|

ХАРИЙН ХҮНД ӨРГҮҮЛСЭН БЯЦХАН ХҮҮГИЙН СҮҮЛЧИЙН ХҮСЭЛТ ЮУ БАЙВ?

Берлиний онгоцонд суудал тухаллаа. Хүмүүс суудлаа эзэлж байна.
Хижээл насны эхнэр нөхөр европ хосууд 2 ой нилээн өнгөрч байгаа болов уу гэмээр хөөрхөн монгол хүүг тэврэн орж ирж урд талын суудалд суулаа. Зорчигчид дүүртэл хүмүүс тэднийг онцолж анзаарсан ч үгүй. Би ч тэдний адил..Яалт ч үгүй урд суудалд учраас хүү тэдэнтэй хөөрхөн тоглоод л ам руу нь өөрөө идэж буй чихрээ хийгээд л аан уун гэж байгааг харж суулаа.

Гар тээшний хаалганууд хавх явх хийн хаагдаж цагаан хоолойгоор онгоц хөөрөхөд бэлэн болсныг ахмад дуулгалаа..
Хөөрхөн инээгээл тайван суусан өнөөх хүүгийн нүд хүмүүс бүгд суудлаа эзлээд л онгоц аажуухан хөдлөхөд ийш тийш харж, сандран бүлтэлзэж эхлэв..Онгоц хөөрөхөөр зурвас руу хурд авах үед тэр бяцхан биенээс гарамгүй нэг тийм байж ядсан хэн нэгнээс аврал эрэх мэт хандсан хоолойгоор бархиран уйлж эхэллээ..
Тэр хүү зүгээр нэг эрхэлж уйлсангүй…Хүн бүрийн зүрхэнд хүрэхээр тийм нэг дэндүү гомдсон, хэн нэгнээс гуйсан, зүрх зүсэм хоолойгоор яг л сүүлийн хүсэлт мэт орилон орилон уйллаа.
– Би бууяаа, ээждээ очьёоо! Ээжээ… би бууя аа ..ээжээ ээ…ээжээ… би явахгүй ээ….ээжээ..ээжэээ…!!! бууя аа!!!
Онгоц дүүрэн олон монгол хүн түүний сэтгэлийн гуйлтыг одоо л ойлгох мэт хүү рүү анхааран харлаа. Хар хөлсөө цутгатал бархиран онгоцны цонх руу чадлаараа тэмүүлэн:
– Ээжээ ээ ээ, ээждээ очьё оо! гэж орилох түүнийг харсан хэний ч сэтгэл энэлэн хайлахгүй байх аргагүй. Хөлгийн бүхээгт явсан хүн бүрийн нүд нулимстай, энд тэндгүй мэгших сонсогдоно.
Тиймээ, тэр эх орноосоо, ээжээсээ хүйн холбоотой бүхнээсээ ийн үүрд салж, харийн хүнд үрчлэгджээ.
Ямар их зөн совин, ямар нандин холбоо, яасан өр өвдөм агшин гээч вэ!
Эргэж хэзээ ч ээжийнхээ энгэрт эрхлэхгүй, эх орондоо хэзээ ирэхээ мэдэхгүй, энэ газраас магадгүй үүрд холдож буйгаа мэдрэн чин зүрхнээс гаслан уйлах бяцхан монгол хүүгийн зүрх цээжиндээ багтаж ядан оволзож байна. Хэн энэ үед нулимсаа барьж тэвчинэ гэж..
Чихэртэй нь чихрээ, хүүхэдтэй нь хүүхдийнхээ тоглоомыг шүүрээд, утастай нь хүүхэлдэй тавиад г.м бүх л монгол зорчигчид түүнийг тайвшруулахаар бүчив. Хөөрхий харь ээж аав нь хий дэмий л ар нурууг нь илэн тайвшруулахыг оролдох аж. Хэсэгтээ тайвшрах янзгүй хүү, хөлсөө цутгуулан бархирсаар…
Магадгүй яг энэ үед онгоцны буудлын гадна тавцан дээр, эсвэл хашааныхаа гадаа, тагтныхаа дээр ч юмуу хаа нэгтээгээс тэр нэгэн монгол ээж зөнгөөрөө үрийнхээ дууг сонсон зүрхээ уран, уран сүүгээ өргөж шар махтайгаа хатаж зогсоо доо..гэж бодохоор хоёр нүдний нулимс мөд тогтох янзгүй. Яасан ч хэцүү юм бэ?
Их уйлсандаа эцэж хүү мэдээж хэсэг унтсан, сэрээд шинэ ээж аавдаа эрхлэн хэсэг саатна лээ. Авч явахаасаа өмнө аав ээж нь дасгах гэж нилээдгүй хугацаанд хамт байсан болов уу гэмээр ажиглагдсан даа.
Үр, хань,ээж, хайртай бүхнээ орхиод урт богино бүх л хугацаагаар явж буй хүн бүхэнд тэр хүү энэ насандаа бодоогүй их зүйлийг эргэцүүлэхэд хүргэсэн.

Ай даа, хүний хорвоо гэж нэг нь үр заяахгүйн зовлон, нөгөө нь энгэр мялаасан үрээ эрх тэгш өсгөж чадахгүйн гачлан.. Эндээс үүдээд энэ цөөхөн иргэдээ сэв хийтэл аваад явчих сэтгэлгүй энэ улсын байж буй царай гэх мэт элдэв бодолд түмэнтээ дарагдсаар Москвад газардлаа.. Онгоц буухад одоо буцаад ирчихлээ гэх шиг нүд нь гялалзан цаанаа л нэг баяр төрөн үлдсэн цогтой монгол хүү минь чи он жилүүдийн уртад эх орондоо ирж элгээ нэг дэвтээгээрэй. Энэ үе шигээ чи царайг нь санахгүй байж мэдэх ч цаанаасаа сэтгэл чинь аандаа таних ээжийнхээн энгэрт асгаруулж гомдлоо нэг тайлаарай.

Энэ Монгол үүрд чиний эх орон, ээж чинь үргэлж чиний ээж ээ!

Тэмдэглэсэн Б.Бурмаа
УБ – Москва – Берлин

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу