|

АРЧААГҮЙ БИДНИЙГ ИЧЭЭЖ БУЙ “АФРИКИЙН АРСЛАН УЛС”-УУД

АРЧААГҮЙ БИДНИЙГ ИЧЭЭЖ БУЙ “АФРИКИЙН АРСЛАН УЛС”-УУД

 

Монголчууд бид ӨАБНУ-аас бусад Африк тивийн улсуудыг муу муухайн жишээ болгон ярьдаг болоод удаж байгаа билээ. Гэтэл өнгөрсөн жил энэ тивийн эдийн засгийн үзүүлэлтээр өнөөх ӨАБНУ маань тивийнхээ "Айргийн тав"-д ч багтаж чадаагүй байна. Олон улсын нэр хүндтэй хэвлэлүүд "Африкийн арслан улс”-ууд гэгдэж буй 10 гаран улс удахгүй "Азийн бар”-уудыг гүйцэж түрүүлнэ гэж бичдэг болоод чамгүй хугацаа өнгөрлөө. "Азийн бар” улсын нэг Өмнөд Солонгос улс 20 жил эдийн засгийн өсөлтөө 7 хувьд барьж өнөөгийн хөгжил, дэвшилд хүрсэн.

Тэгвэл"Африкийн арслан улс”-уудад энэ үзүүлэлт сүүлийн 10 жилд 5-12 хувь байна. "Баялгийн хараал”-аас энэ улсууд яаж гарч, яагаад биднээс эдийн засгийн хөгжлөөрөө ингэж хол тасраад явчихав аа?!

Үүний шалтгааныг холоос хайх хэрэггүй. Хөгжлийн үзүүлэлтээр тивийнхээ эхний аравт орж чадаагүй боловч эдийн засгийн жилийн өсөлт нь тоггмол 5-7 хувьд, нэг хүнд оногдох ДНБ 3500 ам.доллар байгаа Танзан улс л гэхэд бидэнтэй адил, дэлхийн 183 улсыг нэгтгэдэг "Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц /CITES/”-ийн гишүүн улс. Ялгаа нь Танзан улс жилд дэлхийн нэн ховор амьтан ирвэсийг гадаадын анчдаар агнуулах 500 эрх/ квот/-тэй байна.

Харин монголчууд бид юун зохистой ашиглан нэн ховор амьтны тоо толгойг хамгаалж, гадаадын анчдаар агнуулах олон улсын квот авч валют цолох, мал идсэн ирвэс агналаа гэж малчнаа шоронд хийгээд сууж байна. Танзан улс CITES-ийн "Байгаль хамгаалах гэж зохистой ашиглахыг хэлнэ. Зохистой ашиглах гэж байгаль хамгаалахыг хэлнэ” гэсэн олон улсын зарчмыг амьдралд хэрэгжүүлж чадаж байна.

Харин монголчууд бид олон улсаас тас зөрж "Байгаль хамгаалах гэж харамлахыг хэлнэ” гэсэн зарчмыг гайхалтай сайн хэрэгжүүлж нэн ховор байтугай элбэг амьтнаа ч зохистой ашиглаж, хамгаалж чадахгүй сууцгааж байгаа билээ. Яагаад бид муу муухайн жишээ болгоод байсан африкчуудаас хол хоцорчихсон гол шалтгаан нь ердөө л энэ. Ингээд "Африкийн арслан улс”-ын айргийн тавынх нь эдийн засгийн байдалтай товч танилцья.

Нийт 30 221 532 км газар нутагтай Африк тив нь хүн амын тоогоор Евроазийн дараа орно. Дэлхийн 6 хувь, хуурай газрын 20.4 хувийг эзэгнэх энэ тивд нийт 62 улс, үүнээс 55 нь тусгаар тоггносон улс юм. Харин тав нь тусгаар тогтнолоо зарласан ч олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй улс. Үлдсэн нь европын улсуудын харьяанд байдаг автономит эрх бүхий улсууд бөгөөд Африк тив нь улсынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг билээ.
 

5. БОТСВАН УЛС


Шуудхан хэлэхэд Африкийн өмнөдөд орших энэ улсад унаган байгаль гээд байх юм байхгүй бас туйлын онцгүй цаг ууртай. Газар нутгийнх нь 70 хувийг Калахаарын цөл эзэлдэг болоод тэр. Гэвч нэг хүнд оногдох ДНБ 17042 ам.доллар. Жилийн ДНБ-ний эдийн засгийн өсөлт тогтмол долоон хувь. Эдийн засгийн гол эх булаг нь алмааз олзворлолт. Очир алмаазнаас гадна алт, мөнгө, цагаан алт, хүхэр, асбест, нүүрс, бром, таалк, хром, уран олборлодог. Уул уурхай нь ДНБ-ний 45 хувь, аж үйлдвэр нь 33 хувь, хөдөө аж ахуйд хүн амын 16 хувь нь ажиллаж ДНБ-ний 1.8 хувийг бүрдүүлдэг.


4. ГАБОН УЛС


Францын колони байсан Төв Африкийн энэ улс 1960 онд тусгаар тогтнолоо зарласан бөгөөд албан ёсны хэл нь франц. Атлантын далайн эрэгт Экваторын шугамд ойрхон орших тул халуун орны ойгоор баялаг. Хүн амын 80 хувь нь хотод амьдардаг. Үнэт ойгоос гадна байгалийн хий, нефть, уран, мангаан олборлоно. Нэг хүнд ногдох ДНБ 19 056 ам.доллар. Жилийн ДНБ-ний өсөлт 7 хувь.


3. МАВРИКИЙ УЛС


Мадагаскар арлын зүүн талд орших Маврикийн аралд оршдог улс. Жинхэнэ солонгорсон эдийн засагтай улс гэж хэлж болно. Оффшор улс болсноор банкны үйл ажиллагаанаас үлэмж ашиг олдог бөгөөд энэ улсад өмнөд Африкийн улсуудад болон Энэтхэгт зориулан үйл ажиллагаа явуулдаг 9000 гадны компани ажилладгаас гадна 32 мянган оффшор компани бүртгэгдэн үйл ажиллагаа явуулдаг. Гадны хөрөнгө оруулалтыг маш амжилттай татдаг. Хүн амын 9 хувь нь хөдөө аж ахуйд, 30 хувь нь аж үйлдвэрт үлдсэн 61 хувь нь үйлчилгээний салбарт ажилладаг. Ажилгүйдэл хүн амын хоёр хувийг эзэлдэг. Саахарын нишинг тариалж ДНБ-ний 4/1 хувийг бүрдүүлдэг. Мөн загас агнуур боловсруулалт
ДНБ 20422 ам.доллар. Жилийн ДНБ-ний өсөлт 7.5 хувь.
 

2. СЕЙШЕЛИЙН АРАЛ УЛС


Мадагаскаар арлын зүүн хойд талд орших энэ улс 2008 оны эдийн засгийн хямралаас сургамж авч шаардлагатай тодорхой салбаруудад инноваци амжилттай нэвтрүүлснээр тансаг байгаль, цаг агаараас гадна, дэд бүтэц, аюулгүй байдал, хүний хөгжлийн индексээр олон улсад гайхагдах болсон. Өнөөдөр эдийн засгийн боломжтой болсон болохоор нефть, байгалийн хийн эрэл хайгуулыг эрчимжүүлж эдийн засгаа тэлэх бодлого барих болсон. Эдийн засгийн гол орлого нь аялал жуулчлалаас бүрдцэг. Нэг хүнд ногдох ДНБ 27 602 ам.доллар. Жилийн ДНБ-ний эдийн засгийн өсөлт таван хувь.
 

1. ЭКВАТОРЫН ГВИНЕЙ УЛС


Атлантын далайн Экваторын бүсэд орших Гвиней улсыг нефтийн эзэнт улс гэхэд хилсдэхгүй. Газрын тосны арвин их баялгаас гадна Европ болон Америк тив рүү нефть зөөвөрлөх газарзүйн ашигтай байрлал нь энэ улсад эдийн засгийн асар их боломж олгодог. Ажилчдын дундаж цалин аль хэдийнэ 1000 ам.доллараас давсан болохоор цагаачид олонтой. ДНБ-ний нийт болон нэг хүнд оногдох үзүүлэлтээр дэлхийд 24-т жагсдаг. Энэ нь ОХУ, Испани, Израилиас гадна Англи, Франц, Итали улсуудыг ардаа орхисон гэсэн үг. Нэг хүнд оногдох ДНБ 38639 ам.доллар. Жилийн ДНБ-ний өсөлт тогтмол 12 хувь.

Зууны мэдээ
Г.Амарсанаа