсвэл буруу хэрэгжүүлээд байна уу, мэдэхгүй ямар ч гэсэн "Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах ажил жинхэнээсээ хуулийн мухардалд оржээ. 
 Засгийн газар ууртай байна! Гүйцэтгэх засаглал Төрийн банк, Хөрөнгийн бирж зэрэг төрийн өмчит зарим аж ахуйн нэгжийг хувьчлахаар  УИХ-д санал оруулжээ. Тэндээс зөвшөөрөл авна. Гэтэл эхнээсээ бүдрэв. Жишээ нь, Хөрөнгийн биржийг 20 тэрбумаар хувьчлах санал оруулсан нь "хэтэрхий бага үнэллээ, Засгийн газар захиалгат хувьчлал явуулах гэж байна” гэх хардлагад өртөв. Хотын төвийн А бүсэд байрлалтай, "Миллинум IT” гэж дотооддоо ашигладаг программыг нь л гэхэд улсын төсвийн 50 тэрбум төгрөгөөр авч өгсөн тус биржийн газрыг зарахад л хамгийн багадаа 35 тэрбум хүрнэ гэж зарим гишүүн үнэ тогтоов. Энгийн түвшинд харьцуулахад, Төрийн ордны зүүн талд байрлах Хэвлэх үйлдвэрийн балгас болсон барилга дуудлагаар 24 тэрбум төгрөгт хүрч байхад, баруун талд нь байх Хөрөнгийн бирж гэх байгууллагыг барилгатай нь хамт 20 тэрбумаар зарна гэдэг арай л үнэ л дээ. Төрийн банкийг хувьчлах үнийн санал дээр бас маргаан дэгдэв. Сум бүрт шахуу салбартай цорын ганц гэж болох тус банкийг 75 тэрбум төгрөгөөр хувьчлах саналыг Засгийн газраас оруулжээ. Гэтэл жилийн цэвэр ашиг нь 12.3 тэрбум төгрөгт хүрдэг тус банк дор хаяж 500 тэрбум төгрөг хүрэхээр байхад хэнд зориулж, хэнийг захиалгаар ийм хямд үнэ тогтоосон талаар гишүүд хэлж, эзэн хайв. Пүрэвдорж гишүүн гэхэд нэр зааж, Төрийн банкийг Ц.Нямдорж, Г.Алтан нарт 40 тэрбумаар хувьчлах гэж байна, Г.Алтан Төрийн банкнаас 35 тэрбумын авлагатай гэдэг, одоо 40 тэрбумыг төлөөд л авчихна хэмээн ил тод зарлав. 
Засгийн газар ууртай байна! Оюутолгойн гэрээ Монголд ашиггүй, алдагдалтай болсон байлаа гэхэд монголчуудын хувьд боломж дуусчихаагүйг зарим хүн хэлдэг. Оюутолгой төсөл усаа 40 км-ийн цаанаас Гүнийн хоолойгоос татдаг. Хэдийгээр тодорхой хувийг нь буцааж ашигладаг ч Оюутолгой төсөл секундэд 870 литр ус хэрэглэдэг байна.  Иймд 40 жилийн турш ашиглах усны нөөц, хэрэглээгээр нь Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай дахин хэлэлцээрт орж, 34 хувьдаа оруулах мөнгөгүй юм бол, усан дээрээ танц эргэе гэж эрдэмтэн судлаачид хэлдэг юм. Харин үүнийг урьтаж анзаарсан хөрөнгө оруулагчид санал гаргаж, ордоос 40 км-ийн хол орших Гүний хоолойг Оюутолгойн ордын лицензит талбайд хамруулах шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Үүнийг нь иргэний нийгмийнхэн эсэргүүцэж шүүх дээр Засгийн газар ба Оюутолгойн хөрөнгө оруулагчдын хамтарсан багийг ялж яваа. Өөр нэгэн ноцтой жишээ гэвэл Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдээс усны төлбөр авахгүй байх шийдвэрийг Засгийн газар гаргажээ. Усны төлбөрийг орон нутгийн ИТХ тогтоох эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалтыг давсан шийдвэрийг Засгийн газар гаргасан хэрэг. Ханбогдын хамгийн том хуулийн этгээд нь, хамгийн их ус хэрэглэгч нь Оюутолгой төсөл л дөө. Усны төлбөр авахгүй гэсэн Засгийн газрын энэ шийдвэрийг иргэний нийгмийнхэн шүүхдэхээр зэхэж буй.      
Засгийн газар гарц олжээ! "Эрдэнэт”-ийн 49 хувь, нэр бүхий аж ахуйн нэгжийг усны төлбөрөөс чөлөөлсөн, мөн өмч хувьчлалтай холбоотой зарим шийдвэр нь шүүх дээр очиж унаад байгаа учраас, басхүү хожмоо унах магадлалтай тул Засгийн газар өөрийгөө хамгаалах мэргэн санаа олжээ. Тэр нь хуульд өөрчлөлт оруулж, хуулиар өөрийгөө хамгаалах арга юм.   Тодруулбал, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж, Засгийн газрын хуралдаанаас дэмжив. Төслөө удахгүй УИХ-д өргөн барина. Төслөөр бол Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төв болон төрийн захиргааны байгууллага, бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг Захиргааны хэргийн шүүх хянах эрхгүй болох юм. Нутгийн захиргааны байгууллга гэдэг нь орон нутгийн ИТХ, Засаг даргын шийдвэр шүү дээ. Амьдрал дээр иргэдийн эрхийг хамгийн их зөрчдөг нь захиргааны шийдвэр. Гэтэл Засгийн газрын захиргааны ийм шийдвэр дээр иргэд гомдол гаргах эрхгүй, шүүх хянаж шийдэхгүй болно гэсэн үг.  
 Төслийг дэлхийн хөлбөмбөгийн аваргын дуулиан, улсын наадмыг дөхүүлсэн назгайрал дунд, олон түмний нүднээс далдуур УИХ "машиндаад” хууль болгож батлахаар тооцсон бололтой юм. Хэрвээ энэ төслөөр батлагдвал Захиргааны хэргийн шүүх бараг харьяалах гомдолгүй болж  татан буугдах биз. Мөн Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор Захиргааны хэргийн шүүх дээр яваа 60 гаруй төрлийн маргаан шууд хүчингүй болно. Дуулиантайгаар нь "Эрдэнэт”-ийн 49 хувь дээр жишээлэхэд,  төрд авсан Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлж үйлдвэрийн ТУЗ-ийг томилсон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрийн талаархи маргааныг шүүх хянах эрхгүй, шаардлагагүй болно. Мөн Ханбогдод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг усны төлбөрөөс чөлөөлсөн Засгийн газрын шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргах эрхгүй болно гэсэн үг. Бүр энгийн жишээн дээр гэхэд яам, агентлагийн дарга, орон нутгийн Засаг даргын шийдвэр бол ихэнхдээ боловсон хүчний томилгоо, халаа сэлгээтэй холбоотой байдаг. Энэ дунд хэн нэгнийг хохироож, хууль бусаар ажлаас халсан бол халагдсан хүн зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалах эрхгүй болж байна. Иргэндээ халтай, Засгийн газар, агентлаг, Засаг даргын буруутай үйлдлийг хуулиар хамгаалсан ийм л хуулийн төслийг У.Хүрэлсүхийн танхим санаачилжээ. Хууль санаачлах давуу эрхээ ашиглаж өөртөө давуу байдлыг бий болгох гэсэн Засгийн газрын энэ үйлдлийг ашиг сонирхлын зөрчил гэж харж болох. Хамгийн гол нь "эрх нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шийдүүлэх эрхтэй” гэсэн Үндсэн хуулийн заалт, Монголын Улсын иргэний эрх хаачих вэ?
Үүнээс өмнө Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяраас Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригт хандан "Засгийн газрын шийдвэртэй холбоотой маргааныг Захиргааны хэргийн шүүх хянаж байгаа буруу практикийг залруулах тухай” санал илгээж байв. Гэвч Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас Цэцийн даргын хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргаж байв. Энэ бол бас л нюанс бөгөөд шүүхийн хяналтгүй явах гэсэн "дараагийн анги” нь дээрх хуулийн төсөл юм.
Засгийн газар яагаад ийм хуулийн төсөл санаачилж, хуулийн хамгаалалтад орохыг хүсэв ээ. Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг баривчилснаас болж, хожмоо тэдний замаар явахгүйн тулд өөрсдийгөө хамгааллаа гэж бодохгүй байна. Хамгийн ойроос нь үзэхэд "Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах шийдвэр нь шүүх дээр унаад байгаа учраас, мөн Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай татварын маргаантай зэрэгцээд усны маргаан үүсгэхгүй гэж гаргасан шийдвэрээ хамгаалахын тулд ийм төсөл санаачиллаа гэж хардаж болохоор. Гэтэл нэг хэсэг хүнийг шүүх дээр дийлэхийн тулд 28 жил явсан нийгмийнхээ үнэт зүйл, нийт иргэдийнхээ эрх эрх чөлөөг шууд дэвсэлж болох уу. Үүний оронд, үнэхээр л буруу шийдвэр гаргаж, ийм төсөл санаачлахаас аргагүйд хүргэж байгаа бол тэдгээр шүүгчидтэйгээ хариуцлага тооцох хэрэгтэй. Ардчиллын үнэтэй, нийт иргэдийн эрх эрх чөлөөтэй тэнцэх нэг хэсэг хүмүүс эрх ашиг гэж байх ёсгүй билээ.
Иргэд айдастай байна! Улс орнуудыг Засгийн газар нь иргэдээсээ айдаг, иргэд нь Засгийн газраасаа айдаг гэж хоёр ангилдаг. Манай улс 1990 оноос хойш "Засгийн газар нь иргэдээсээ айдаг” ангилалд багтаж 28 жил явсан билээ. Наад зах нь төрийн албан хаагч үндэслэлгүй халагдвал, жирийн иргэн өмчилсөн газраа Засаг даргынхаа шийдвэрээр бусдад булаалгавал шүүхэд хандаад эрхээ хамгаалж болдог, чаддаг байлаа. Байлаа гэсний учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхим санаачилж, олон хүний хувьд шударга ёсны  хэмжүүр гэж ойлгогддог Ц.Нямдорж сайдын тэргүүлсэн яам хянасан төслийн дараа Монгол Улс "иргэд нь Засгийн газраасаа айдаг” ангилалд багтаж магадгүй болов. Жирийн иргэн хэт хутга хулгайлбал хоригдоно, харин улстөрчид хаан ширээг хулгайлбал бүгдийг хүссэнээрээ хийнэ гэдэг энэ ажээ. Иргэд нь Засгийн газрынхаа хууль бус шийдвэрийг сөрж болдоггүй, зөрчигдсөн эрхээ хамгаалах эрхгүй бараг хоёрхон улс дэлхийд бий. Нэг нь Хойд Солонгос, нөгөө нь Куба. Гурав дахь нь Монгол Улс болохоос иргэд айж байна! 1990 онд өлсгөлөн, сүрт жагсаалаар авчирсан ардчиллын хамгийн амин сүнс-иргэний эрх, эрх чөлөөг ингэж хуулийн өөрчлөлтөөр нугаслахаас иргэд айж байна! 
Бурхан, Үндсэн хууль хоёр эзэн хаанаас ч эрхэм гэдэг нь худлаа л юм байна. Иргэдийнхээ зөрчигдсөн эрхээ хамгаалж гомдол гаргах, шударга шүүхээр шийдүүлэх эрхийг хориглоё, Үндсэн хуулийн байгуулал болох бие даасан, хараат бус шүүхийнхээ нэг салаа мөчир-Захиргааны хэргийн шүүхийг бараг татан буулгах хуулийн төсөл санаачилна гэдэг бас л зориг шүү. Ийм зориг Засгийн газрын Ерөнхий сайдын зөвшөөрөл, засаглаж байгаа намын даргын улс төрийн шийдвэргүйгээр гүйцэтгэх засаглалын босгыг давах боломжгүй. Учир нь хаана ч, аль ч улсад Ерөнхий сайд бол Засгийн газрынхаа тал нь, мөн намын рейтингийн тал нь намын даргын нэр хүнд байдаг юм. 
Хэрвээ Засгийн газрын шийдвэрийг шүүх хянах эрхгүй болбол юу болох вэ? Хариулт нь тодорхой. Хаана хууль байхгүй байна, тэнд гэмт хэрэг байдаггүй гэж Засгийн газрынхан андуурч байх шиг. Гэтэл хаана шүүх эрх мэдлийн хяналт байхгүй байна, тэнд шударга ёс байхгүй, шударга ёс байхгүй газарт хууль ёсны Засгийн газар бус, хулгайч дээрэмчдийн бүлэглэл л засагладаг юм. Бас У.Хүрэлсүх гэж бие хүн нь улсын Ерөнхий сайд гэж сайд нар андуурч байна. Гэтэл засаг бол ярьдаг хууль, хууль бол хэлгүй засаг гэсэн номлол бүхий бүгд найрамдах засаглалтай улс оронд иргэндээ эрх тэгш үйлчлэх хууль ёс л Ерөнхий сайд байдаг юм. Тийм учраас Монголын ард түмэн хөлбөмбөгөө үзэж, улсын наадмаа хүлээнгээ хууль батлагдах эсэхийг л тэвчээртэй хүлээж байна. Уурандаа эхлүүлсэн, хийсэн бүхэн амжилтад хүрдэггүй, эцэстээ ичгэвтрээр төгсдөг жамтайг улстөрчид мэдэхгүй бол ард түмэн сайн мэднэ. Ард түмэн "их далай”, улстөрчид бол "завь” юм. Хэрвээ энэ төсөл Засгийн газрын яг хүссэнээр нь батлагдвал эрх чөлөөг эрхэмлэгч "их далай” урсгаж яваа "завиа” өнөөдөр биш ч, маргааш сонгуулиар хөмөрч бас чадах л байх. 


Г.ОТГОНБАЯР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/