|

СУДАН УЛСАД ХАЧИН ЖИГТЭЙ ЗҮЙЛ ИХ

СУДАН УЛСАД ХАЧИН ЖИГТЭЙ ЗҮЙЛ ИХ

 

Хүн төрөлхтөний өлгий нутаг болсон хар тивийн тухайд бичих сонин бишгүй. Биднээс цаг агаар, уур амьсгал, улс төрийн байдал, шашин шүтлэг, ёс заншил гээд маш олон зүйлээрээ тэс өөр энэ тивийн ард түмний дундаас БНӨСУ-ын иргэдийн талаар бичих сонин бүр ч их. Динка, Нуэр, Шилүк, Мангаяат зэрэг нийт 64 том, жижиг овог, ястан нийлсэн 10 гаруй сая хүн ам энэ улсад оршин суудаг. Ер нь Судан улсыг бүрдүүлэгч гол овгуудыг дэлхийн хамгийн өндөр хүмүүс гэж тооцох нь ч бий.

Өөрөөр хэлбэл 13-17 настай хүүхдүүдийн дундаж өндөр нь 170 см байдаг нь ингэж дүгнэх үзүүлэлт болдог. Би тус улсын Бентью хотод жил гаруй хугацаанд амьдарч, үүрэг гүйцэтгэсэн. Анх хөл тавьсан эхний өдрөөс эхлээд эх орондоо буцах хүртэл хар тивийн юм бүхэн надад хачин жигтэй санагдсан хэвээр байсан гэдгийг дурдах нь зүйтэй.

Эцэж цуцашгүй Динка омгийнхон

Манай батальоны энхийг сахиулагчид Бентью хотоос холгүйхэн газарт агаараас хүнс буух талбайг бэлтгэж хамгаалалтдаа авдаг. Өглөө 7 цагаас үдшийн бүрий хүртэл "Дэлхийн хүнсний хөтөлбөр” байгууллагаас уут уутаар нь соргум будааг "тэнгэрээс хаядаг”. Онгоцноос газарт унасан будааг ачааны автомашин руу зөөж оруулах үүргийг орон нутгийн залуус хөлсөөр хийнэ.

Тус бүр нь 50 кг-аар савлагдсан будааг өдөржингөө мөрлөн машины тэвшинд ачих залуус үнэхээр тэвчээртэй санагддаг байлаа. Нохой гаслам өдрийн ид халуун цельсийн 50 хэмийг заана. Манай цэргүүдэд ч энэ их халуунд өдөржин зогсохдоо даралт ихсэж, ухаан алдах тохиолдол элбэг байлаа. Харин нутгийн залуус улам л өнгө ороод жавхаажаад байх нь тэр. Бүр өдөржингөө тийнхүү ажиллахдаа уснаас өөр юу ч ууж, идэхгүй "шийр зуун” байгаа нь тэсвэртэй, бяр тэнхээтэй улс юм гэж бодуулахад хүргэж байсныг нуух юун.

Бидний хувьд өдрийн 01 цагаас эхлэн 15 минутын хугацаатай ээлжлэн солигдож хооллодог байлаа. Нэг нэгээрээ машины сүүдэрт сууцгаан нуугдан байж хооллох хооронд нутгийн залуус хөдөлмөрлөсөөр байх нь үнэхээр өрөвдмөөр санагддаг байв. Идэж, ууж байгаа юмнаасаа жаахан ч гэсэн хуваагаад өгчихгүй гэж уншигч та бодож магад. Гэвч тийм үйлдэл гаргавал НҮБ-ын энхийг сахиулагчдын дотоод журмаар заасан заалтыг зөрчөөд зогсохгүй байдлыг нэлээд хурцатгаж ч магадгүй юм.

Учир нь нутгийн хэн нэгэнд өөрийнхөө хүнснээс юм уу эдэлж хэрэглэж байгаа зүйлсээсээ бэлэглэвэл түүнийг харсан өөр нэгэн нь мөн адил өгөхийг шаардана. Надаас бэлэг авсан хүний зүйлийг бусад нь булааж авахаар санаархана, тэгээд зодоон цаашлаад хүний ч амь эрсдэх байдал үүсдэг учир бид хэзээ ч тийм үйлдэл гаргаж болохгүй. Мөн 500-800 метрийн өндрөөс унасан шуудайны амсраас асгарсан жаахан будааг газраас түүж авах гэж орон нутгийн иргэд сав суулгаа барин гараанаас гарах гэж буй тамирчин мэт зогсоно.

Орой 19 цагийн үед бүх будааг автомашинд ачиж дууссаны дараа манай цэргүүд хамгаалалтаа буулгана. Яг энэ үед нутгийн иргэд гараанаас гарч, маш хурдтай гүйнэ. Голдуу залуу эмэгтэйчүүд, хүүхдүүд байх бөгөөд тэд газраар тарсан ширхэг будааг ч үлдээлгүй түүж, савандаа хийхээр улайран уралдаж байгааг харахдаа ямар их аз завшаанаар монгол гэх тийм сайхан баян тансаг орны эзэн нь болж төрөв өө гэж бодогддог байж билээ.

Жихүүдэс хүргэм "Комодо луу”

Дээр дурдсанчилан энэ тивийн амьтан ургамал нь ч хүртэл хачин жигтэй. Тэр дундаа аварга том хэвлээр явагчид бидэнтэй хамт манай баазад үүрэг гүйцэтгэх нь бүр ч хачирхалтай шүү. Борооны улиралд маш их хур тунадас орж, хөрс ихээр нурдаг учраас цэргийн байр бүрийг газраас хөндий угсардаг. Харин энэ байдал нь комодо луу "komodo dragon”-д маш сайхан сүүдэр болж, өндгөө дарж амьдрахад нь таатай үүр болдог.

Толгойноос сүүл хүртэл ойролцоогоор 3 метр урт, 100 гаруй кг жинтэй энэ аварга амьтныг харсан хэн ч сүрдэхгүй байхын аргагүй. Шөнө унтахаар хэвтэх үед байшингийн шалны доор хяран хэвтэж, хүрхрэн амьсгалах нь үнэхээр жихүүдэс хүргэдэг байлаа. Чухам юугаар хооллодог болохыг нь мэдэхгүй ч бид хүний газар, амьтан ургамлыг нь оролдоод яахав гэсэн монгол хүнийхээ сүшиг биширлээр ханддаг байсан болохоор энэ аварга хэвлээр явагч бидэнд ямар ч хор хүргээгүй юм даа.

Толгой дээрээ гэрээ багтаадаг судан эмэгтэй

Монголчуудын домогт Эрхарцага ижийгээ гэртэйгээ үүрээд нутгаа орхин явдаг тухай гардаг шүү дээ. Мэдээж энэ бол домог, харин Суданд бол бодит зүйл. Монголын энхийг сахиулагчдын хариуцлагын бүсэд Лийр хэмээх жижиг суурин багтдаг.Үндсэн баазаас маш бартаатай замаар 140 гаруй км явж уг сууринд очно. Цагийн байдлын хамгийн хүнд нөхцөлд, өдөр бүр л буудалцаан, хүний амь эрсдэж байдаг учраас биднийг тийш нь илгээсэн нь тэр.

Харин замдаа явж байхдаа толгой дээрээ төмөр ор, эд хогшил, хүүхдээ хамтад нь өргөөд аваад явж байгаа нутгийн эмэгтэйчүүдийг харснаа санаж байна. Цуваа түр зогсоод нэгэн эмэгтэйгээс хаашаа, яах гэж, ямар шалтгаанаар явж байгаа талаар нь асуухад, "Лийр сууринд амьдрахад үнэхээр хүнд, байнгын зэвсэгт мөргөлдөөн болж байгаа учраас бид НҮБ-ын дүрвэгсдийн хуаранд амьдрахаар зорьж яваа нь энэ.

Нутгаасаа гараад 3 хоног буудаллан алхаж явна. Хүүд минь жаахан ус байвал өгөөч” гэж тэр эмэгтэйг хэлэхэд харцанд нь цөхрөл гунигаас өөр юу ч байгаагүй юм. Бидний хамгаалдаг дотоодын дүрвэгсдийн хуарангийн гол халгуудаар толгой дээрээ бут өргөсөн хөгшин, залуу эмэгтэйчүүд чөлөө завгүй цувран орж, гарна. Бааз руу орох гол зам дагуу түр амсхийж байгаа олон эмэгтэйчүүдийг хаа сайгүй харж болно.

Тэд амраад босохдоо багцалсан бургасаа арай хийн толгой дээрээ тавьдаг. Нэг удаа туслах санаатай очиж, бургаснаас нь өргөхөд ойролцоогоор 40-50 кг хүнд байлаа. Ийм хүнд ачааг 15-20 км-ийн алсаас өргөж авч явна гэдэг судан эмэгтэйчүүдийг хэр тэсвэр хатуужилтай болохыг харуулах энгийн жишээ юм. Энэ улсад эмэгтэй хүн гэр, хашаагаа барина, хүүхдээ өсгөж хүмүүжүүлнэ, мод түлээгээ бэлдэнэ гээд бүх л ажлыг амжуулна.

Эрчүүд нь тэгээд юу хийдэг юм бэ гэж үү. Саглагар модны сүүдэрт элдвийг ярилцан өдрийг барах нь тэдний гол ажил. Хүйсийн хувьд ийм тэнцвэргүй байдалтай улс орны хөгжил нь ч гэсэн тэнцвэргүй байх юм даа. Энэ мэт тус улсын талаарх хачин жигтэй зүйлсийг бичээд байвал дуусахгүйээ.

 

39077815_245882246055172_3590772124664463360_n Судан улсад хачин жигтэй зүйл их
 
 
 

 

 

 

Capture-3 Судан улсад хачин жигтэй зүйл их