|

Чанараа өсгөхийг үнийн уналт шаардаж байна

Чанараа өсгөхийг үнийн уналт шаардаж байнаНҮҮРСЭНД НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭЭСЭН ТУРШЛАГААР БИД НИМГЭН
"Хэрэглэгч хаан” гэдэг зах зээлийн зарчмын дагуу манай олборлогчид худалдан авагчийнхаа хүслийг дагаж байна. Монголын нүүрсний цорын ганц гээд хэлчихэд бараг буруудахгүй худалдан авагч болох БНХАУ утаатай "дайн” зарласныг бид мэднэ. Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхий дахиныг гайхшируулж буй Хятад Улс агаарын бохирдол гэх аюулын харангатай нүүр тулаад удсан.

Тиймээс иргэдээ эрүүл, аюулгүй орчноор хангах, эх дэлхийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхийн тулд их гүрэн ногоон хувьсгалыг зоригтой хэрэгжүүлж байгаа. Хятадын төр бүр өнгөрсөн оноос утаа "үйлдвэрлэгч”-дэд төмөр нүүрээ харуулж эхэлсэн. Ялангуяа, ган, нүүрсний салбарынхныг хайр найргүй хааж, хязгаарлах болсныг дуулсан байх. Тэгвэл утааны эсрэг ээлжит шийдвэрээ өнгөрсөн долдугаар сард танилцууллаа. Тухайлбал, Хятадын гангийн түшиц Хэбэй мужийн гангийн үйлдвэрийн тоог 2020 он гэхэд хоёр дахин бууруулж, 30-д хүргэнэ.

Мөн нүүрсийг чанараар нь ангилан, ялгах бодлогоо үргэлжлүүлэхээ мэдэгдэв. Ийн манай "хэтэвч” болох Хятад улс чанараа өндөрсгөж байна. Худалдан авагчаа дагаад бид ч нүүрсний чанар, стандартаа сайжруулахаас өөр аргагүй. Тиймээс Монголын нүүрс олборлогчид дуу дуугаа авалцан нүүрс баяжуулах үйлдвэрийн ажлыг эхлүүлцгээсэн юм.

Монголын нүүрсний хамгийн том олборлогч, төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой” компани дотоодын компаниудтай хамтран баяжмал гаргах судалгааны ажил эхлүүлжээ. Харин Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй SouthGobi Sands, "Өсөх Зоос”, МАК-ийн үйлдвэрийн төслүүд амжилттай урагшилж байна. МАК-ийн үйлдвэр бараг дууссан бол "Өсөх зоос” компанийнх дунд шатандаа явна. Гэхдээ бид нүүрсээ түүхийгээр нь зарж байснаас нэмүү өртөг шингээн, боловсруулж байсан туршлагаар нимгэн.

Үнэнийг хэлэхэд, баяжуулах нь бүү хэл түүхий нүүрсээ ч хүссэн хэмжээндээ хүртэл борлуулж чаддаггүй.

Бас байсхийгээд л Монголын нүүрсний экспортод сорилт тулгарчихна. Энэ өдрүүдэд гэхэд нүүрсний экспортын гол "судас” болох гашуунсухайт боомтод автомашины 100 гаруй километр урт цуваа үүссэнийг та дуулсан байх. Уг нь нүүрсээ түүхийгээр нь бус баяжуулах бидний хүсэл бараг 20-иод жилийн өмнөөс эхэлсэн.

Гэвч "Энержи ресурс”-ийг эс тооцвол нүүрс экспортолдог энэ олон компаниас нэг нь ч баяжуулах үйлдвэр барьж чадаагүй. Уг нь нүүрс баяжуулах нь уурхайн амнаас түүхий эд борлуулахтай адилгүй. Нарийн технологи, чадварлаг боловсон хүчин нэхэхээс гадна тухайн үйлдвэрийг амилуулах эрчим хүч, усан хангамжийг давхар шийдэх хэрэгтэй болно. Боловсруулах үйлдвэрийн хаягдал нь хүртэл бодолцох хэрэгтэй нэг хүчин зүйл болдог.

• Хятадын гангийн түшиц Хэбэй мужийн гангийн үйлдвэрийн тоог 2020 он гэхэд хоёр дахин бууруулж, 30-д хүргэнэ.
• Мөн нүүрсийг чанараар нь ангилж, ялгах бодлогоо үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.
• Манайд нүүрс боловсруулах ердөө ганцхан үйлдвэр амжилттай ажиллаж байгаа.

Гэтэл манайд ердөө ганцхан компани эдгээр сорилтыг цогцоор нь шийдэж, бүрэн хэмжээний боловсруулах үйлдвэр амжилттай ажиллуулж байна. Тиймээс баяжуулах үйлдвэр байгуулахаар зорьж буй компаниудад ч зарим сорилт тулгарсаар байгаа аж. Монголын баялгийн үүц болсон Өмнийн говьд үйлдвэр байгуулахад ус, цахилгаангүйн гачлан бий.

Өнөө хэр энэ бүс нутагт ус болон эрчим хүчний хангамжийг найдвартай шийдэж чадаагүй. Эрчим хүчийг гэхэд өдгөө бусдаас гуйж, амь залгуулж буй. Усан хангамж ч ялгаагүй Өмнийн говьд шийдлээ хүлээсээр байна. Тухайлбал, "Өсөх зоос” компанийн баяжуулах үйлдвэрүүдийг бүрэн ашиглалтад оруулахад цахилгаан эрчим хүчний дутагдалтай нүүр тулжээ. Тиймээс БНХАУ-аас импортлохоор хэлэлцэж буйг эх сурвалж мэдээлэв.

                                           

Харин жилд нэг сая тонн нүүрс угаах хүчин чадалтай үйлдвэрбайгуулаад буй МАК компани нүүрс баяжуулахдаа гүний бус үерийн үеэр хуримтлагдсан нэг сая шоо метр усыг эхний жилүүдэд ашиглахаар төлөвлөж байна. Түүнчлэн төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой” компани ч ус хэмнэх технологийн шийдлийг эрэлхийлж байгаа аж.

Уг нь тус компанийн Цанхийн зүүн уурхайг түшиглэн барих үйлдвэрийн ТЭЗҮ гэхэд одоогоос бараг долоон жилийн өмнө бэлэн болсон. Гэвч өнөөг хүртэл бодит ажил болоогүйгээс олон жилийн өмнөх ТЭЗҮ өдгөө хуучирч, тооцоо судалгааг дахин хийхэд хүрчээ. Хэдийгээр хувийн хэвшлийн компаниуд нүүрсний чанар, үнэ цэнийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа ч сорилт бэрхшээл мундахгүй байна. Бас Монголын нүүрсийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох энэ санаачилгыг хувийн хэвшлийн компаниуд түүчээлж, үлгэр дуурайл болсоор байна.

Гэхдээ нүүрс борлуулагчдад цаг тун бага үлдчихээд байгаа. Учир нь олон улсын шинжээчдийн нэгдсэн тооцоогоор нүүрсний үнэ ирэх оны дунд үеэс унаж эхлэх төлөвтэй. Энэ нь компаниудын ашигт ажиллагаанд нөлөөлж, хөрөнгө оруулалтыг нь хязгаарлана. Бас нүүрсний салбарыг чиглэх хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллагын сонирхолыг ч бууруулна. Ийм түүх ч бий.

2010 оны эхээр нүүрсний үнэ тэнгэрт хадаж байхад баяжуулах үйлдвэрийн цөөнгүй төсөл эхлүүлсэн ч үнийн шуургатай нүүр тулаад, хэдэн жил гацсан. Тиймээс үнийн уналтаас урьдаж, чанар, үнэ цэнээ ахиулах шаардлага хувийн болон хувьсгалийн компаниудад тулгарч байна. Олон улсын зах зээл дэх үнийн уналтыг бид хойшлуулж чадахгүйгээс хойш цаг хугацаатай уралдан ажлаа урагшлуулах боломж олборлогчдын гарт бий.

Засгийн газрын мэдээ