|

ЗОРИУЛАЛТЫН БУС САВАНД ХҮНСИЙГ УДААХ ТУСАМ УЛАМ ИХ БОХИРДДОГ

ЗОРИУЛАЛТЫН БУС САВАНД ХҮНСИЙГ УДААХ ТУСАМ УЛАМ ИХ БОХИРДДОГ

 

Улаанбаатар хотод 380 мянга гаруй өрх амьдардаг. Үүнээс 90 орчим хувь нь хуванцар сав хэрэглэж байна. Нэг өрх дунджаар 20-100 л багтаамжтай 3-4 ширхэг хүнсний зориулалтын бус сав хэрэглэж байгаа гэсэн судалгаа өнгөрсөн жил гарсан байсан.

Нийт айлын 90 орчим хувь нь хүнсний хэрэглээндээ хуванцар сав ашиглаж, хоол ундаа хийж, хадгалдаг байна. Ихэнх нь зориулалтын бус сав. Зөөврийн устай айл болгон эчнээ танил шар, цэнхэр хуванцар саванд усаа зөөдөг.

Хөдөө бол иймэрхүү савыг элэгдтэл өнгийг нь гандтал ус зөөж, хийж хэрэглэсэн байдаг. Гэтэл энэ сав бидний эрүүл мэндэд ямар их хортойг тэр бүр мэдэхгүй болов уу. Байнга хэрэглэвэл хэдэн жилийн дараа хорт хавдар үүсгэдэг гэдгийг мэдэхгүй хүмүүс олон бий.
 
Сүүлийн үед айраг, сүүг зориулалтын бус саванд хийж худалдаалдаг болсон. Зориулалтын бус саванд хүнсийг удаах тусам улам их бохирдоно, химийн хорт нэгдэл нь хүнсэнд шингэдэг байна.
 
Та бидний сайн мэддэг айрагны цэнхэр саванд ус, сүү, айраг хийж 24 цаг болсны дараа дээж авч шинжилгээ хийхэд хар тугалгын хэмжээ байх ёстой хэмжээнээсээ гурав дахин их болохыг тогтоосон байна. Энэ нь хожим хорт хавдар үүсгэдэг. 

Хуванцар савны ёроолд 1, 4 гэсэн дугаар байвал халуун ус, хоол хийхийг хориглоно. Мөн 5 дугаартай хуванцар саванд хүнсний бүтээгдэхүүн болоод халуун зүйл хийж болно. Харин 2, 3 дугаартай бол хавдар үүсгэх аюултай. 7 дугаартай бол хүнсэнд хэрэглэхийг хориглодог гэдгийг мэдэж байхад илүүдэхгүй болов уу.  
 
Манай улс сав, баглаа боодлын нийт хэрэглээний 30 орчим хувийг дотоодын үйлдвэрлэлээр, 70 хувийг импортоор хангадаг байна. Нийт хуванцар савны 90 хувийг БНХАУ-аас импортолсон сав эзэлдэг ажээ.

Хуванцар сав хүний эрүүл мэндэд хор нөлөөтэй талаар мэдээлэл гарах болсон ч хүмүүсийн хэрэглээ буурахгүй байна.

О.Сайхан
Оллоо.mn