|

ХАРАА ГОЛЫН ЗАСВАРЫН АЖИЛТАЙ ХОЛБОГДУУЛАН 2018 ОНЫ 06 ДУГААР САРЫН 23-НААС ЭХЛЭН ГҮҮРИЙГ ТҮР ХУГАЦААГААР ХААНА

ХАРАА ГОЛЫН ЗАСВАРЫН АЖИЛТАЙ ХОЛБОГДУУЛАН 2018 ОНЫ 06 ДУГААР САРЫН 23-НААС ЭХЛЭН ГҮҮРИЙГ ТҮР ХУГАЦААГААР ХААНА

 

Дархан-Уул аймгийн Дархан сумын Ширээ нурууны 3000 гаруй иргэдийг хотын төвтэй холбодог Хараа голын 135 у/м төмөр бетонон гүүрийн засвар арчлалтын ажил 2018 оны 05 дугаар сарын 15-наас эхэлсэн. Энэхүү гүүр 1991 онд ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл засвар шинэчлэлтийн ажил хийгдээгүйн улмаас тулгуур баганууд бяцарч хүнд даацын тэрэг явах боломжгүй болсон юм. Тиймээс аймаг орон нутгийн удирдлагууд удаа дараа холбогдох яамны удирдлагуудад хүсэлт тавьсны дагуу ийнхүү 2018 оны 05 дугаар сарын 15-наас засварын ажлыг Зам тээвэр хөгжлийн яамны 1,1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр "Эрдэнэт Суварга”ХХК гүйцэтгэж байна. Засварын ажлын явцад гүүрээр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2018 оны 06 дугаар сарын 23-наас 07 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл түр хугацаагаар хаахаар болжээ. Учир нь эдгээр өдрүүдэд тус гүүрийн барилга угсралтын ажлыг хийх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Харин улсын баяр наадмын өдрүүдэд гүүрийн зорчих хэсгийг түр хугацаагаар нээж хөдөлгөөнд оруулах бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 17-ноос эхлэн дахин гүүрийг түр хугацаагаар хааж засвар шинэчлэлтийн ажлыг үргэлжлүүлнэ. Гүүрийг хаах хугацаанд хотын дотор авто тээврийн үйлчилгээ үзүүлдэг "Дархан Алтан жолоо” ХХК-ийн тээврийн хэрэгслүүд Ширээ нуруунаас Хараа голын гүүр хүртэл, Дархан сумаас - 3 дугаар багийн эцсийн буудал хүртэл авто тээврийн үйлчилгээг үзүүлнэ. Мөн Ус цаг уур орчны шинжилгээ газраас Хараа голын усны түвшинг судалж хөвөгч гүүрийг ажиллуулах судалгааг аймаг орон нутгаас хийж байна. Үндсэндээ иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс Хараа голын гүүрийг Улсын төвийн хөрөнгө оруулалтаар засварлаж байгаа учраас иргэд та бүхэн бухимдал үүсгэлгүйгээр гүүрээ иж бүрэн засварлахад хамтран ажиллаж аюулгүй байдлаа сайн хангана уу.