|

У.Хүрэлсүхийг "айлгах төлөвлөгөө" амжилт олох болов уу даа?

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн анх хөтөлж, МАН-д, улс төрд оруулсан гэгддэг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "60 тэрбум"-ын гэх хэргээр нээлттэй сонсгол явуулахыг УИХ-ын дарга М.Энхболдоос удаа дараа шаардаж, улмаар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах шаардлага гаргаад буй билээ. 

У.Хүрэлсүхийг "айлгах төлөвлөгөө" амжилт олох болов уу даа?

7 сарын 10-нд УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн уг шаардлагад : "Төрийн албыг арилжаалсан "60 тэрбумын” зэрэг авлига, албан тушаалын томоохон асуудлууд Авлигатай тэмцэх газарт очоод замхран дарагддаг, тус газрын дарга Х.Энхжаргал авлигатай тэмцэх үүрэг бүхий төрийн тусгай байгууллагын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж чадахгүй байгаа тул цаашид уг албан тушаалыг хаших боломжгүй гэж үзэн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага" гэсэн билээ.
Өөрөөр хэлбэл  уг шаардлагын гол бай нь  АТГ-ын дарга Х.Энхжаргал болсон юм.
Ингэмэгц АТГ өөрийн дарга Х.Энхжаргалаа өмгөөлөн, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд  хариуцлага тооцохыг шаардсан бичгийг УИХ-д хүргүүлжээ.
 
УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулж, АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах  санал гаргаад буй УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Я.Содбаатар, Л.Элдэв-Очир, Л.Энхболд нарыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн фракцийнх гэдэг, мөн Эрчим Хүчний Сайд Ц.Даваасүрэн, Эрүүл Мэндийн Сайд Д.Сарангэрэл, Уул Уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар,  Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайд Н.Цэрэнбат нарын Засгийн Газрын гишүүд ч дэмжиж, гарын үсэг зурсан байсан билээ. Иймээс ч АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах ажлыг УИХ-ын дээрх гишүүд Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн заавраар хийж байгаа гэх яриа улс төрийн хүрээнд нэгэнт ил болсон.
Үүнийг батлах гэсэн мэт нэгэн үйл явдал өчигдөр болов.

Тодруулбал Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шадар туслахаар олон жил ажилласан, "МИАТ" ТӨХК-ий дэд захирал Н.Энхбаатарыг АТГ  бусдаас 600 сая төгрөгийн авилга авсан хэргээр албадан саатуулсан аж.
Өмнө нь  2014 оноос эхлэн мөн л тухайн үед Ерөнхий сайд, АН-ын дарга байсан Н.Алтанхуягийн зөвлөх, туслах, гэр бүлийнхнийг авилгалын хэргээр АТГ-ынхан шалгаж, улмаар шүүхээс ял оноон, эцэст нь Н.Алтанхуяг огцорч байсан билээ. Тун танил энэ сценари ийнхүү 2018 онд дахин давтагдаж эхлэв. Гэхдээ энэ удаад  Монгол Улсын Ерөнхий сайдыг  "айлгах төлөвлөгөө" амжилт олохгүй байх магадлал өндөр бололтой. Тодруулбал Ерөнхий сайд У.Хүрэлсүх ойр тойрныхондоо: " АТГ-ынхнаас айгаад байх юмгүй, бууж өгөх ч үгүй, эцсээ хүртэл үзнэ, Засгийн Газрыг огцруулсан ч намын даргын хувьд ээлжит бус их хурал зарлаж, жинхэнэ хувьсгал хийх болно" гэж итгэл төгс хэлсэн тухай эх сурвалжууд өгүүлж байна.
 
П.Мандах
ЭХ СУРВАЛЖ: SONIN.MN
http://www.sonin.mn/news/politics-fb-bot/93235