|

Зөрчилтэй Зөрчлийн хуулийг “зөөллөх” үү

Зөрчилтэй Зөрчлийн хуулийг “зөөллөх” үү

 

Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн 2017 оны тавдугаар сард баталснаас хойш нэг жил өнгөрчээ.  Хуульд нийтдээ 1600 гаруй төрлийн зөрчлийг тусгасан. Зөрчлийн хууль  хэд хэдэн хуулийн заалтуудыг "уруу татсан”  нийлбэр шинж агуулгатай ч үндсэндээ бол Захиргааны хариуцлагын тухай хуулийн шинэчлэгдсэн хувилбар юм. Хариуцлага тооцох хэлбэр нь торгууль голлож байгаа бөгөөд  хэрэгжиж эхэлсэн эхний хагас жилдээ гэхэд улсын төсөвт 22 тэрбум төгрөг оруулсан гэх мэдээлэл бий.

Төгс төгөлдөр хууль гэж үгүй. Энэ жишгээр Зөрчлийн хуулийг хэрэгжүүлэх явцад амьдралд  нийцэхгүй олон заалт зүйл байгаа гэсэн шүүмжлэл дагуулдаг. Хуулийн зохицуулалтын талаар харьцуулсан жишиг, хариуцлагын тэгш бус хуваарилалтын талаар санаа оноо нэлээд явдаг нь анзаарагддаг. Зарим нэг жишээ дурдая.

Монгол орон уудам дэлгэр. Малчид бэлчээр даган нүүдэллэж зарим үед сумын төвөөсөө хэдэн зуун км-ээр алс нүүдэллэх нь жирийн зүйл. Гэтэл шинээр төрсөн хүүхдийнхээ гэрчилгээг хуулийн хугацаанд нь авч амжилгүй 30 000 төгрөгөөр торгуулах бол наад захын асуудал. Өмнөговь аймгийн  Хүрмэн сумын малчин залуу  өнгөрсөн өвөл сумаасаа 230 гаруй км-ийн хол өвөлжижээ. Яг мал төллөж байсан үеэр цахим үнэмлэхнийх нь хугацаа дуусч 45 насныхаа шинэчлэгдсэн үнэмлэхээ авах ёстой болж. Малын ажил дуусах биш, хуулийн хугацаанаас долоо хоног хоцорч ирээд иргэний үнэмлэх шинэчилсний хураамж 18300 төгрөг дээрээ нэмж 30 мянган төгрөгөөр торгуулаад буцжээ.

Зөрчлийн хуулийг хэрэгжүүлэх явцад амьдралд нийцэхгүй олон заалт зүйл байгаа гэсэн шүүмжлэл дагуулдаг. Хуулийн зохицуулалтын талаар харьцуулсан жишиг, хариуцлагын тэгш бус хуваарилалтын талаар санаа оноо нэлээд явдаг нь анзаарагддаг.

Гэртээ айраг уучихаад сумын төв рүү мотоцикльтой орсон малчин залуу, нийслэлд согтууруулах ундаа хэрэглээд автомашин барьсан жолооч хоёрт оногдуулах шийтгэл ижил буюу 400 мянган төгрөг байдаг. Жишээлбэл, энэ аль хэр шударга жишиг вэ.

Түүнчлэн 300 мянган төгрөгөөс доош үнийн дүнтэй хулгайн хэрэг Зөрчлийн хуулиар шийдэгдэж байгаа нь  хулгайчдыг өөгшүүлж байна гэж шүүмжилдэг.

Энэ хуулийн амьдралд хэрэгжихгүй байгаа, эсвэл ”хуваарилалт нь шог” болсон зарим нэг заалтуудын зах зухаас дурдахад ийм.

Тэгвэл Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай яриа дуулдаж эхлээд байна.  Хуулийг ингэж хэрэгжих явцад нь амьдралын шалгуураар төгөлдөржүүлээд явах нь хууль жинхэнэ утгаараа хэрэгжих бодит бололцоог хангана гэсэн үг.

Саяхан Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар уулзалт, хэлэлцүүлэгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран зохион байгуулжээ. Энэ хэлэлцүүлэгт Зөрчлийн хуулийг гардан хэрэгжүүлэгчид буюу зөрчил шалган шийдвэрлэх үүрэг бүхий 27 байгууллагын 11 мянган субъектийн төлөөлөл 300 гаруй  хүн оролцож санал бодлоо солилцжээ. Энэхүү хэлэлцүүлэг нь  цаашид Зөрчлийн хуулийг хэрэгжүүлэх явцад илэрч байгаа хүндрэл бэрхшээлийг засаж, залруулах зорилготой юм.

Хэлэлцүүлгийн явцад зөвхөн цагдаагийн байгууллагын зүгээс гэхэд гэр бүлийн хүчирхийлэл, танхайрах, жижиг хулгай, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, жагсаал цуглаан зохион байгуулах, иргэн, цагдаагийн харилцааны асуудал зэргийг хөндсөн хуульд оруулах 26 төрлийн нэмэлт, өөрчлөлтийг санал болгожээ.

Энэчлэнгээр хуулийн шийдвэрлэлт, хариуцлагын тогтолцоог тэнцвэржүүлэх чиглэлээр олон санаа  оноо гарсныг нэгтгэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсэгт хүргэх юм байна.

Хэлэлцүүлгийн  явцад гарсан санал зөвлөмжид үндэслэн Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулахаар болсон гэх мэдээлэл байна.

Зөрчлийн хуулийг хэрэгжүүлэхэд зөрчил гарч байгаа нь нэгэнт тодорхой тул хуулийн цоорхойг нөхөх төсөл боловсруулах ажлын хэсгийг хаврын чуулганаар байгуулах санал ч гарч байсан билээ. Тэр санал ажил хэрэг болох шатандаа шилжиж, нийгмийн харилцаатай  зарим талаараа зохицохгүй байгаа "Зөрчилтэй” Зөрчлийн хуулиа илүү чамбайруулах бололтой.

М.Нэргүй