|

Цалингаа нэмүүлэхээс гадна сургалтын чанартаа анхаарцгаая !!!

Цалингаа нэмүүлэхээс гадна сургалтын чанартаа анхаарцгаая !!!

 

Засгийн газраас зарим төрийн албан хаагчдын цалинг тодорхой хувиар нэмэх шийдвэр гаргаад байна. Тодруулбал,  хамгийн бага цалинтай, ажиллах орчин нөхцөл хүнд салбарууд болох бага ангийн багш, цэцэрлэгийн багш, асрагч, сувилагч, соёл урлагийн салбарын ажилтан, албан хаагчдын цалинг өмнө нь байгаагүй хэмжээгээр нэмэгдүүлж, ангиллыг нь 1-2 зэрэглэлээр өсгөв.

Тэгвэл үүнтэй зэрэгцэж боловсролын салбарынхан эсэргүүцлээ илэрхийлж өнөөдөр зарим сургуулийн багш нар ажил хаялаа. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр ажил ийнхүү ажил хаясанд иргэд төдийлөн тааламжтай биш байгаа нь олон нийтийн сүлжээнд илэрхийлж сэтгэгдлүүдээс нь ил тод байна. Ажил хаяж буй шалтгаан нь мэдээж цалингаа нэмүүлэхтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын зүгээс төсөв санхүүтэйгээ уялдуулаад хамгийн боломжит хэлбэрээр нэмсэн дүн багш нарт таалагдсангүй бололтой.

Уг нь сүүлийн хэдэн жилийн турш цалин нэмэх нь байтугай цалингаа тавьж чадахгүй шахуу байсан улс орны эдийн засгийг сайжрах хэрээр нэн түрүүнд хамгийн бага цалинтай, хамгийн хүнд хөдөлмөр эрхэлдэг төрийн албан хаагчдынхаа цалин ийнхүү нэмэгдүүлсэн нь энэ Засгийн газрын хамгийн зөв шийдвэрүүдийн нэг байх. Үүнээс гадна өмнөх Засгийн газрууд шиг цалинг нэмэхдээ бүх хэсэгт хавтгайруулан дуслын төдий мөнгөөр нэмэхийн оронд энэ удаад дээрх чухал салбаруудаа нэн түрүүнд тордсон нь зөв шийдвэр байлаа.

Учир нь бага ангийн багш, цэцэрлэгийн багш, асрагч, сувилагч, соёл урлагийн салбарын ажилтан, албан хаагчдын цалинг бусад төрийн албан хаагчдын цалингаас арай их хэмжээтэй нэмж, дарга нараас бусад төрийн албан хаагчдын цалин мөн тодорхой хувиар нэмжээ. Ингэснээр улсын хэмжээнд 173 мянган төрийн албан хаагчдын цалин ирэх долоо хоногоос нэмэгдэж, ажилласан жилээсээ шалтгаалж ангилал нь 1-2 зэрэглэлээр өснө гэсэн үг. Цэцэрлэгийн багш, бага ангийн багш нарын цалинг 12.3 хувь буюу 88.000 орчим төгрөгөөр,  соёл урлагийн салбарын ажилтнуудын цалинг 14-32 хувиар, сувилагчдын цалинг 20-30 хувиар, дарга нараас бусад төрийн албан хаагчдын цалинг 8-10 хувиар нэмлээ.

Өөрөөр хэлбэл, яамны хэлтэс, газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, дэд сайд, сайд, УИХ-ын гишүүд, шүүх, прокурор, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, төрийн өмчит компанийн болоод сургуулийн захирлуудын цалинг энэ удаад нэмсэнгүй.

Мөн Засгийн газрын зүгээс хэдхэн өмнө 240 мянган төгрөг байсан цалингийн доод хэмжээг шинэчлэн тогтоож 2019 оны нэгдүгээр сараас цалингийн доод хэмжээг 320 мянган төгрөг, 2020 оноос 420 мянган төгрөг байхаар шийдвэрлэсэн. Ингэснээр үндсэндээ энэ удаагийн Засгийн газар эдийн засгийн сэргэлтийн үр шимийг хамгийн түрүүнд иргэдийнхээ цалин хөлсөнд шингээж амьжиргаанд нь анхаарлаа.

Дээр дурдсан шиг цалин нэмэх нь байтугай "мод”-оо барьчихгүй юмсан хэмээн өдөр хоногийг аргацааж, төсвийн бүх мөнгөө сонгуулийн өмнө шоу хийж тараагаад улсын төсвийг улайлгаж орхиод явсан үе ямартаа ч ард үлдэв. Энэ хичээлийн жилээс эхлээд төрийн албан хаагчдын цалин хөлс тодорхой хэмжээгээр өсөхөөр боллоо. Зүгээр ч нэг өсөхгүй өмнө нь байгаагүй их хэмжээгээр нэмэгдэж байна. Тэр ч байтугай ирэх жилээс төсөв, санхүүгийн нөхцөл байдал сайжирвал дахин нэмэх боломжтой гэдгийг У.Хүрэлсүхийн Засгийн газар илэрхийлээд байгаа юм.

Бага ч гэсэн нэмэгдэж, эдийн засагт "гэрэл” харагдаж эхэлсэн энэ өдрүүдэд асуудлыг улстөржүүлж, аливааг муулж гоочлох "Муухай Монгол” зангаа гаргаж суухын оронд оргүй хоосон байсан цалин нэмэх мөрөөдөл биеллээ олсонд талархаж суух нь зөв  болов уу. Магадгүй өнгөрсөн 4 жил шиг хамаг байдгаа өр зээлэндээ тавиад туучихсан. Ажилтай ч гэсэн орлогогүй хүмүүс Монголоор нэг байсан үе рүү буцахыг хүссэн үү. Санаатай, санамсаргүй байдлаар цалингийн нэмэгдлийг улстөржүүлж хичээлийн шинэ жилийн өмнө багш, эмч нараа ч, олон нийтийг ч гэсэн төөрөгдөлд оруулж суух нь улс орондоо хэрэгтэй "Цэвэр улс төр” лав биш.

Арай ядан сэргэж буй эдийн засгаа буцаагаад элгээр нь хэвтүүлье л гэвэл цалинг 50 хувиар нэмж, инфляцаа "тэнгэрт тулгах” болов уу. Аль ч төрийн албан хаагчид цалингийн нэмэгдэлтэй хөөцөлдөхийн оронд дор бүрнээ ажлын хариуцлагаа сайжруулах нь зүйтэй. Хэрэв тэгж чадахгүй бол улс орноор маань дүүрэн бичиг үсгийн чадваргүй хүмүүс алхаж, боловсролын систем улам дампууралд орж, төрлийн алба болсон төрийн албанд нь сахилга хариуцлага гэдэг үг түүх болон үлдэх нь байна. Эмнэлгийн салбар ч дутахгүй асуудалтай гэдгийг олон нийт цаг үргэлж шүүмжилсээр ирсэн гэдгийг санахад илүүц биз ээ.

Асуудал хэрхэн шийдэгдэхийг хамтдаа харцгаах л үлдлээ. Угтаа бол цалин хөлсөө нэмүүлж болно. Харин тухайн хөлсөндөө таарсан чанартай ажлын гүйцэтгэлтэй байх нь хамгийн чухал юмсан. Засгийн газар бол хамгийн боломжит хувилбараараа цалинг нэмлээ гэж мэдэгдээд байгаа билээ.

 Б.Анир