|

Сонгуулийн хуулийг сонгуулиас өмнө дахин өөрчилж магадгүй боллоо


Санаатай, эсвэл санамсар­гүй байдлаар Сонгуулийн тухай хуульд нэгэн заалтыг орхигдуулсан нь одоо үр дагавар дагуулах нь. Тэр нь юу гэвэл, "Ээлжит сонгууль болохоос зургаан сарын дотор Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн уламжлалт заалт.

Энэхүү чухал заалтыг орхигдуулсан нь зориудын хэрэг байсан эсэх тухайд хариулт өгөх үйл явдал өрнөөд эхэлжээ. Тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг АН-ын нэр бүхий гишүүдийн зүгээс санаачилсан байна. Тодруулбал, Засгийн газрын ээлжит хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн боловсруулсан Сонгуулийн тухай хуулийн төсөл болон УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай төсөл, мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн санаачилсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, саналаа хүргүүлэх аж. Өөрөөр хэлбэл, орхигдсон заалтыг овжиноор ашиглах санаархлууд ийнхүү цухалзаж эхэллээ.

Бушуу туулай борвиндоо баастай гэгчийн үлгэрээр цагийг нь тулгаж, яаран сандран баталсны балаг ийн тодорч байна. Хууль батлахын өмнөхөн дээрх заалт орхигдсоныг мэдсэн ч цаг хугацааны хувьд буцаан оруулах боломж байгаагүй гэдэг. Ингээд сонгуулийн хуулийг дуртай цагтаа өөрчилж болох нөхцөл бүрдсэн. Тухайн үед УИХ-ын гишүүн А.Бакей "Энэ заалт орхигдсоныг хэн ч анзаараагүй” гэдгийг мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн Р.Бурмаа "Энэ заалтыг зориуд хассан. Хуулийн тухай хуультай нийцүүлсэн.

Тэр хуульд зааснаар бол хэр баргийн Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн бариад, УИХ хүлээж аваад хэлэлцэхгүй” гэх байр суурийг илэрхийлсэн байдаг. Гэхдээ хуулийн цоорхой бол нээлттэй орхисон хаалга гэсэн үг. Хэн ч тэр хаалгыг онгойлгоод ороод ирж болно. Хуулиар хориглоогүй бүхэн боломжтой гэдэг зарчим үүнд хэрэгжих нь мэдээж шүү дээ. Тэр ч ёсоор нэгэнт батлагдаад буй Сонгуулийн тухай хуулийг дахин өөрчлөх, нэмэлт өөрчлөлт оруулах боломжийн хаалга руу улстөрчид аль хэдийнэ шагайлдаад эхлэв.

Уг нь сонгууль болохоос зургаан сарын доторх хугацаанд Сонгуулийн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж байсан түүх байхгүй. Үүнд олон шалтгаан бий. Сонгууль ойртсон үед хуулиа өөрчлөхийг хориглодог хамгийн гол шалтгаан нь хууль батлагчид өөрсдийн ашиг сонирхлоо тусгасан байдлаар жижиг жижиг өөрчлөлт, засвар оруулах боломжийг хязгаарладаг. Сонгуулийн өмнө хуулиа өөрчилдөг жишиг Монголд тогтсон. Уг нь парламент болгон бүрэн эрхийнхээ хугацаанд Сонгуулийн тухай хуульд заавал гар хүрэх ёстой гэсэн зарчим байхгүй. Гэтэл дөрвөн жил тутам энэ хуулиа өөрчилдгийн учир бол ерөөсөө л тухайн үеийн хууль батлагчид дараагийн УИХ-д дахин сонгогдох илүү боломжуудыг тусгаж өгдөгтэй холбоотой. Тэд хууль батлах, өөрчлөх эрхээ ашиглаж өөрсдөдөө давуу боломж олгохын төлөө байдаг нь нэгэнт нууц биш. Тэгвэл тэд энэ эрхээ сонгууль болохоос өмнө дахин ашиглахгүй гэх ямар баталгаа байна вэ. Хуулиар хориглоогүй боломж нь тэдэнд байгаа.

Сонгуулийн хууль өөрчлөгдөх бүрдээ сайжирч чадсан эсэх нь харин эргэлзээтэй. Энэ удаагийн сонгуулийн хуульд дөрвөн ч хувилбарыг нэгтгэсэн гэдэг ч дээрхийн адил орхигдсон, эсвэл зориуд гээгдүүлсэн цоорхой байж мэднэ.

Сонгуулийн хуульд ямар нэгэн өөрчлөлт оруулахгй байх тухай тусгайлан заагаагүй тул хуулийн цоорхойг С.Одонтуяа гишүүн хамгийн түрүүнд ашиглалаа гэж харж байна. Түүний Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь эмэгтэйчүүдийн квотын талаар орхигдсон заалтыг нэмж оруулах талаар ажээ. Өөрөөр хэлбэл, нийслэл болон орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдийн квотын хэмжээг тусгаж өгөөгүй баталсан байна. УИХ-ын сонгуульд нам, эвслээс нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэй байна гэж заасан атлаа нийслэл, орон нутагт энэ хэмжээг тусгаж өгөөгүй гэсэн үг юм. Тиймээс энэхүү заалтыг бас л мартсан, орхигдуулсан, алин болохыг мэдэхгүй ч өөрчлөлт оруулах боломж байгаа нь ийнхүү завшаан боллоо.

Батлагдаад буй Сонгуулийн тухай хууль өөрчлөгдөх бас нэгэн сэжим нь тус хуулийн зарим нь Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд очоод буй гомдол юм. Хэрвээ ҮХЦ-ээс энэ гомдлыг нотолсон тохиолдолд УИХ цэцийн дүгнэлтийг хэлэлцэхэд хүрнэ. Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авч болно. Тэр тохиолдолд холбогдох нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн үг юм. Тиймээс ирэх өдрүүдэд Сонгуулийн хуультай холбоотой нэлээдгүй улс төрийн үйл явдал өрнөж мэдэхээр байна.

Сонгуулийн тухай хуулийн эргэн тойрон дахь энэ мэт зөрчил, бүдэг ойлголтуудыг цэгцлэхгүй бол сонгуулийн үйл явцад хүндрэл үүсч болзошгүй. Тоглоомын дүрэм тодорхой болоогүйгээс үүдэлтэй хямрал улс төрийн хүрээнд үүсэхээс гадна сонгогчдын ойлголт, сонголтод зөрүү гарах ч эрсдэлтэй. Улс төрийн тогтвортой байдал, сонгуулийн хэвийн үйл ажиллагааг хангах нь төрийн үүрэг. Тийм атал зүгээр нэг анзааргагүй мартаж орхисон заалтныхаа горыг амсаж, хуулиа дахин өөрчлөх, үгүй гэхэд улс төрийн янз бүрийн тоглолтууд өрнөх боломжийг бүрдүүлж өгсөн нь тун таагүй. Ацаг шүд ч алдах эрхгүй хуулиас бүхэл бүтэн нэг заалт гээсний балаг бага байгаасай гэж найдъя.

Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломжтой юу?

Ингээд Сонгуулийн хуулийг сонгууль болохоос зургаан сарын өмнө өөрчилж болохгүй гэх заалт хасагдсанд тухайн үед Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, төсөл боловсруулах ажлын хэсгийн дарга Р.Бурмаа нар ямар тайлбар өгч байсныг сонирхуулъя.

А.Бакей: Тэр заалт байхгүй байгааг хэн ч анзаараагүй

-Сонгууль болохоос зур­гаан сарын өмнө аль ч шатны сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй гэдэг заалтыг холбогдох хуульд тусгаж ирсэн ч энэ удаад УИХ Сонгуулийн хуулийг батлахдаа эл заалтыг оруу­лаагүй гэх яриа байна. Р.Бурмаа гишүүний боловс­руулсан Сонгуулийн хуульд угаасаа энэ заалт байгаагүй юм уу, байсныг нь хэргээр ажлын хэсгийн төвшинд хасчихсан юм уу?

-УИХ-ын намрын чуул­ганаар баталсан Сонгуулийн хууль нь бараг дөрвөн ч шатны сонгуулийн хуулийн нэгдэл юм. Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сон­гууль, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сон­гох сонгуулийг нэгтгээд тус бүрийнх нь онцлогийг тусгасан. Энэ хуулийн төслийг Р.Бурмаа гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг боловсруулаад УИХ-д өргөн мэдүүлсэн.
Уг төсөлд угаасаа "Ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй” гэдэг заалт орж ирээгүй. Хуучин мөрдөж байсан хуулиудад бол тийм заалт байсан. Өргөн мэдүүлсэн хуульд тэр заалт байгаагүй, нэгэнтээ ажлын хэсгийн хүрээнд энэ асуудал яригдаагүй учраас тэр чигтээ явсан.

-Тэгэхээр ийм заалт хуульд байхгүйг эхнээсээ мэдээгүй, гишүүд санал гаргаагүй учраас санаа ч үгүй гэсэн үг үү?

-Ний нуугүй хэлэхэд УИХ-аар Сонгуулийн хуулийн хэлэл­цүүлгийг хийх шатанд ч гишүүд ийм заалт байсан, байгаагүйг анхаараагүй, мэдээгүй.

-Тэгэхээр  маш чухал заалт орхигдсоныг хэзээ мэдсэн гэсэн үг вэ. Сонгуулийн хууль батлагдаад эцсийн найруулга сонссоны дараа л мэдэж гэж ойлгож болох уу?

-Тийм.

-Одоо тэгэхээр яах вэ. Сонгуулийн хуульд хэзээ ч өөрчлөлт оруулж болзошгүй нөхцөл байдал үүсч, дарх­лаагүй болгочихсон биш үү. Парламентад суудалгүй намууд "Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах ёстой” гээд мэдэгдэл хийгээд байгаа. Өмнө нь суулгаж ирсэн заалтыг орхигдуулсны ха­риуцлагыг хэн хүлээх вэ?

-Сонгууль дөхсөн үед Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь тийм амар биш. Яагаад гэвэл УИХ-д байгаа нам, эвслийн бүлгүүд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломжийг улс төрийн талаасаа олгохгүй. Дураараа загнадаг хууль биш шүү дээ. Амар өөрчлөхгүй.
www.news.mn 2016.02.18

Р.БУРМАА: Тэр заалтыг оруулах шаардлагагүй гэж ажлын хэсгийн гишүүд үзсэн

-Сонгуулийн ту­хай хуульд өөрч­лөлт оруулах бо­ломжтой, сийм­хий гараад бай­на гэх асуудал үүсээд байна. Үнэ­хээр ийм бо­ломжтой юм уу? 

-Сонгуулийн хуульд ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Сон­гуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна гэсэн заалт  ороогүй  нь  үнэн.  Хуулийн тухай хуультай холбоотойтоор энэ заалтыг хассан гэж ойлгож болно. Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулж байхад Хуулийн тухай хууль батлагдаад хоёрдугаар сарын 10-наас хэрэгжиж эхлэхээр болсон байсан учраас Сонгуулийн тухай хуультай нийцүүлсэн.

-Хуулийн тухай хуульд зааснаар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах боломжгүй гэсэн үг үү?

-Хуулийн тухай хуульд зааснаар бол хэр баргийн хуулийн төслийг өргөн бариад, УИХ хүлээж аваад хэлэлцэхгүй. Талуудын оролцоог хангасан, хэлэлцүүлэг хийсэн гээд олон шалгуурыг хангаж байж хууль батлахаар тусгасан. Мөн Хүний эрхийг хангах УИХ-ын тогтоолд зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалт хүчинтэй байгаа. Тиймээс заавал Сонгуулийн нэгдсэн хуульд зургаан сарын өмнө хуульд өөрчлөлт оруулна гэсэн заалтыг оруулах шаардлагагүй гэж ажлын хэсгийн гишүүд үзсэн.

www.itoim.mn 2016.02.22

Д.Дамдинжав

Эх сурвалж: "Ардын эрх" сонин