|

Д.Сумъяабазар сайд хаана явна вэ?

Өнгөрсөн амралтын өдрөөр хөдөөгүүр аялаад ирлээ. Гэтэл зургаадугаар сарын дундуурхан л 60 мянган төгрөгөөр шатахууны сав дүүргэж болдог байсан бол энэ удаад 68 мянган төгрөгөөр дүүргэж байх юм. Тэгэхээр бензиний үнийн өсөлт яах аргагүй халаас суйлаад эхэлсэнийг харуулж байна. Арга ч үгүй биз ээ, Шадар сайд нь хүртэл "Би бензиний үнэ нэмэгдсэнийг мэдээгүй” гэж хээвнэг хариулж байгаа юм чинь импортын компаниуд нэг сарын дотор хоёр ч удаа үнэ нэмж, олныг элэг барих нь аргагүй байх. Хамгийн гол нь, шатахуун импортлогчид ийнхүү дур зоргоороо авирлаж, олон нийтийг хөлдөө егөөдөж  байхад  эх оронч гэх тодотголтой Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар бензиний ханшийн талаар ганц үг ганхийсэнгүй.

Өнгөрсөн нэгдүгээр сард шатахууны компа­ниу­дын шантаажны үр дүнд төр засаг шалдаа бууж энэ оны нэгдүгээр сарын 24-ны өдөр АИ-92, А-80 бензиний онцгой албан татварыг тэглэх шийдэлд хүрч  дахин үнэ нэмэгдэхгүй хэмээн үзэж байв. Тухайлбал, салбарын сайд Д.Сумьбаязар энэ сарын 6-ны өдөр дараах тайлбарыг олон нийтэд өгч байв. Тэрбээр  "Одоо ахиж шатахууны үнийг нэмэхгүй, буурах ёстой. Өмнөх шиг худлаа хэлбэл би хариуцлага тооцож чадна” гэж байв. Тэгвэл эрхэм сайд аа, баяр наадмын өмнө шатахууны үнэ нэмэгдэж олон хоног өнгөрлөө. Та хаана, хаагуур явна вэ. Ингэж хэлэхийн учир нь шатахууны үнэ, хангалт нийлүүлэлтийг та хариуцах  чиг үүрэгтэй  төдийгүй шатахууны үнэ нэмэгдэхгүй гэх  баталгааг  гаргаж байсан хүн нь та байсан учраас таныг эрж сурж байна. Түүнчлэн  уншигчид санаж буй бол өнгөрсөн нэгдүгээр сард шатахуун нэмэгдсэний дараа  Д.Сумъяабазарнийн зөвлөлөө би тэргүүлэхгүй бол болохгүй юм байна хэмээн  шатахууны үнийн зөвлөлөө ахалж эхэлсэн ч нөхцөл байдал дээрдсэнгүй улам дордчихлоо.

Юутай ч импортлогчид төрөөс давсан шийдвэр удаа дараа гаргаж Шударга өрсөлдөөний хууль, Зөрчлийн хууль зэргийг ноцтой зөрчиж байхад яагаад тэдэнтэй хариуцлагын асуудал ярихгүй байна вэ.  Даварсан шатахууны олигархуудад хяналт тавих ёстой Ерөнхий сайд, МХЕГ, ШӨХТГ зэрэг холбогдох албан тушаалтнууд яагаад бензиний үнийн өсөлтийн хажуугаар дуугүй өнгөрч импортлогчдын аясаар нь хөдөлнө вэ.

Наадмын өмнөхөн ШТС-уудад АИ-92 бензинийг 1830 төгрөг болгосон. Энэ асуудлаас болж иргэд бухимдаж, ногоон гэрэл асах үед гарцан дээр эсэргүүцлийн лоозон барин жагсаж цагдаатай шөргөөцөлдөөд ч авсан. Гэтэл тэр үед төрийн томчуудын дундаас импортлогчидтой хариуцлага тооцох тухай нэг ч үг сонсогдоогүй. Наадам өнгөрсний дараа ч ШТС-ууд баруун аймгуудад бензиний үнийг нэмж, өдгөө Увс, Ховдын захын сумдаар АИ-92-ыг 2000 төгрөгөөр борлуулж байгаа. Алс хязгаарын сумд битгий хэл Булган, Сэлэнгэд аймгийн төвөөс бусад газарт АИ-92 1870 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Эцэст нь хэлэхэд Д.Сумьябазар сайд аа,  шатахуун нэмэгдсэн талаар хэзээ тайлбар өгөх вэ гэж дахин, дахин  асуумаар байна. Мөн олон нийтийн нүдэн дээр  сав л хийвэл бусдыг зандарч, шударга ёс, зарчимч байдлыг шаардаж байдаг У.Хүрэлсүх ч энэ асуудлаар ам нээх ёстой болов уу.

ЭХ СУРВАЛЖ: ERENNEWS.MN