|

Зам тавих гэж "гурилддаг" юм байна

Өнгөрсөн өдрүүдэд үргэлжлэн орсон бороо авто замын бүтээн байгуулалтын насжилт, зам засвар арчлалтын компаниудын ажлын чанарыг шалгалаа. Тэд зам тавих гэж үнэндээ  "гурилддаг” юм байна.

Хотын даргын санаачлагаар нийслэлчүүд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх шөнийн "Гэрэлт гудамж”-тай болсон. Уг гудамжийг шинэчлэн шатрын хөлөг мэт эрээнээр будаж эхэлсэн.  Гэтэл ганц шөнийн /2018.07.26/ үргэлжлэн орсон бороонд өнөөх гоёмсог эрээн будаг юу ч үгүй урсчихсан. Ганц удаагийн бороонд урсчих будгийн ажлыг хийхийн тулд таван өдөр зам хааж, 16 сая төгрөг зарцуулсан. Улсаас, нийслэлээс мөнгө гараагүй, "Жоби төв” өөрийн санаачлага, хөрөнгөөр энэ ажлыг хийж гүйцэтгэсэн. Харамсалтай нь борооны ая даасангүй гэдгийг ерөнхий менежер нь хэлсэн. "Бороо орохыг тооцоолоогүй юм уу” гэхэд "Ийм ширүүн бороо орно гэж бодоогүй” гэх...

Дараа нь Өмнөговь аймгийн Даланзадгадаас Баяндалай хүрэх чиглэлийн хатуу хучилттай авто замын 58-60 километрт 30 орчим метр газар 2018 оны 07 дугаар сарын 27-28-ны шөнийн орсон борооны улмаас эвдэрсэн. Зам захаасаа нураад бороонд урсчихжээ.

 

Мөн өмнө нь Төв аймгийн Борнуур сумын нутаг, Дархан чиглэлийн замд буюу УБ хотоос 103-104 дэх км-т түр зуурын усархаг бороо орсны улмаас замын зорчих хэсэгт их хэмжээний ус, шороо орж тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцох боломжгүйд хүрсэн нь саяхан. Энэ чиглэлийн зам "там” болж, олон хүн автын ослоор хорвоог орхиж байгааг хүмүүс мэднэ. Түүнчлэн Хойд чиглэлд үргэлжлэн орж буй усархаг борооны улмаас Төв аймгийн Борнуур сумын гүүр үерт автаж суулт өгсөн.

 

Бороонд будаг нь, замын тал нь урсчихсан, гүүр нь "нурсан” зэргээс үзэхэд Монголчууд бороонд "барьц” алдчих гээд л байна. Борооны ус даадаггүй замын хашлага, хавтан гэж юу байхав. Барьж байгуулсан компанийн л хийж гүйцэтгэсэн "царай” энэ. "Нүгэлийн нүдийг гурилаар хуурна” гэгчээр дарга гүйцэтгэгч хоёр нэг нэгнээ эвлэгэхэн "хулхидсаар” эцэст нь иргэдийн амьдрах орчинд аюултай байдал үүсч байгааг хаа хаанаа ойлгох хэрэгтэй.

Зам яагаад муу баригдаж, амархан гэмтдэг талаар Зам тээврийн хөгжлийн төвийн захирал асан "Зам засвар, арчлалтын компаниудад зам засах мөнгө, төсөв өгөхдөө замын эвдрэлийг харж өгдөг. Замчид бол "нүх тоолох” гэж ярьдаг. Ингээд хэр их эвдрэлтэй түүнээс хамаараад улсаас мөнгө өгнө. Гол нь арчлалтын компаниудад замын эвдрэлийг харж хөрөнгө өгдөг нь маш буруу бодлого, тогтолцоо. Яагаад гэвэл тухайн компани ажлаа үргэлжлүүлэхийг хүснэ, улсын төсвөөс мөнгө авахаа бодох учраас хатуухан хэлэхэд зам эвдрээсэй гэж бодож анхнаасаа муу зам тавина. Ингэж байж улсын төсвөөс тэнд гэмтэл гарсан гэж мөнгө гаргуулж авдаг. Ингээд улсын төсөв мөнгө багатай бол бага хуваарилж, янзалсан болоод дахин эвдрэхдээ маш амархан юм хийгдээд байгаа юм” хэмээж байсан удаатай. Тиймээс л зам засварын ажил гүйцэтгэсэн "нөхдүүдэд” эргээд хариуцлага тооцдог, эвдэрсэн замыг буцаан завсарлуулж, эзний ёсоор харж, арчилдаг болгомоор байна.

Энэ мэтчилэн хайран татварын мөнгө гэж халагламаар дутуу гүйцэтгэсэн ажлын чанарыг "БОРОО” л шалгачихлаа.

Өнөөдөр зам цөмөрлөө. Маргааш юу цөмрөхийг таашгүй. Тиймээс ажил гүйцэтгэгч компаниуд тендерт шалгарах гэж төслөө танилцуулахдаа хэлсэн, амласан шигээ хийж хэрэгжүүлдэг баймаар байна. 

 

Г.Сүрэн

Эх сурвалж: http://www.shuud.mn/a/499362